top banner
Шуурхай мэдээ

"Их хотын хямдрал"-аар аж ахуйн нэгжүүдэд бодитой хямдрал зарлахыг уриалав


2017-10-13 16:11:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ сарын 22-нд Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхэлнэ хэмээн мэдэгдлээ.

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга “Зочин” уулзалтыг өнөөдөр зохион байгуулсан юм.

Уулзалтад  нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд болон НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр хотын дарга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах,  иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалав. Мөн үеэр дээрх  уриалгыг “Зочин” уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардууллаа.

Тус уриалгад, Эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх арга хэмжээний хүрээнд төр засгаас хэрэгжүүлж  буй бодлогыг дэмжин худалдаа, үйлчилгээний үнэ тарифыг бууруулж, нийслэлийн баярын өдрөөр хямдралтай, бэлэгтэй худалдаа, үйлчилгээ үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу энэ сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулах “Их хотын хямдрал-378” нэгдсэн арга хэмжээнд та бүхэн идэвхтэй оролцож бодит хямдрал, урамшуулал зарлан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж, хамтран ажиллахыг уриалж байна" гэв.

Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээ  7 хоногийн хугацаанд өрнөх аж.

Б.Заяа

Монгол брэнд