top banner

Ерөнхийлөгчийн зарлигаар Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнав


2017-10-20 15:07:33
Зураг Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг  тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв.

Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, амжилт олотлыг өндрөөр үнэлж Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Гаалийн салбарт хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт Та бүхэнд Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Гаалийн Ерөнхий газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал - Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн гаалийн албыг үүсгэж, Богд хаан бээр улаан бэхээр онцгойлон цохож айлдсанчлан “Гааль бол олон улсад тогтсон хэв хууль мөн билээ” гэж дурдсан байдаг билээ. Төр оршихуй дор татвар, тусгаар улс оршихуй дор гааль оршино. Улсын хил халдашгүй дархан байх ёстойн адил хил гааль нь ариун дагшин хийгээд чанд хатуу хуультай, гаалийн байгууллага нь хууль дүрмээ ягштал мөрддөг байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа баталдаг тангарагтай албыг нэр төртэйгээр хашиж, түүхэн гавьяа, амжилт ололтоо төр засгаараа үнэлүүлж байгаа Та бүхнээр бахархаж байгаагаа дуулгахад таатай байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.



Монгол брэнд