top banner

Тавантолгойн нүүрсийг баяжуулвал тонн тутамд 40 ам.долларын нэмүү өртөг шингээх боломжтой


2017-10-31 14:32:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөөн хүн амтай ч байгалийн баялгаараа олон улсын анхаарлыг татдаг Монголын стратегийн гол ордын нэг бол 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд юм. Коксжих нүүрсний 1.8 тэрбум тонн нөөцөөрөө дэлхийд 10-т данслагддаг уг ордоос өнөөдрийн байдлаар жилд 50 хүртэл сая тонн нүүрс олборлож, экспортод гаргах боломжтой болоод байгаа. Монгол Улсын эрдэс баялгийн экспортын 50-аас илүү хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд эргэн сэргэж, дагаад эдийн засгаа тэлэх томоохон боломж бидэнд ирээд байна. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас нүүрсний үнийн өсөлтийн өгөөжийг хангалттай хэмжээнд хүртэж чадахгүй байгаа нь нууц биш. Үүний нэг шалтгаан болоод буй Гашуунсухайт дахь хилийн нэвтрүүлэх чадвар хумигдсан асуудлыг өмнөх сурвалжлагаараа бид хүргэсэн. Харин энэ удаад Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж буй Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, үндэсний компаниудын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иудад хийсэн сурвалжлагаа хүргэж байна. Хүчин чадал, бодлого, дэд бүтцийнхээ хувьд харилцан адилгүй энэ гурван компанийн хувьд нийтлэг бэрхшээл нь нүүрсний үнийн савлагаа юм. Харин “Энержи Ресурс”-ыг эс тооцвол төрийн болон орон нутгийн өмчит хоёр компанид нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээн нүүрсээ борлуулах нэн тэргүүний шаардлага тулгараад байна. Учир нь өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэрт угаасан нүүрсийг тонн тутамд 110 ам.доллар, харин түүхий нүүрсийг 64.9-70 ам.доллараар худалдаалж байна. Өөрөөр хэлбэл тонн тутмаас 40 орчим ам.долларын зөрүүг бид түүхий нүүрс экспортолсноороо алдаж байгаа хэрэг юм.


ТҮҮХЭН ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ГАЦААНД ОРЛОО

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд орших таван жижиг толгод бүхий газар нутагт Тавантолгойн нүүрсний бүлэг орд оршдог. Тогтоогдсон нийт 6.4 тэрбум тонн нөөцийн 1.8 тэрбум нь коксжих нүүрс бөгөөд үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс юм. Ордын дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 67 хувьтай байгаа нь Канад, Австралийн нүүрснээс коксжих чанараараа давууд тооцогддог. Коксжих нүүрсний илчлэг нь 7500-8100 ккал/кг бол эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг байдаг учир БНХАУ-ын ган хайлуулах үйлдвэрүүд гол худалдан авагч болдог юм.

Нэгээхэн хэсэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж, дагаад манай улсын нүүрснээс олох экспортын орлого буурч, хүндхэн цаг хугацааг давсан. Харин өнгөрөгч оноос сэргэж эхэлсэн нүүрсний үнэ энэ онд сүүлийн хэдэн жилд байгаагүй хэмжээндээ хүрч, Монгол Улсын хувьд “цонх” үеийн ашиглан эдийн засгаа тэлэх боломж олдоод байгаа юм. Үүнийг дагаад оны эхний хагаст тун амжилттай явж, нүүрсний экспорт, орлого түүхэн хэмжээнд хүрч байв. Тодруулбал Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хагас жилд нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, нэг тэрбум 282.3 сая ам.долларын орлого олсон. Энэ нь хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсний экспорт хийсэн амжилт байв. Экспортолсон нүүрсний дийлэнх нь боловсруулаагүй, чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 50-иас дээш хувийг нүүрснээс олсон орлого дангаараа бүрдүүлжээ. Энэ нь экспортын гол зах зээл БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний салбартаа авч хэрэгжүүлж байгаа бодлого эрэлтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Мөн олон жилийн доод цэгтээ хүрч, уналтад ороод байсан нүүрсний салбарт ханшийн сэргэлт бий болсон нь орлого нэмэгдэх шалтгаан болжээ.

Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн экспорт бүрдүүлсэн бол Үндэсний компаниудын хөрөнгө оруулалт бүхий ”Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иуд үлдсэн жинг дарсан байна. Гэвч харамсалтай нь наймдугаар сард БНХАУ-ын талаас хилийн шалган нэвтрүүлэх хяналтаа чангатгаж, Ганц мод боомтын нэвтрэх чадварыг хоёр дахин багасгаснаар экспортын огцом өсөлтийн хурд саараад байна. Өдөрт 1600 гаруй машин нүүрс хилээр гарч байсан бол энэхүү шийдвэрээс хойш 2-3 дахин багасч, 500-600 машин хүртлээ буурав. Гашуунсухайтын энэхүү асуудлыг шийдвэрлэхээр төр засгийн түвшинд БНХАУ-ын Элчин сайдтай тогтмол уулзалт хийж байгаа бөгөөд тун удалгүй нааштай шийд гарна гэсэн хүлээлттэй байгаа.
Гэхдээ зөвхөн хилийн нэвтрэх чадвараас гадна Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулж буй дээрх гурван компанийн хоёрт нь нэн тулгамдсан асуудал бол Нүүрс баяжуулах үйлдвэр болоод байна.


