top banner

Г.Шижирболд: “Севилийн үсчин” дуурь үзэгчдийг огтхон ч уйдаахгүй


2017-10-25 17:42:58
Зураг
УДБЭТ 55 жилийнхээ ойн баярыг угтан шинэ улирлынхаа эхэнд үзэгчдэдээ Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россинийн "Севилийн үсчин" дууриар бэлэг барьж байна. Тус дуурийг театрын уран бүтээлчид Италийн нэрт найруулагч Стефано Монтигийн цоо шинэ тавилтаар толилуулах ажээ. Ингээд тус дуурийн гол дүр Альмавивагийн дүрийг бүтээсэн Г.Шижирболдтой уулзаж ярилцлаа. 
 
-УДБЭТ 55 жилийнхээ ойн баярыг тохиолдуулан Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг шинэхэн тавилтаар тоглож үзигчиддээ бэлэг барих гэж байна. Харин та тус дуурийн Альмавивагийн дүрд дуулахаар болсон. Энэ талаар ярихгүй юу?

-Манай таетрын хувьд Ж.Россиний “Севилийн үсчин” дуурийг нилээн олон жилийн өмнө 70-аад оны үед тавьж байсан юм байна лээ. Миний хувьд Эрдэнэбулган найруулагчийн тавилтаар тайзнаа амилуулсан Альмавивагийн дүрд сүүлийн жилүүдэд дуулсан. Харин энэ жил бол шинэчилж Итали найруулагч ирж манай театрт ажиллаж байгаа. Найруулагч маань Италидаа нилээд хэдэн том дуурь тавьчихсан Стипана Монте гэдэг хүн байгаа. Өмнө энэ дуурьт 1800-аад оны үйл явдал өрнөдөг байсан бол энэ тавилтаар 100 жилээр хойшлуулаад 1920-1930 аад оны үе,  машин тэрэг үүсчихсэн арай орчин үелэг, хувцасны загвар чиг хандлагуудыг арай өөр түвшинд хийж байгаа нь миний хувьд маш их сонирхолтой байгаа. Үзэгчдийн хувьд ч бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна.

-Мэдээж 55 жилийнхээ ойн баяраар энэхүү дуурийг тоглох болсон нь шалтгаантай байх. “Севилийн үсчин” дуурийн онцлогийн талаар яриач?

-Энэхүү дуурь маш алдартай хошин дуурь л даа. Удиртгал хөгжим нь ч дэлхий нийтэд их алдартай. Дэлхийд хөгжмийн дуугаралтаар болон хошин дуурьдаа дээгүүрт жагсдаг. Мөн бүх театрын урын санд байдаг бүтээл гэж хэлж болно. Онцлог нь гэвэл Тоска , Турбадур гэх мэт дуурьд эмгэнэлтэй төгсдөг бол энэ дуурь ямар ч хүнд сэтгэл зүйн дарамт өгөхгүй бөгөөд бүх хөгжим нь хөнгөн, цоглог байдаг. Дуулж байгаа дуу нь ч гэсэн инээдмийн бөгөөд үзэгчдийг уйдаахгүй, аз жаргалтай төгсдөг гээд онцлог талууд ихтэй. Дээрээс нь хөдөлгөөн ихтэй, дүр болгон нь жижиг гэлтгүй өөрийн гэсэн онцлогтой.

-Альмавивагийн дүрийг бүтээхэд бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу, сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэсэн хүн тус дүрийг гайхалтай бүтээж чаддаг тухай сонсч байсан юм л даа...

-Тийм шүү. Жишээ нь хайрлаж дурласан бүсгүй нь үхэх, түүнийхээ араас гашуудаж уйлдаг дүрүүдийг бодвол энэ дүр бол эхнээсээ л дуулалтын хувьд маш хөнгөн, өөрөө маш догдлуун сэтгэлзүйтэй байж дуулдаг. Ядрангуй, сэтгэл дундуур, бие организм нь сэргэг бус үед дуулбал маш хүнд. Дүрийн онцлог нь сэтгэл санааны хувьд маш өндөр, сэргэлэн цовоо, авхаалж самбаатай дүр учраас дүрдээ сайн орж өөрийгөө дайчилж байж дээд, хөнгөн өнгө гардаг. Мөн энэ дүр маань гүн гүнзгий хүн учраас оюун санаа бие бялдрын хувьд ч бүхнийг чаддаг байх ёстой . Өөрөөр хэлбэл багаасаа яаж хоолоо зөв идэх вэ, бүсгүйчүүдийг яаж хүндлэх вэ, сэлмээр яаж тулалдах вэ гэх мэт чадвартай байх хэрэгтэй. Язгууртан хүн гэдэг нь бүх талаасаа бэлтгэгдсэн байдаг учраас ямар нэгэн алдаа гаргахгүй цэмцгэр, цэгцтэй хүний дүр. Тийм учраас би маш их хичээх шаардлагатай болсон.

