top banner

Оросын хийгээр цэнэглэгдэх Шинэ Торгоны зам


2017-10-19 10:36:34
Зураг Войчех Якубик (Wojciech Jakóbik)

ВАРШАВ./biznesalert.pl/.Оросуудын хувьд Шинэ Торгоны замыг байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх зорилгоор ашиглахыг хүсч байгаа бол хятадууд уг замыг улс төрийн нөлөөгөө тэлэх хэрэгсэл гэж үзэж байгаа юм.

Оросын “Газпром”, Казахстаны “КазМунайГаз” ба Хятадын “PetroChina” гэсэн гурван компани Шинэ Торгоны замын дэд бүтцийг ашиглан хий цэнэглэх станцуудын сүлжээг хөгжүүлэхэд урт хугацаанд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Талууд Хятад-Европ гэсэн чиглэлийн дагуух дэд бүтцийг ашиглан хийгээр ажилладаг тээврийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Санамж бичигт дээрх маршрутын Орос, Хятад, Казахстаны нутгаар дайрсан хэсгээр 2030 он хүртэлх хугацаанд зорчих тээврийн хэрэгслийн тоо болон хийн түлшний хэрэглээний талаарх үнэлгээ хийхээр тусгажээ. Энэ судалгаа нь хийн түлшний станцуудын сүлжээ бий болгоход чиглэсэн үе шаттай төлөвлөгөөг боловсруулах үндэс суурь болох юм.    

2016 оны 11 дүгээр сард Газпром, ПетроЧайна хоёр тухайн салбарт хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан юм. 2017 оны 5 дугаар сард “Газпром”, Хятадын Үндэсний газрын тос-хийн корпораци /CNPC/, “Российские автомобильные дороги” болон “China Communications Construction Company” гэсэн дөрвөн компани байгалийн хийг түлш болгон ашиглах тал дээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Хятад-Европын тээврийн коридор бол Хятадын “Шинэ Торгоны зам” төслийн нэг хэсэг бөгөөд хуурай зам болон далайн тээврийн шинэ дэд бүтэц байгуулах зорилготой юм. Төслийн үзэл баримтлалыг 2013 оны намар танилцуулсан ба Хятад улс уг төслийг “зөөлөн хүч” болгон ашиглаж байна. Торгоны замын төслүүдийг хэрэгжүүлэхэд 40 тэрбум орчим доллар төсөвлөсөн бөгөөд энэ мөнгийг Торгоны замын сан захиран зарцуулдаг.  

Экологийн асуудал ба Хятадын хийн хэрэглээний өсөлт
 
Оросын хий нь хятадуудын хувьд улс орных нь эдийн засгийн бодлогод тусгасан хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох юм. Бээжингийн эрх баригчид хот суурин газрууд дахь агаарын бохирдолттой тэмцэж байгаа бөгөөд энэ тэмцэлд хийгээр ажилладаг тээврийн хэрэгслүүд ихээхэн тус нэмэр болно. Ройтерс агентлагийн мэдээлснээр, шингэрүүлсэн хийгээр ажилладаг ачааны автомашины борлуулалт дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч өсч магадгүй байна. Учир нь, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байгаа аж. Ингэснээр оны эхний 7 сарын хугацаанд шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины борлуулалт 540 хувиар өссөн байна. Хятадын хойд нутгийн боомтуудаас нүүрс тээвэрлэхэд дизель хөдөлгүүртэй ачааны машинуудыг ашиглахыг хориглосон нь борлуулалт өсөхөд нөлөөлжээ. Түүнээс гадна, утаатай тэмцэхийн тулд Хятадын эрх баригчид тухайн бүс нутгийн 1,4 сая айл өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.  

 
 
Ер нь бол, Хятад улс Оросын байгалийн хийнээс хамаардаггүй юм. Тус улс хэрэгцээгээ хангахын тулд дотоодын нөөцөө ашиглахаас гадна шингэрүүлсэн хийг дэлхийн хаанаас ч гэсэн импортлон авч чадна. Хятадын Үндэсний газрын тос-хийн корпорацийн судалгааны төвийн хийсэн тооцоогоор, 2030 он хүртэлх хугацаанд хийн хэрэглээ тус улсад жилд 8,1 хувиар /дэлхийн хэмжээнд 2,1 хувь/ өсөх төлөвтэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж байгаагаар, дэлхийн хэмжээн дэх байгалийн хийн эрэлтийн өсөлтийн 40 хувь нь Хятад улсад ногдох аж.
 
Хий, түүний дотор занарын хийн олборлолтоо нэмэгдүүлэх хэтийн төлөв сайнгүй байгаа учраас Хятад улс шингэрүүлсэн хийд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Ер нь бол, тус улс нь уламжлалт бус ордуудыг ашиглах тал дээр АНУ, Канад хоёрын дараа дэлхийд гуравдугаарт орж байгаа юм. Хятадын занарын хийн нөөц 764,3 тэрбум шоо.м гэсэн үнэлгээ бий. Гэтэл үүний сацуу Хятадын шингэрүүлсэн хийн импорт энэ оны 6 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 95 хувиар өссөн байна. Хятадууд тухайн сард 3,12 сая тонн хий худалдан авчээ. Харин энэ оны 1-6 дугаар сарын хугацаанд нийт 19 сая тонныг импортолсон нь 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Австрали, Катар гэсэн хоёр улс үүний ихэнхийг нь нийлүүлжээ. Ингэснээр Хятад улс шингэрүүлсэн хийн импортоор дэлхийд гуравдугаарт орох болсон байна.   
 
