top banner

"Эрүүл мэндээ дээдлэгч иргэн"-ээр 23 хүн тодров


2017-10-19 16:15:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

НЗД-ын орлогч П.Баярхүү хэлэхдээ, “2003 оноос эхлэн энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсны үр дүнд 6-7 дахин өссөн байгаа нь манай нийслэлчүүдийн дунд эрүүл мэндээ дээдлэх талаар иргэдийн ухамсар дээшилж, эмчид биеэ даатгадаг сэтгэхүй тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг харуулж байна. Цаашид энэ тоо улам өсөн нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлж, нийслэлээрээ “Эрүүл мэндийг дээдлэгч хот” болтлоо өргөжнө гэдэгт найдаж байна. Эрүүл мэндийг дэмжих үйлсэд та бүхний оролцоо цаашид улам бүр идэвхжинэ гэдэгт итгэж байна” гэв.

Өөрийн байгууллагадаа эрүүл мэндийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн, хамт олныхоо ажиллах, сурах орчныг сайжруулах талаар идэвхи зүтгэл, санаачилга гарган, нийгэм, хамт олны төлөө ажиллаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн, архи, тамхигүй хамт олон болсон зэрэг үзүүлэлтийг хангасан ЧД-ийн 31 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 159 дүгээр цэцэрлэг, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, СХД-ийн 127 дугаар цэцэрлэг, 106 дугаар сургууль зэрэг 9 байгууллагыг Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар өргөмжилж, гэрчилгээ олгов.
Эрүүл мэндээ дээдлэгч өрхийг 12 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 15 өрхийг шалгаруулсан бол Эрүүл мэндээ дээдлэгч иргэнийг болзол, журамд  заасны дагуу эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, энэ чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчлэн 10 шалгуур үзүүлэлтээр 23 иргэнийг тодруулсан юм.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-97, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-178, “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-216 болж байгаа аж.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний төлөөлөл оролцов.
 
Ж.Болор

Монгол брэнд