top banner

Гашуунсухайтын 110 км цуваа нь нүүрсний тээврийг “хос морьтой” болгох цаг ирсний бодит илрэл


2017-10-24 09:36:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын экспортын нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 50 орчим сая тоннд хүрсэн ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Үүний учир шалтгаан нь өнөөдрийн байдлаар нүүрсний тээвэрлэлтийн хүндрэл буюу Гашуунсухайт боомт дахь түгжрэл юм. Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт болоод буй Гашуунсухайтад нүүрс тээвэрлэсэн автомашинуудын 100 гаруй км цуваа үүсч, жолооч нар олон хоног дараалалд өнжин, үүнийг дагасан хууль бус үйлдэл өрнөж байгаа талаар олон төрлийн мэдээлэл нийтийн дунд тархсан. Шалтгааныг нь ч олон өнцгөөр тайлбарлаж, зарим нь хоёр улсын харилцаанд нөлөөлөх хэмжээнд “улстөржиж” байгаа. Тиймээс нөхцөл байдал газар дээрээ хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.


 
ЭКСПОРТЫН ГОЛ БООМТ ГАШУУНСУХАЙТЫН ХӨГЖИЛ
ОЛОН ЖИЛЭЭР ХОЦОРЧ БАЙНА

Монгол, БНХАУ-ын хил дээр орших Гашуунсухайт боомт нь 1992 онд анх байгуулагдсан, Монгол Улсын Говийн бага дархан цаазтай газрын хилийн бүс дотор байршдаг, Өмнөговь, Дундговь аймгийн хүн ам хилийн худалдаа хийдэг, эрдэс баялгийн экспортын гол боомт юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрээр хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статустай ажиллаж байгаа.
Гэтэл тус боомтын захиргааны байр, ажилчдын орон сууц, талбайн тохижилтоос эхлээд хөгжлийн хувьд хол хоцорсон нь боомтод буусан анхны сэтгэгдлийг төрүүлж байв. Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрс гэсэн Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол урсгал болж буй боомт гэхэд сумын төвийн дайнд хүрэхээргүй тохижилттой аж. Боомтоор 08.00-17.00 цагт зорчигч, 08.00-20.00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс тээвэрлэсэн 500-800 тээврийн хэрэгсэл өдөрт нэвтэрч, ажилчид нь цайны цаггүй ажилладаг гэдгийг боомтын удирдлагууд хэлж байв. Гашуунсухайт дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс гэхэд 34 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 25 нь улсын байцаагч. Тэд хилийн 18 терминалд хяналт шалгалтын ажил гүйцэтгэдэг. Ачаалалтай үед нүүрсний хяналт дээр өдөрт 1500 орчим тээврийн хэрэгсэл улсын хилээр нэг талдаа нэвтэрч байхад хоёр улсын байцаагч л энэ үүргийг хүлээн ажилладаг аж. Нэг байцаагчийн ажлын ачаалал нормоос хэтэрчихсэн, таван хүний ажлыг нэг хүн гүйцэтгэж байгаа учир хяналтын ажил сулрах эрсдэлтэй. Тиймээс бүтэц, орон тоогоо нэмэх хүсэлтийг Сангийн яаманд тавьсан гэдгийг Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Наранбаатар хэлж байлаа.



Хоёр км хүрэхгүй зайнд харагдах БНХАУ-ын талын боомтын хөгжил, барилгажилт манайхтай харьцуулбал өдөр, шөнө шиг ялгаатай аж. Ажилчдын орон сууц гэх нэг давхар жижигхэн байшингуудыг эс тооцвол 10 гаруй саарал гэр, модон саравч, энд тэндгүй хөглөрөх төмрийн сэг зэрэг нь нүүрсний тээвэрчдийн гол төвлөрөл болжээ.
Гэхдээ боомтын хөгжлийн асуудлаар сайн мэдээ дуулдаж эхэлснийг удирдлагууд нь онцолж байсан. Тодруулбал Засгийн газраас тус боомтын асуудалд анхаарал хандуулан олон жилийн турш ярьсан Боомтын хөгжлийн төслийг эцэслэн боловсруулж, ерөнхий төлөвлөгөөг баталсан нь 2018 оноос хэрэгжиж эхлэхээр болсон аж. Рентген, ажилчдын орон сууц, талбай зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх энэ төсөл хэдий хожим эхэлж байгаа ч удаашрахгүй, саатахгүй хэрэгжих нь нэн тэргүүний шаардлага болжээ .
Мөн Монголд анх удаа автомат ариутгалын цэг нэвтрүүлсэн, орчин үеийн шаардлага хангасан 20 тонны цэвэр усны машинтай болсон, боомтын албан хаагчдын цэвэр усны зардлыг тодорхой хэмжээнд шийдэж өгсөн зэрэг нааштай үр дүн гарч эхэлснийг боомтын удирдлагууд тодотгож байв.