Энэ тал дээр Оросоос Хятад руу хий нийлүүлэх “Сибирийн хүч” дамжуулах хоолой ихээхэн найдлага төрүүлж байгаа юм. Уг хоолойг 2019 оны 12 дугаар сарын 20-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо.м аж. Гэхдээ ашиглалтанд орсноос хойших эхний үе шатанд бага хэмжээний хий нийлүүлэх юм. Үүний шалтгааныг дурдвал, хийн үнэ нь газрын тосны үнээс “уяатай” байдаг бөгөөд одоогоор нефтийн үнэ 55 долл/баррель орчимд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Газпром ба CNPC-гийн хооронд байгуулсан хэлцлийн үнэ дөнгөж ашиг олох түвшинд хүртэл буурах эсвэл түүнээс ч доошилж магадгүй юм.  “Сибирийн хүч” хоолой оросуудыг алдагдалд оруулна гэсэн үг яриа нефтийн үнэ 100 доллар байх үед анх гарч эхэлсэн билээ. 
 
Ийм учраас оросууд Азийн зах зээлийг чиглэсэн “Ямал-СПГ” төсөлд ихээхэн найдлага тавьж байгаа юм. Төслийн хүрээнд 2019 онд 16,5 сая тоннын хүчин чадалтай хийн терминал барихаар төлөвлөж байгаа аж. Гол эх үүсвэр нь Өмнөд Тамбейн байгалийн хийн орд бөгөөд лицензийг нь Газпром компани эзэмшдэг. Гэтэл тус компанийн өрсөлдөгч болох “Новатэк”  компани “Ямал-СПГ” төслийг санаачлагч аж. Төслийн 9,9 хувийг эзэмшдэг Торгоны замын сан уг төслийг дэмжсэн байна. Бусад хувьцаа эзэмшигчдийн хувьд “Новатэк” 60 хувь, Хятадын СNPC болон Францын Тotal компани тус бүр 20 хувийг эзэмшиж байна.    

Ойртон нягтралт уу эсвэл давамгайллын аюул уу?
 
Шинэ Торгоны замын төсөл нь Хятадыг Оростой хэр зэрэг ойртуулах вэ түүнчлэн Москваг хэр зэрэг сулруулж, Хятадыг хэр зэрэг хүчирхэгжүүлэх вэ гэдгийг хэлэхэд одоохондоо хэцүү байна. Хятадаас хамаарах хамаарал өсөн нэмэгдэж буй энэ үед оросууд хийн нийлүүлэлтэд тулгуурлан маршрутыг “оросчлох” оролдлого хийж байгаа юм.
 
Торгоны замын сангийн хөрөнгө оруулалтыг Мөсөн Торгоны зам руу чиглүүлэхийг оросууд Хятадаас хүсчээ. Мөсөн Торгоны зам гэдэг нь Арктик дахь “«Приморье-1» ба «Приморье-2» гэдэг тээврийн коридоруудыг хэлж байгаа юм.  
 
Хятадын хөрөнгө нь Хойд тэнгисийн замыг хөгжүүлж, байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд нь оросуудад тус болж магадгүй.
 
Газрын тосны салбарыг хамарсан барууны хориг, тухайлбал “Газпром”, “Роснефть”, ”Новатэк” компаниудын эсрэг авсан хоригоос үүдэн оросуудад хятад түншүүд нь тун хэрэгтэй байгаа юм. Хоригийн улмаас дээрх компаниуд Европын Холбоо, АНУ-ын түншүүдтэйгээ харилцах боломжгүй болсноор хөрөнгө оруулалт, технологийн салбарт боломж нь хязгаарлагдав. Тухайлбал, уламжлалт бус ордуудад олборлолт хийх салбарт оросуудад ноу-хау дамжуулахыг бүрмөсөн хориглосон байна.
 
Харин хятадуудын хувьд мөнгө хөрөнгө гаргаж өгч чадах боловч занарын нефтийн ордуудыг ашиглах талаарх мэдээлэл хуваалцана гэдэг бол хэцүү, учир нь, Хятад улсад ийм технологи байхгүй.
 
Азиас санхүүжилт олж авах гэсэн оросуудын шийдэмгий байдал нь тэднийг Хятадаас хамааралтай болгох ба энэ нь хятадуудад ашигтай тусна. Энэ тохиолдолд хятадууд “зөөлөн хүч”-ээ ашиглаж эхэлнэ, өөрөөр хэлбэл “Шинэ Торгоны зам” нэрийн дор өөрсдийн ашиг сонирхлыг урагшлуулах болно. 
 
“Торгоны замын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэх нь Төв болон Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудад улс төрийн нөлөөгөө бэхжүүлэх боломжийг Хятадад олгох юм. Шинэ Торгоны зам нь АНУ-ын давамгайлал болон энэ бүс нутаг дахь Оросын интеграцийн хөтөлбөрүүдийн эсрэг жингийн тэнцүүлэх туухай болно” гэж Варшав хотын Дорно дахины судалгааны төвийн шинжээч Марчин Качмарский (Marcin Kaczmarski) дүгнэж байна. Түүний хэлснээр, хятадууд улс төрийн нэр хүндээ бэхжүүлэх бааз суурийг олж авч чадах бол үүний хариуд “Газпром” компани хий нийлүүлэх хэлцлүүд байгуулах боломжтой болно. Гэхдээ ийм хэлцэл нь өөрөөс нь давуу хүчтэй түншээсээ хамаарах хамаарлын төлөө авч буй хангалттай хэмжээний нөхөн төлбөр болж чадах уу гэдэгт асуудлын гол нь байгаа юм.
 
Б.Адъяахүү

Эх сурвалж: http://inosmi.ru/economic/20171011/240497329.html

https://biznesalert.pl/nowy-jedwabny-szlak-gaz-rosja-chiny/
 
 
 



 

Монгол брэнд