top banner

Мэрилэндийн халдлагын хохирогч Т.Баярсайхан гэмт этгээдээс айж буйгаа ар гэрийнхэндээ ярьж байжээ


2017-10-20 20:27:50
Зураг
ЭЖВУД. /Балтимор Сан/.  АНУ-ын Мэрилэнд муж улсын Эжвуд хотын “Advanced Granite Solutions” чулуун хавтангийн үйлдвэрт  хамт ажилладаг нэгэн нөхрийнхөө гарт амь үрэгдсэн гурван хүн нь гурван өөр тивийн хүмүүс байжээ.

Тэдний нэг болох Монгол Улсын иргэн Т.Баярсайхан аж амьдралаа дээшлүүлж, Америк мөрөөдлөө биелүүлэхээр тус үйлдвэрт ажиллаж байжээ. Харин Босни-Херцеговина улсын иргэн болох хохирогч Энис Мрволяк энэ амралтын өдрүүдээр нутаг буцаахаар төлөвлөж байсан аж. Эль-Сальвадор улсын иргэн Хосе Оскар Идальго Ромеро нь хичээнгүй, шаргуу ажиллан ар гэрийнхэн рүүгээ олсон мөнгөө явуулдаг нэгэн байжээ.

Энэ гурван хүнийг буудан хөнөөж, мөн гурван хүнийг шархдуулсан халдлагыг 37 настай Ради Лабеб Принс гэгч этгээд үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг халдлага болсноос 10 орчим цагийн дараа Делавар муж улсын Ньюарк хотоос баривчилсан юм. Гэмт этгээдийг цагдаа нар одоо байцааж байгаа аж.

Хохирогч Т.Баярсайханы охин Б.Сувд ярихдаа “Аав минь үнэхээр шаргуу, хөдөлмөрч хүн байсан. Аав өглөөний 05:00 цагт босоод ажилдаа явдаг байсан. Метрогоор хоёр цаг явж ажилдаа очдог байсан.  Аав минь аж амьдралаа дээшлүүлж, америк мөрөөдлөө биелүүлэхийн тулд ядрахаа мэдэхгүй ажилладаг байсан. Хэзээ нэгэн цагт эх орондоо очоод үүн шиг чулуун хавтангийн үйлдвэр нээж, гурван хүүхдэдээ өвлүүлж үлдээнэ гэдэг байсан ” гэж ярьжээ.

Т.Баярсайханых 2005 онд АНУ-д гэр бүлээрээ очжээ. Тэрбээр тус үйлдвэрт ажилд ороод удаагүй байсан гэнэ.

Охин Б.Сувдынх нь ярьснаар, хохирогч Т.Баярсайхан гэмт этгээд Принсийн тухай гэрийнхэндээ “Манай ажилд хүйтэн царайтай нэг нөхөр байна аа. Сонин араншинтай. Дандаа л уурлаж байдаг. Харахаас жийрхмээр” гэж ярьж байсан гэнэ.

http://www.baltimoresun.com/news/maryland/crime/bs-md-shooting-widow-speaks-20171019-story.html
Г.Доржханд

Монгол брэнд