top banner

ЮНЕСКО: Дэлхийн хэмжээнд 264 сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байна


2017-10-25 14:56:49
Зураг
АНКАРА. /Aнадолу/. Дэлхийн хэмжээнд 264 сая гаруй хүүхэд сургуульд сурч, боловсрол эзэмшиж чадахгүй байна гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО мэдэгдсэнгийг "Анадолу" агентлаг уламжилжээ.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО “Дэлхийн боловсролын салбар” шинэ тайлангаа мягмар гарагт танилцуулсан байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирини Бокова боловсролын салбарт илүү анхаарлаа хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалахын сацуу “Өнөөдөр дэлхийн хэмжээнд сургуульд сурч чадахгүй байгаа 264 сая хүүхэд байна. Бид хамтын хүчин чармайлтаар боловсролын салбарын доголдлыг арилгах хэрэгтэй” гэжээ.

Энэхүү тайланг 2010-2015 онд 128 улсын холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргасан аж.

Дэлхийн ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн 90 хувийг хамруулсан уг тайланд дурдсанаар, 40 улсад дөрвөн хүүхэд тутмын нэг нь, 60 улсад хоёр хүүхэд тутмын нэг нь ерөнхий боловсролын сургуулиа бүрэн төгсөж байна. Ердөө 14-хөн улсад ерөнхий боловсролын сургуулиа бүрэн төгсөгчдийн тоо 90-ээс дээш хувьтай гарчээ.
Г.Доржханд

Монгол брэнд