-Та өмнө нь Ж.Пуччинийн “Чио Чио сан” болон А.Пушкиний “Евгений Онегин”-оос авахуулаад олон дуурийн гол дүрийг бүтээж байсан. Дүр бүхэн өөрийн шинж чанар, оршихуйг тайзан дээр илтгэн харуулдаг. Энэ удаагийнх юугаараа тийм онцлог байна вэ?

-Дүр болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр бүхэн нэг зохиолоос урган гардаг. Тухайн дүр нь ямар хүнийг илтгэж, ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ гэдгээрээ бусад зохиолын дүрүүдээс ялгардаг. “Евгений Онегин”-оор жишээ авахад Ленскийн дүр бол маш уярамтгай, дурлалдаа шатсан, амьдралын хар бараан зүйлийг үзээгүй, оргилуун дэврүүн сэтгэлээр явж байгаа залуугийн дүр. Харин Альмавивагийн дүр бол цол хэргэмтэй язгууртан мөртлөө мөн л хайрлаж дурласан хүн. Гол нь Альмавива, Россина хоёр бол хайр дурлалын төлөө явж байгаа. Харин бусад ихэнх дүрүүд дандаа мөнгөний төлөө явдаг. Энэ хоёр дүрээр хайр дурлал, мөнгөнөөс илүү, жинхэнэ хайраа олсон хүн мөнгөтэй байхаас илүү аз жаргалтай байдаг гэдгийг харуулахыг зорьсон нь надад их таалагддаг.



-“Севилийн үсчин” дуурийг үзээд хүмүүс юуг ойлгоосой гэж бодож байна. Та энэ дууриас өөртөө юу шингээж авсан бэ?


-Хүмүүсийг би хөгжмийн гоё сайхныг нь мэдрээсэй гэж хүсч байна. Мөн шинэ найруулагчийн маань хэлэх гээд байгаа утга санаа, тайзны зураачдын хөдөлмөр, жүжигчдийн хэлж буй санааг бүх талаар нь шимтэн үзэж, мэдэрч ойлгоосой хэмээн хүсч байна. Дуурийн утга санаа бол мөнгө хэзээд хайр дурлалаас илүү үнэтэй байдаггүй юм гэх санааг жаахан ч болтугай ойлгоосой. Тэгэхээр үзэгчид хүртэх, ойлгох зүйл энэ дуурьт их байгаа биз. /инээв/ Би  энэ дууриас маш их зүйлийг сурч мэдсэн. Дүрийн маань төрөл жанр бол бусад дуурийн дүрүүдээс онцгой. Дуулалтын хувьд ч маш их ур чадвар шаардана. Би тоглосон дүр болгоныхоо дотор луу өнгийж, гүнд нь орохыг хичээдэг. Хичээж байна аа гэдэг нь тэр дүрийнхээ мэдэрхүйг өөртөө шингээнэ гэсэн үг. Энэ дүрээс ч ялгаагүй бүх сайхан чанаруудыг нь өөртөө авч байгаа.

-Ер нь өмнө дуулж байсан дүрүүдээсээ алинд нь илүү хайртай вэ?

-Тоглосон бүх дүрдээ хайртай байдаг. Гэхдээ яг одоогоор бол Альмавивагийн дүрдээ илүү хайртай болчихсон явж байна. Ер нь дүр болгоныг яг бүтээж байх үедээ дурлаж, яг тэр орчиндоо, дүрдээ улам дуртай болдог. Энэ нь уран бүтээлч хүний нэг онцлог байх. Яг бүх дүрүүдээсээ ярих юм бол анх оюутан байхдаа дуулж байсан Пинкертоны дүрдээ илүү их хайртай. Учир нь миний дипломын ажил байсан. Энэ их урлагт хөл тавихад тусалсан сайхан дүр л дээ.

-Та тенор хоолойтой хүн шүү дээ, нэг удаа ч юм уу сайхан баритон хоолойтой байсан бол гэж бодож байсан уу?

-Ёстой тэгж бодож байгаагүй юм байна. Тенор хоолой гэдэг чинь өөрөө хэцүү хоолой л доо. Эрэгтэй хүнд байхгүй тэр дээд өнгө, нотыг авч өөртөө маш нарийн техникийг бий болгож дуулна гэдэг маш хэцүү.

