top banner

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тамгаа гардаж авав


2017-10-20 12:33:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,  “Ерөнхий сайд төрийн албаны бүх шатанд сахилга дэг журмыг өндөржүүлж, хуулийн дагуу өндөр ёс суртахуунтай ажиллах үүргийг Засгийн газрын бүх гишүүдэд өгсөн. Энэхүү үүрэг даалгавар төрийн албаны бүх шатанд хэрэгжих болно. Өнгөрсөн хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарч, салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн сайд Д.Ганбат болон яамны албан хаагчиддаа баяр хүргэе” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат шинэ сайд Ж.Бат-Эрдэнэд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүссэн юм.  Сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн аваад “Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарт хийсэн ажлууд болон үйл ажиллагаанд талархалтай байдаг. Цаашид та бүхэнтэй хамтарч, эдийн засагт чухал ач холбогдол бүхий зам, тээврийн сүлжээг өргөтгөн шинэчлэх, хөгжлийг улам дээш өргөх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье” гэлээ.
 
Б.Туул

Монгол брэнд