top banner

В.Путины дахин сонгогдох магадлал 80 гаруй хувьтай байна


2017-10-20 13:32:39
Зураг Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн тоо нэгээр нэмэгдлээ. 
 
Ксения Собчак гэх 35 настай сэтгүүлч бүсгүй лхагва гарагт 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон тухайгаа зарласан юм.
Бүх Оросын Нийгмийн сэтгэлгээг судлах төвийн  судалгаагаар 95 хувь нь Ксения Собчакийг мэддэг гэж хариулсан байна.Тэрбээр маш олон үзэгч бас үзэн ядагчтай "Дом-2" буюу "Миний гэр" шоуг 2004 онд хөтөлж эхэлснээр олны танил болсон юм. “Дом-2” шоуг залууст буруу үлгэр дууриалал үзүүлдэг хэмээн оросууд шүүмжлэлтэй ханддаг. Түүний хөтлөгчөөр 8 жил ажилласан шаргал үст Ксения Собчакийг ч ард түмэн сайнаар хүлээж авдаггүй нь үнэн. Гэвч улс төрд хүч үзэхээр шийдсэн тэрбээр 2012 онд шоугаа орхин, нийгэмд төрүүлсэн буруу ойлголтоо залруулж эхэлсэн юм.
 Ксения Собчак Москвагийн Гадаад харилцааны их сургуулийг улс төрч мэргэжлээр улаан дипломтой төгссөн өндөр боловсролтой нэгэн. Түүний аав Анатолий Собчак 1991 онд Санкт-Петербург хотын анхны даргаар сонгогдон таван жил ажилласан.
Гэвч ОХУ-ын улс төр судлаачид Ксения Собчакийн 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл улс төрийн ойлголтгүй залуучууд сахилгагүйтэн сонгож магадгүй, харин учир мэддэг том хүмүүс түүнийг сонгохгүй хэмээн дүгнэж байна.
 Дашрамд дурдахад одоогоор Владимир Жириновский, Алексей Навальный, Алина Витухновская, Сергей Полонский, Иван Охлобыстин, Прохорова Ирина зэрэг 10 орчим хүн ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн нэрийг дэвшүүлэхээ мэдэгдсэн. Тэдний дунд Төрийн Думын депутатаас эхлээд бизнес эрхлэгч, зохиолч, бүр сүмийн номлогч хүртэл байгаа юм.
 Харин ОХУ-ын одоогийн төрийн тэргүүн Владимир Путин сонгуульд өрсөлдөх эсэхээ хараахан шийдээгүй байгаа хэмээн мэдэгдээд байна. Хэрэв Владимир Путин сонгуульд нэрээ дэвшүүлвэл оросын ард түмний түүнийг сонгох магадлал 80 гаруй хувьтай байх ажээ. 
Л.Нандиа
 
 
 


Монгол брэнд