top banner

Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайдын томилгоог хэлэлцэж байна


2017-10-19 12:56:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаад түр завсарлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалтын стандарт байдаггүй юм байна. Тиймээс сургалтын стандарт гаргах уу. Дунд сургуулийн сургалт нэг журмаар явж чадахгүй байна. Хувийн сургуульд жил бүр өгч байгаа хувьсах зардлыг цалин болгож төсөвт суулгаж болох уу. Цалин нэмэх өөр ямар гарц байна вэ. Яавал бүх сургуулийг сайн сургалттай болгох вэ. Хувийн их дээд сургуулиудын чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ” гэсэн асуудлыг тодруулав.

Дээрх асуултад нэр дэвшигч Ц.Цогзолмаа, “Улсын хэмжээнд өнөөдөр 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 8000 хүүхэд сургалтын үйлчилгээ авч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дэвтэр номгүйгээс болоод сургууль завсарлаж байгааг би нүдээрээ харсан. Иймд энэ тал дээр анхаарч ажиллана. ЕБС  туршилтын орчин байж таарахгүй. Иймээс боловсролын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Багш нарын цалинг нэмэхэд анхаарал хандуулна. Урамшууллын системээр цалин нэмэх бололцоо байна уу гэдгийг судална” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал, “Сурах бичгийг хэдэн хүн лоббидож гаргадаг боллоо. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдийн гар дээр ном очоогүй байсан. Энэ алдааг хэрхэн цэгцлэх вэ. Цалингийн бүтцийг өөрчилж чадах уу. Багш нарыг төрийн албаны тэргүүлэх чиглэл рүү оруулах уу. Багш нарт 45 хувийн нэмэгдэл олгоно гэсэн ч тэд үүнийгээ авч чаддаггүй. Нэмэгдлийг бүрэн олгодог болох уу” хэмээн асуусан.

Үүнд нэр дэвшигч Ц.Цогзолмаа, “Салбараа бүх түвшинд бүрэн оношилно. Ингэснээр ойрын хугацаанд болоод ирээдүйд юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Дэлхийд өрсөлдөхүйц чадвартай боловсон хүчин бэлтгэх нь манай гол зорилт. Сурах бичиг бизнесийн зорилготой, агуулга тааруу болсон гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр нэг ангид 50 хүүхэд сурч байгаагийн зэрэгцээ нэг ширээнд гурван хүүхэд сууж буй нь үнэн. Үүнийг зоригтой журамлана. Хувьсах зардал жинхэнэ утгаараа бол боловсролын чанар руу чиглэх байтал урвуугаа харчихаад байна. Өнөөдөр орлоготой хэсгийн эцэг эхчүүд хүүхдэдээ сайн боловсрол олгож байгаа. Гэтэл нийтээрээ сайн боловсрол авч байна уу гэвэл учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Боловсролыг ямар хэмжээгээр үнэлнэ, тэр хэрээр тийм түвшний боловсролыг хүүхдэд өгнө. Тиймээс багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудлын суурийг өмнөх Засгийн газар эхлүүлсэн. Үүнийг үргэлжлүүлээрэй. Соёл боловсролын багц хуулиудыг боловсруулсан, бэлэн байгаа. Шинжлэх ухаан, боловсролд харамгүй мөнгө хаях хэрэгтэй. Дэлхийн ямар ч уралдаан тэмцээнийг зохион байгуулахаар барилга байгууламжтай болоход санаачилгатай ажиллаарай. Спортын том ордон барих ажлыг дэмжиж, ажил хэрэг болгоорой. Ерөнхий сайд асан Д.Эрдэнэбатын нэг хийсэн чухал ажил бол боловсролын зээлийн сан. Энэ сангаас оюутан бүр зээл авч чаддаг болохын тулд банкуудын тавьж байгаа босгыг намсгах явдал юм шүү” хэмээн захив.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Дээд боловсролын систем дампуурсан. Өнөөдөр 100 дээд сургуультай болсон байна. Шууд татан буулгаж болохгүй байх. Стандартыг нь чангатгаж УИХ-д асуудал оруулж ирэх үү. Ингэхгүй бол хувийн өмчид халдсан хэрэг болох байх. Чанаргүй их дээд сургууль орон нутгийн иргэдийн амьдралыг хүнд байдалд оруулж байгаа шүү" гэхэд нэр дэвшигч Ц.Цогзолмаа, “Их дээд сургууль төгсөгчид бүгд ажлын байрны шалгуур хангаж чадахгүй байна. Иймээс их дээд сургуулийг цөөрүүлэх тухай таны саналтай нэг байна. Мөн зарим нэг их дээд сургуулийг хотоос гаргах бодлого бол бий" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, “Багш нарын цалинг нэмэх тухайд уйгагүй ажиллаарай. Цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, орцыг нэмэгдүүлэхэд анхаараарай. Хүүхдийн хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнийг эрхлэгчид үйлдвэрүүдээс нь авдаг байж болохгүй юу” гэсэн саналтай байгаагаа хэлэхэд нэр дэвшигч Ц.Цогзолмаа, “Өнөөдөр нийслэлийн 25 хороо огт цэцэрлэггүй байна. Гурван ээлжээр хичээллэхийг болиулья гэвэл 27 сургууль шаардлагатай. Эдгээр сургууль цэцэрлэгийг барихын тулд гадны эх үүсвэрийг давхар хайна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түгээлт хангалт, чанар дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана” гэв.

Чуулганы хуралдаан  цайны цаг болсон тул түр завсарлаад байна. Хуралдаан 15 цагаас үргэлжилнэ.

 
Б.Туул
 


Монгол брэнд