top banner

Зимбабве улсын ерөнхийлөгчийг сайн санааны элчээр томилсноо ДЭМБ цуцлав


2017-10-23 11:50:27
Зураг
ЖЕНЕВ. /Би-Би-Си/. Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе-г сайн санааны элчээр томилсноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ цуцаллаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр,  ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус ням гарагт мэдэгдэл хийхдээ “Олон нийтийн дуу хоолойг бид сонслоо. Зимбабве улсын ерөнхийлөгчийг ДЭМБ-ын сайн санааны элчээр томилох тухай шийдвэрээ би хүчингүй болгож байна” гэжээ.

Зимбабве улс ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгаа учир тус улсын Ерөнхийлөгч Р.Мугабег ДЭМБ-ын сайн санааны элчээр томилж байна гэж ДЭМБ-ын тэргүүн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдэж байсан юм.

Гэвч “Зимбабве улсын эрүүл мэндийн салбар уналтад ороод байхад ерөнхийлөгчийг нь ДЭМБ-ын сайн санааны элчээр томилж байгаа нь дэлхий нийтийг басамжилж, дорд үзэж буй хэрэг” гэж олон улс орон шүүмжлэх болсноор ДЭМБ-ын тэргүүн шийдвэрээ цуцлахад хүрсэн байна.

Өдгөө 93 настай Р.Мугабе нь Зимбабве улсыг 37 дахь жилдээ удирдаж байгаа юм. Эхний 20 жилийн хугацаанд тэрбээр эрүүл мэндийн салбартаа ихээхэн анхаарал хандуулж байсан ч 2000 оноос тус улс эдийн засаг хямралд орсноор эрүүл мэндийн салбар нь доройтсон байна. Тодруулбал, тус улс эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг хугацаанд нь тавьж чадахгүй болж, эм тарианы хомсдолд ороод байгаа аж. Улсынхаа хүн амын дундаж наслалтаас даруй 30-аад жилээр урт наслаад буй Р.Мугабе байнга гадаад улс орнууд руу эмчилгээ хийлгэхээр явдаг гэнэ.
 
Г.Доржханд

Монгол брэнд