     

БООМТ БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАВАЛ ӨДӨРТ
3500 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТРҮҮЛНЭ

Уур уурхайн эрдэс баялгийн хил нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн шийдэл бүхий шалгагчийн 14 кабиныг өнгөрөгч наймдугаар сарын 2-нд Гашуунсухайт боомтод ашиглалтад оруулжээ. Өмнө нь жолооч нар автомашинаасаа бууж шалгуулдаг байсан бол кабин ашиглалтад орсноор автомашинаасаа буух шаардлагагүй болж, 1 минут орчим хугацаа зарцуулан нэвтрэх боломжтой болжээ.
Гашуунсухайт боомт гарах чиглэлийн 6 замаар эрдэс баялаг экспортолж байгаагаас хоёр нь Оюутолгойн зэсийн баяжмал, дөрөв нь нүүрсний тээвэрлэлт юм. Харин орох чиглэлд 4 замаар автомашинууд нэвтрүүлж байна. Дээрх кабиныг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал өдөрт 3000-3500 ачаатай автомашиныг хэвийн урсгалаар нэвтрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл боомтын хөгжил, орчин тааруу ч нэвтрүүлэх хүчин чадал хангалттай гэдгийг үүгээр тодотгож байгаа юм.
Кабин ашиглалтад орсны дараа хоёр талын хилийн боомтоор өдөрт 1500 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Харин БНХАУ-ын талаас өөрийн улсад өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалан хил нэвтрүүлэх үзлэг шалгалтыг чангатгаснаар нэвтрүүлэх хэмжээ саармагжаад байгаа юм. Энэ нь хил дээр үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийн 90-140 км дарааллын гол учиг. Тодруулбал БНХАУ-ын тал дөрвөн замаар Монголоос гарч буй тээвэрлэлтийг татан авдаг байсныг тодорхой шалтгааны улмаас хоёр болгон бууруулснаас хойш дээрх хүндрэл, цуваа эхэлжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт дунджаар 400-500 орчим ачаатай автомашин нэвтэрч байсныг Монголын зүгээс холбогдох байгууллага бүр шат шатандаа БНХАУ-ын талтай хэлэлцэж, нүүрсний татан авалтыг хурдасгах хүсэлт удаа дараа тавьсны хүчинд бага зэрэг нэмэгдсэн нааштай мэдээ байгаа аж. Өнгөрөгч пүрэв гараг буюу 10 дугаар сарын 20-нд 860 автомашин нэвтрүүлсэн нь тээвэрлэлтийн асуудал үүссэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин баасан гарагт 12.00 цагийн байдлаар 290 автомашин нэвтэрсэн байлаа.



Гашуунсухайтын хилийн боомтын зүг үргэлжилж байгаа цувааны шалтгаан нь дээр дурдсанчлан БНХАУ-ын талаас нүүрсний татан авалтаа багасгасантай холбоотой. Дөрвөн замаа хоёр болгон бууруулснаар нэвтрэх хурд хоёр дахин багасч, дагаад Монголын тал зургаан замаа дөрөв болгон багасгаад байгаа юм.
Хэрэв БНХАУ-ын тал татан авалтаа нэмэгдүүлбэл Гашуунсухайт боомтынхон тэр даруй хоёр шалган нэвтрүүлэх гарцаа нээн ажиллуулах боломжтой. Өнгөрсөн хугацаанд тогтмол зургаан замаар нэвтрүүлдэг байхад нэг талдаа 1700 орчим машин нэвтэрч, дараалал үүсдэггүй байсан гэдгийг албаныхан хэлж байв.


