top banner

АНУ-ын төлөөлөгч Ираныг эрс шүүмжлэв


2017-10-19 13:35:18
Зураг
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаарх хуралдааны үеэр Ираныг эрс шүүмжилжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, өчигдөр болсон уг хуралдаанд 40 орчим улс орны төлөөлөгчид оролцсон байна.

НҮБ-ын баталсан тогтоолуудыг зөрчин зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Сири болон Ливанд Йеменээр дамжуулан зэвсэг нийлүүлж байна гэж АНУ-ын төлөөлөгч Н.Хэйли Ираныг буруушаажээ. Манай улс ийм хууль бус үйлдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж чадахгүй гэж тэрбээр мэдэгдээд, Ираны эсрэг хатуу чиг шугам баримтлахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд уриалсан байна.

Уг хуралдааны үеэр Иран улсыг онцлон шүүмжилсэнд дургүйцэж буйгаа ОХУ болон БНХАУ-ын төлөөлөгчид Н.Хэйлид илэрхийлжээ. Учир нь энэ хуралдааны гол сэдэв нь Израиль-Палестины асуудал байсан аж.

Иран улс 2015 онд дэлхийн зургаан гүрэнтэй байгуулсан цөмийн хэлэлцээрээ дагаж мөрдөхгүй байгаа учир хэлэлцээр байгуулахаас өмнө Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сэргээхээр төлөвлөж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Үүний улмаас АНУ болон Иран хоорондын харилцаа таагүй болоод байгаа юм.
Г.Доржханд

Монгол брэнд