top banner

Төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ


2017-10-18 11:05:23
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх ажлын чиглэлийг баталлаа.
Тодруулбал хуулийн төсөл, аймгийн хөгжлийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслүүдийг олон нийтэд мэдээлж, санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, үр дүнг мэдээлэх ажлыг зохион байгуулахад төрийн бус байгууллагын туслалцааг авах юм. Мөн төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, судалгаа шинжилгээ хийх, Шилэн дансны хуулийн дагуу хөндлөнгийн хяналт тавих, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төлөвлөлт, гүйцэтгэлд иргэдийн санал авах ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх аж.
Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг хэрэглэгчдээр үнэлүүлэх, төрийн суурь үйлчилгээнүүдэд олон нийтийн хяналт мониторинг хийх, аймгийн ИТХ, Засаг даргаас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг мөн, төрийн бус байгууллагууд зохион байгуулна.
Б.Батчимэг

Монгол брэнд