КАБИНДАА ХООЛ ХИЙЖ БАЙГААД ГАЛ АЛДСАН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧЭЭ

Нүүрс тээвэрлэлтийн хүндрэлийг дагаад зам дээр олон хоногийг дугаарлан өнгөрүүлж байгаа жолооч нарын тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Монгол Улсын эрдэс баялаг, нүүрсийг экспортод зориулан тээвэрлэхээр нийт 104 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан байдаг ба тэдгээрийн 7090 орчим тээврийн хэрэгсэл Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомтын зүг тасралтгүй “хөлхөж” байна. Нэг тээврийн хэрэгслийн урт 25 метр, ачааныхаа хамт дунджаар 90 тн жинтэй байдаг аж. Ойролцоогоор 3000 орчим нь нүүрсээ ачуулахаар 4-5 хоног дугаарлаж байдаг бол Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 260 км замд өдөр бүр 4000 орчим тээврийн хэрэгсэл 90-140 км-ийн дараалал үүсгэн, жолооч нар нийтдээ 10-12 хоногийг зам дээр өнжин өнгөрүүлж байна. 
Жолооч нар уртын болон богины эргэлт хийдгээрээ хоорондоо ялгардаг аж. “Уртын” гэдэг нь Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачиж Гашуун сухайтын боомт хүрдэг, “богины” гэдэг нь Цагаан хад дахь нүүрсний талбайгаас ачиж боомт хүрэхийг нэрийднэ. Уртын эргэлтэд жолооч нар нийт 10-14 хоног зарцуулдаг бол богиных нь 4-5 хонодог. Тэд Цагаан хаднаас мах, гурилаа авч, автомашиндаа газан плитка ашиглан хоолоо залгуулдаг аж. Энэ олон хоногийн хугацааг зам дээр өнгөрөөхөд биеийн байдал муудах зэрэг тохиолдолд ямар нэг арга хэмжээ авах бэрх байдгийг жолооч нар хэлээд “Цагаан хаданд саяхнаас тэнд эмч байдаг болсон гэсэн” хэмээн олзуурхангуй ярьж байв. Олон хоног нойргүй явсны улмаас бие муудах, осол аваар гаргах зэрэг олон эрсдэл байдгийн зэрэгцээ автомашиндаа хийн плитка ашиглан хоол хийж байгаад кабинаа шатаасан тохиолдол ч тэнд гарч байжээ.



Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт орох замд нүүрс ачсан машины тэвш, чиргүүл замын хажуу руу уначихсан байхтай таарав. Уртаас урт үргэлжлэх дарааллын дундуур дайрах гэсэн тээврийн хэрэгслүүд хулгайн замаар “товчлох” гэж яваад ингэж осолддог тохиолдол тогтмол гардаг аж. Энэ мэт нүүрсний тээвэрт өнжиж буй олон мянган жолооч нарын асуудал Гашуунсухайтын нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. 

Гэхдээ БНХАУ-ын тал хилийн хяналт шалгалтаа чангатгаж, хязгаарласан шалтгаанд Монгол жолооч нар хууль бус тээвэрлэлт хийсэн тухай дурдагдсан байдаг. Энэ талаар Гашуунсухайт боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх алба хариуцсан орлогч Б.Мэндбаяраас асуухад "Жолооч нар хууль бус зүйлс тээвэрлэж байгаа учир БНХАУ-ын тал хяналтаа чангатгаж, хязгаар тавьсан гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Анх БНХАУ-ын ӨМӨЗО-ны 70 жилийн ой болох үеэр өнгөрөгч 8 дугаар сард хилийн хяналтаа чангатгасан. Одоо мөн Бүх Хятадын ардын их хурал болж буйтай холбогдуулан хил хамгаалалтаа чангатгаад байна. БНХАУ-ын хилээ чангатгасан үндсэн шалтгаан нь олон улсын терроризмоос сэргийлэх, мөн засвар өргөтгөлийн ажил хийх шаардлагатай байна гэж албан ёсоор тайлбарлаж байгаа юм" гэлээ. 

