top banner

"Загвар өмсөгч" Санжаажавын Оюунтай...нэг үдшийг өнгөрөөв


2017-10-17 12:31:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ АЗ ХУР номын их дэлгүүрт" ЗАГВАР ӨМСӨГЧ" Санжаажавын Оюунтай уран бүтээлч нөхөд нь нэгэ норойг өнгөрүүлэв. Өнгөрсөн баасан гарагийн орой  түүний шинэ номын хурим болсон юм. МУСГЗ, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Санжаажавын Оюун эгч маань шинэ номынхоо хуримыг тун донжтой сайхан хийлээ.
Түүний номын хуримд Булганы Могодоор зогсохгүй монголын олон сайхан зохиолч, яруу найрагчид иржээ. Бүсгүй зохиолч найрагчид ч бараг эрчүүлээсээ давсан харагдав...Залуус ч хөгшдөөсөө давуу үзэгдэв...аргагүй ээ " Загвар өмсөгч" болох хүсэл залууст их байдаг даа!
С.Оюун бол монголын яруу найрагч эмэгтэйчүүдийн тархинд яваа , аргагүйл авьяасаараа ааглаж байгаа, уран бүтээлээ нас нэмэх тоолон цэцэглүүлж буй, цуцашгүй хөдөлмөрч, эцэшгүй бүтээлч хүн дээ!
Түүний хуримын цэнгүүнийг уран уншигч хүү, уянгалан дуулаач охин нээж байгаа нь ч гэрэл гэгээлэг ажгуу. БАГШ хэмээн цоллуулагч Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан авугай түүнийг хэрхэн шавь орсон, Горькийн сургуульд явахдаа Жагдалын Лхагваагийн хамт хэрхэн давтлага авсан, анхандаа Ардын жүжигчин, жүжгийн найруулагч, зохиолч Эрдэнэбатхааны Оюуны л хамт Яруу найрагч гэж цоллуулсан жижигхэн Санжаажавын Оюун гэж ердөө хоёрхон Оюун монголын зохиолчдын дунд нэрлэгддэг байсан атал одоо бол 200 гаруй Оюун болсныг ч ёжлонгуй дурслаа. Түүний амнаас түншсэн бөгөөд үнссэн үг олон л гарна лээ.
Мөн бараг хоёулхнаа зохиолч эрчүүд дунд хөтлөлцөн зовлон жаргалаа хуваалцаж явснаа Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа инээд ханиадтай ярилаа. Булган нутгийн зохиолч яруу найрагч хүүхнүүд Ханд вангийн охид гэж гайхуулдаг дээрээ нэмээд "Алмаз" уран бүтээлийн хамтлаг байгуулан 10 жил болсноо дурсан С.Оюунд шагнал өгч буй нь ч содон байлаа. МЗЭ-ийн шагналт Д.Ганчимэг, яруу найрагч, орчуулагч Лхамжав, яруу найрагч Цэрэннадмид нар хадаг хандиваа өгсөн нь тэр л дээ.Эдний цаана манай МОНЦАМЭ агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Б.Ганчимэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батцэцэг...гээд авьяастнууд олон бий. Мөн өөр ажил мэргэжлийн мөртөө Оюун эгчийн найз, шүтэн бишрэгчид ч зөндөө...ах дүүс үр ачис, зээ нь ч ирж цай цүй, дарс , хавчуургатай зоог барьж үйлчиллээ. ШУА- ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Гаадамбын Билгүүдэй, түвд судлалын салбарын эрхлэгч, яруу найрагч Д.Сумьяа, МУСГЗ зохиолч Ш.Ванчаарай, Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт Г.Баатарнум, Б.Цэрэнжамц, орчуулагч Ж.Оюунцэцэг, Л.Гэрэлмаа, Ц.Эрдэнэбилэг, уран уншигч МУГЖ Жагдаг охин Энхтуяатайгаа, яруу найрагч эмч Ж.Ганчимэг...гээд нэрлэвэл олны таних хүн зөндөө. С.Оюун эгчийн хань Нацагдоржийн шагналт яруу найрагч Дамдинсүрэнгийн БАЯНТУНГАЛАГ ах минь буурал үс, сахлаа намируулан сууна...утга зохиолын шүүмжлэгч доктор, яруу найрагч, зохиолч Пүрэвийн Батхуяг ч шаггүй үг хэлчихээд гарна лээ...Ер нь л С.Оюуны "Загвар өмсөгч" өгүүллэг, туужийн номыг унших хүсэл төрөхөөс гадна "Загвар өмсөгч" болох бодол тээцгээн гарах шиг болсон энэ оройн зочид...энэ зохиолын санааг товчхоон ухваас " Хувцас бурхан, бие чөтгөр" гээч санаанаас ч давсан санагдсан шүү...
 
Ж.Батсайхан

Монгол брэнд