top banner

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлав


2017-10-19 12:05:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд Тайваниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 230 тэргэнцэр хандивлах ёслол боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ц.Ганчимэг, Тайванийн төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга, Д.Баатаржав болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 101 мянга гаруй иргэн байдгаас хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэд 19 хувийг эзэлж байна. Өнөөдөр энэ хүмүүст 230 ширхэг тэргэнцэрийг хандив байгаа Тайванийн Засгийн газар болон  Тайванийн төлөөлөгчийн газар, тус газрын тэргүүн, ноён Хуан Куо Рунд хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс биднийг үргэлж дэмжиж, туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлж байна” хэмээн СЗСҮТ-ийн захирал Ц.Ганчимэг онцолсон юм.

Харин ноён Хуан Куо Рун “Бид, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр гардуулж байгаадаа баяртай байна. Манай төлөөлөгчийн газраас өнгөрсөн нэг жилд хүмүүнлэгийн чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулсан. Түүний нэг нь энэ бөгөөд цаашид СЗСҮТ-тэй хамтран сургалт, уулзалт, тусламжийн чиглэлээр олон ажил зохион байгуулах болно. Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбараар дамжуулан амьжиргааны түвшин доогуур иргэд, айл өрхөд өвлийг өнтэй давахад туслалцаа үзүүлэх зэрэг хүмүүнлэгийн үйлсийг явуулна. Мөн хоёр талын эдийн засаг болон соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор Тайвань, Монгол хамтран ажиллаж байна” гэлээ.

Д.Өлзий

Монгол брэнд