Нүүрсний тээврийн жолооч нартай холбогддог "мими" хэмээх кофейн агуулсан бодисын талаар Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын Гашуун сухайт боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Наранбаатар "Нүүрсний тээврийн хэрэгслээр мал, малын гаралтай бүтээгдэхүүн, эм, эмийн ховор ургамал хууль бусаар нэвтрүүлэх зөрчил гарах магадлал байдаг. Ийм тохиолдол илэрвэл тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Харин эмийн түүхий эд гэгддэг “Мими” гэх кофейн агуулсан бодисыг нэвтрүүлэх зөрчил сүүлийн үед эрс багассан. Энэ нь хятад жолооч нар тээвэрт явахаа больж, Зөрчлийн тухай хуульд “сэтгэцэд нөлөөлөх бодис” хэмээн тусгаж, хориглож өгсөнтэй холбоотой. Манай байгууллага, гааль хамтран хамгийн их нь 12 кг “мими” илрүүлж байсан" хэмээн ярьж байв. 2012-2013 онд Уртын тээвэрт хятад жолооч нар тээвэрт их явдаг байх үед “мими” хэрэглээ маш өндөр байжээ. Харин одоо энэ асуудал үлэмж багассан гэдгийг албаныхан болон жолооч нар хэлж байлаа. 
 
ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДЛААС ҮҮДЭН УУРХАЙН АГУУЛАХАД
3.5 САЯ ТОНН НҮҮРС ХУРИМТЛАГДЖЭЭ

Гашуун сухайтын боомтын нэвтрэх хүчин чадлыг хязгаарласнаар урт дараалал үүсгэж, тээвэрлэлт саатаж байгаа ч хамгийн чухал нь нүүрс олборлодог компаниуд төлөвлөгөөндөө хүрэхгүй, дагаад орлого буурах, улсад төлөх татварын хэмжээ багасах зэрэг эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүд гарч байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд гэхэд энэ онд Тавантолгойн бүлэг ордоос 20.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар төлөвлөгөөг 11.2 сая тонн болгон буулгаад байна. Цанхийн зүүн уурхай 7.2 сая нүүрс олборлох төлөвлөгөөтэйгөөс 5.2 сая тонн, Цанхийн баруун уурхай 4 сая тонн олборлохоос 2.8 сая тонн олборложээ. Зах зээлийн борлуулалт, эрэлт их байгаа ч тээвэрлэлтийн асуудлаас үүдэн уурхайн агуулахад 3.5 сая тонн нүүрс хуримтлагдаад байгаа тухай уурхайн инженер нь хэлж байв. Тус компани хоногтоо 500-1000 машин нүүрс ачиж, Гашуунсухайтаар гаргадаг байсан бол хязгаарлалтаас хойш ердөө 300 машин гаргадаг болж буурчээ. 



Гашуунсухайт боомт дээрх дараалал, хязгаарлалтаас үүдэн нүүрс олборлож буй компаниудын тээвэрт квот тогтоогоод байгаа аж. Энэ дагуу “Эрдэнэс тавантолгой” ХХК-д 45 хувь буюу 300 машин, “Энержи ресурс” 40 хувь 280, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д 15 хувь буюу ойролцоогоор 70 машин нүүрс тээвэрлэх квоттой болжээ. Энэ нь дээрх компаниудын гүйцэтгэл, ашиг орлого зэрэгт үлэмж хүндрэл үүсгэж байгаа нь илт. Цаашдаа БНХАУ-ын талаас таталтаа сэргээвэл энэхүү квотыг зогсоох ч тэр хүртэл нүүрсний тээвэрлэлт эрс багасч, агуулахад хураагдах хэмжээ нэмэгдэх үр дагавартай байна.

Тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэн компанид учирч буй эдийн засгийн хохирлыг тооцвол чамгүй тоо гарна гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-нд Уурхайн инженер хэлж байв. Хэрэв хязгаарлалт үргэлжилбэл алдагдлын тоо маш өндөрт хүрнэ. Гэхдээ ирэх сараас нааштай шийдвэр гарч, байдал өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэй байгааг нүүрсний олборлолт хийж буй компанийнхан нэг дуугаар хэлж байв.

“Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Таван толгой” компаниуд нийлээд өөрсдийн хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн байсан. Гэвч энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлэсэн үзүүлэлт гарсан бөгөөд үүнээс хойш гүйцэтгэл төдийлөн нэмэгдэж чадаагүй байна. Дээрх төлөвлөгөөг үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжүүлнэ гэж тооцвол өдөрт 1600 орчим тээврийн хэрэгсэл нүүрс экспортлох шаардлагатай ч өнөөдрийн байдлаар 600-800 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг дахин дурдах хэрэгтэй болов уу.


 
ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ?

Хил дээр үүсээд буй тээвэрлэлтийн энэхүү асуудлыг шийдвэрлэх ямар гарц байж болох талаар сурвалжлагын хугацаанд уулзсан “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн удирдлагууд, хил, гаалийн албаныхан, жолооч нар өөр өөрсдийн байр сууриар хэлж байв. Энэ дунд хамгийн бодит үр дүнтэй, нэн шаардлагатай нь төмөр замыг богино хугацаанд барьж, тээвэрлэлтийг эхлүүлэх гэдгийг олонх нь ярьж байлаа. Өнгөрөгч сард болсон “Coal Mongolia 2017” чуулга уулзалтын үеэр ч нүүрсний тээвэрлэлтийг “хос морьтой” болгож, төмөр замын асуудлыг яаравчлах шаардлагатай байгааг олон орны төлөөлөгчид онцолж байсан. Дэлхийн зах зээлд нүүрсээ үнэд хүргэх, нүүрсний үнийн ахархан хугацааны өсөлтийг ашиглан эдийн засгаа тэлэх боломж манай улсад бий. Харин ингэхийн тулд дэд бүтцийн асуудлаас гарч байгаа үнийн зөрүүг багасгах, нүүрсний нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингээх, төмөр зам барих гээд цаасан дээр хэрэгжүүлж ирсэн олон асуудлыг ажил хэрэг болгох шаардлагатай байгааг тэд онцолж байсан.

Түүнчлэн 260 км зам дээр үүссэн түгжрэлийг арилгахгүй ч шийдвэрлэж болох өөр нэгэн гарц нь Цагаан хаданд 500-600 машины зогсоол бүхий амрах газар барих гэдгийг хэд хэдэн хүн хэлж байв. БНХАУ-ын хилийн цаана “Адууны хашаа” гэх авто зогсоол байдаг бөгөөд тэнд жолооч нар автомашинаа байршуулан, тусгайлан өгсөн дугаарын дагуу хил нэвтэрдэг аж. Ингэснээр жолооч нарт амрах боломж олгож, үүнийгээ дагаад аюулгүй байдлыг хангахад ч нөлөөлөх боломжтой гэдгийг хэлж байв.



Үүнээс гадна Боомтын үндэсний зөвлөл Гашуунсухайтын боомтын хүчин чадлыг нэмэх, ажлын цагийг уртасгах, 24 цагаар ажиллуулах, Олон улсын боомтын статустай болгох чиглэлээр зэрэг олон талаас нь асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Гагцхүү БНХАУ-ын талаас тээвэрлэлтийн татан авах замаа хуучин хэмжээндээ хүргэж нэмэгдүүлбэл Гашуунсухайтад үүсээд буй асуудал цэгцрэх хамгийн ойрын шийдэл болоод байна. БНХАУ-ын хилийн боомтын хувьд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хурд 3-5 секунд, өдөрт 2000 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай хэмээн мэдээлж байсан. Тиймээс нүүрс татан авах гарцаа хоёр биш дөрөв болгон өмнөх хэвийн ажиллагаандаа шилжүүлэхэд хил дээр үүсээд буй тээвэрлэлтийн асуудал шийдэгдэх боломжтой гэж болох юм.

Гашуунсухайт боомтод үүссэн бодит нөхцөл байдал ийм байна. Харин төр засгийн түвшинд Засгийн газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс асуудлыг шийдвэрлэх талаар ямар гарц хайж байгаа, ямар боломж эрэлхийлж байгаа талаар сурвалжлагынхаа дараагийн дугаараар хүргэх болно.

Сурвалжилсан Н.Гантуяа 

Монгол брэнд