top banner

Ш.Абэгийн эрх баригч эвсэл парламентын доод танхимын сонгуульд илт давуу яллаа


2017-10-23 10:49:59
Зураг
ТОКИО. /Киодо/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эрх баригч эвсэл өчигдөр болсон парламентын доод танхимын ээлжит бус сонгуульд илт давуу яллаа гэж “Киодо” агентлаг мэдээллээ.

Ш.Абэгийн Либерал ардчилсан нам /ЛАН/ болон Комэйто намаас бүрддэг эвсэл парламентын доод танхимын 465 суудлын 312-ыг нь авсан байна. ЛАН дангаараа 283 суудал авч чаджээ. Парламентад аль нэг нам, эвсэл олонхи болохын тулд 233-аас цөөнгүй суудал авсан байх ёстой.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Сонгогчид бидэнд дахин итгэл хүлээлгэлээ. Бид улс төрийн тогтвортой платформыг ашиглан энэ улс орны өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг шийдвэрлэх болно. Сонгуулийн кампанит ажлын үеэр амласанчлан, миний гол зорилгуудын нэг бол Умард Солонгостой хатуу тэмцэх явдал юм. Ингэхийн тулд холбогдох улс орнуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэх болно” гэжээ.

Умард Солонгос нь саяхан Японы хойд нутгийн Хоккайдо арлыг  давуулан Номхон далай руу хоёр баллистик пуужин харвасан билээ.

Энэ удаагийн сонгуульд ялсан нь Ш.Абэд ирэх оны есдүгээр сард болох ЛАН-ын их хурлаар гурав дахь удаагаа намын даргаар сонгогдох боломжийг олголоо. Ингэснээр тэрбээр Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдын албан тушаал хашсан хүн болох нь үндсэндээ тодорхой болж байна. Тэрбээр 2012 онд тус улсын ерөнхий сайд болсон юм.
Г.Доржханд

Монгол брэнд