-Таныг дунд сургуульд байхдаа “SIM” нэртэй попера хамтлагтай байсан гэж сонссон. Энэ тухайгаа яриач?

-Тийм. Яагаад гэвэл багаасаа урлаг, уран сайханд дуртай байсан. Гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс байдаг. Тухайн үеийн арван жилийн хүүхдүүд поп, хип хоп ч юмуу хамтлаг байгуулсан, өөрсдөө ч түүн дээ маш их дур сонирхолтой  байдаг байсан. Тэгээд би байрныхаа Идэрээ, Мандуул, Энхбаяр гээд найзуудтайгаа нийлээд “SIM” гэдэг хамтлагаа анх байгуулж байлаа. Хичээлийн хажуугаар, сурагчдын амралтаар дуулдаг байсан. Би Өвөрхангайн уугуул л даа. Тэр үед бидийг төгссөнөөс хойш хоёр, гурван жилийн дараа ч ярьдаг, дууг маань сонсох дуртай шүтэн бишрэгчидтэй байлаа. Одоо ингээд бодоход гоё дурсамж шүү. Хамтлагаараа цуглахдаа дуунуудаа дуулах дуртай.

-Өнөөдөр үзэгчид сонгодог урлагийг харьцангуй сайн ойлгодог, мэдэрдэг болсон. Дуурийн театрын хамт олон ч басхүү сайн үзэгчид бэлтгэж, улирал бүрт шинэ тоглолт хүргэж байгаа. Шинэ  залуу сайн уран бүтээлчид ч олноор гарах болсон. Залуу уран бүтээлчийн хувьд театраас явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Залуучууд маань нэгэн үеэ бодоход хөгжим, уран зураг, уран зохиол, балет, дуурь, драмын жүжиг гэж юу юм бэ? гэдгийг мэдэхийг эрмэлздэг болчихсон байна. Үүнийг дагаад үзэгчид бас их сайхан соёлтой байдаг болжээ. Үүнд би залуу хүний хувьд баярлаж явдаг. Манай Монголын залуучууд одоогийн түвшнээс илүүтэй урлагийг ойлгож мэдэрдэг болоосой гэж хүсдэг. Манай театрын бодлогын хувьд одоо болон өмнөх дууриуд дээр харахад театрын маркетинг менежментийн залуус сайн ажиллаж байна. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Урлагийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байгаа нь илт харагддаг. Мөн энэ дуурьд ажиллаж байгаа реклам зар сурталчилгаа, нуур хувиргалт, тайз засал гээд бүгд чин сэтгэлээсээ хичээсэн. Хүн бүр өөрсдийн дуртай зүйлсээ хийж байгаа юм шигээр л бие сэтгэлээ дайчилж ажиллаж байгаа нь харагдсан. Тиймдээ ч бид цаашдаа үүнээс илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэзлэлтэй байдаг.



-Таны аавыг Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрт удирдаач морин хуурч, ээж тань болохоор хуучир хөгжим тоглодог гэж сонссон. Урлагийн гэр бүлд хүмүүжсэн болохоор дуурийн урлагт татагдаж, сонирхдог болсон уу, өөр шалтгаан бий юу?


-Аав маань өөрөө уртын дуучин, морин хуурч, олон талын авьяастай хүн. Театрынхаа бүхий л ажлыг хийдэг. Одоо уран сайхны удирдаачаар ажиллаж байгаа. Ээж маань ч адилхан хуучир хөгжмөө тоглож, театртаа ажилласан хэвээр. Манай ах ч бас театрын жүжигчин мэргэжилтэй.  Бид хоёр СУИС-д цаг хугацааны хувьд их ойролцоо элсэн орж байсан. Урлагийн гэр бүлд өссөн гэдгээр ч юм уу, цаанаасаа урлагийн хүн болох өгөгдлүүд байсан болов уу. Тэгээд л багаасаа урлагт хайртай, дуртай өссөн. Өнөөдөр ч дуртай зүйлээ хийж, түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулаад явж байна даа.

-Жүжигчин хүнд нэг тийм дүр бүтээчих юмсан гэсэн мөрөөдөл байдаг. Таны хувьд...

-Миний хувьд Пуччины “Турандот” дуурийн Калаф хэмээх монгол ханхүүгийн дүрд дуулахыг хүсдэг. Учир нь алдартай энэ дуурийн гол дүр монгол ханхүү байгаа нь сайхан санагддаг. Тиймээс нас маань болоод би өөрөө боловсроод, бэлтгэгдээд ирвэл Калаф ханхүүгийн дүрийг л бүтээхийг мөрөөддөг дөө.
 
Ярилцсан: Б.Алтанхуяг
 
 
 

Монгол брэнд