top banner

Зүрхний төрөлхийн гажигтай 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа


2017-10-19 13:43:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр зүрхний төрөлхийн гажиг өвчтэй 41 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт Бээжин хотод эмчлүүлэхээр явлаа.
БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх юм. Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотод эмчилгээ хийлгэхээр явсан билээ.
Энэ удаад Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хяналтад байдаг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатайг нь БНХАУ-аас ирсэн эмч нар, манай эмч нар хамтран сонгосон. Монгол Улсад эмчлэх боломжгүй болон амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг чухалчилж үзжээ.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр,  явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай бол хамгийн том нь 12 настай аж.

Д.Өлзий

Монгол брэнд