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУУРАЙ АРГААР НҮҮРС УГААХ
ТУРШИЛТЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр 2010 онд Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулсан. Тус компани Тавантолгой дахь коксжих нүүрсний гол хэсэг Цанхийн баруун, зүүн аманд олборлолт явуулдаг.

Экспортын гол ачааг үүрдэг “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлээд 7 жилийн нүүр үзэж байгаа ч Нүүрс угаах баяжуулах үйлдвэр, эрчим хүч, усан хангамж, төмөр зам гэсэн дэд бүтцийн үндсэн төслүүд эцэслэгдээгүй хэвээр байгаа. Эдгээр төслийг яаралтай хэрэгжүүлж,  бүгд нэг цогц болж байж Монгол Улсын эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн, бүс нутгийн хэмжээнд нүүрсний зах зээл дээр томоохон байр суурь эзлэх зорилгодоо хүрэх боломжтой.

“Эрдэнэс Тавантолгой” одоо 4 дүгээр давхаргын хамгийн сайн чанарын нүүрсээ олборлож, экспортод гаргаж байгаа талаар тус компанийн төлөөлөл ярьсан байдаг. Хэрэв олборлолт хэвийн явбал тун удахгүй дараагийн давхарга руугаа шилжих бөгөөд ингэвэл Хятадын гаалийн байгууллагын хорио цээрийн шаардлагыг манай нүүрс хангахаа болих аж. Учир нь өнгөрсөн оноос БНХАУ-ын зургаан яамны тогтоолоор баталсан Импортлох болон тээвэрлэх нүүрсний шинэ журам мөрдөж эхэлсэн бөгөөд уг журамд нүүрсэнд агуулагдах фтор, хүнцэл, хлор, фосфор, мөнгөн ус, хүхэр гэсэн химийн элементийн дээд хязгаарыг заажээ. Мөн нүүрсний илчлэгийн дээд, доод хязгаарыг ч тусгасан учир бид энэ шаардлагад нүүрсээ нийцүүлэхийн тулд нүүрсээ боловсруулахаас өөр аргагүйд хүрч байна.

Тус компанин 2012 онд нойтон аргын технологиор жилд 15 сая тонн Нүүрс угаах баяжуулах үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ хийлгэсэн ч Балгасын улаан нуур хэмээх газраас гүний ус ашиглахыг эсэргүүцсэний улмаар зогссон юм. Иймээс дараагийн шийдлийг хайж, Японы "Нагата инженеринг” компани хуурай аргаар нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах санал тавьсныг үндэслэн 2013 онд Санамж бичиг байгуулж, судалгааны ажлаа эхлүүлсэн. Туршилт судалгааны үр дүн харьцангуй сайн гарсан учир жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар хоёр тал тохирч, өнгөрөгч наймдугаар сард гарын үсэг зурсан. Элс ашиглан нүүрс боловсруулах энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал хоёр жилийн турш ажиллуулж, технологио улам сайжруулан, хүчин чадлыг нь нэмэх зорилго тавиад байгаа. Хуурай аргаар нүүрс боловсруулах нь ус ашиглан боловсруулснаас зардлын хувьд хямд, мөн говийн нэн тулгамдсан асуудал болсон усны нөөцөд аюул заналхийлэхгүй юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд, энэ онд Тавантолгойн бүлэг ордоос 20.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар төлөвлөгөөг 11.5 сая тонн болгон буулгаад байна. Цанхийн зүүн уурхай 7.2 сая нүүрс олборлох төлөвлөгөөтэйгөөс 5.2 сая тонн, Цанхийн баруун уурхай 4 сая тонн олборлохоос 2.8 сая тонн олборложээ. Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад олборлолт, экспорт өндөр үзүүлэлт харагдаж байгаа ч энэ онд “Чалко”-гийн өрийг төлж дуусгахын тулд урд өмнө байгаагүй хэмжээгээрээ нүүрс олборлож, экспортолсонтой холбоотой. Өнгөрөгч гуравдугаар сард гэхэд 1.2 сая тонн нүүрс гаргаж, түүхэн хэмжээнд хүрсэн. Ингээд Чалко-гийн өрийг 4-6 сард төлж дуусган, хэвийн ажиллагаандаа орсон ч 7 дугаар сараас хилийн боомт дээрх асуудал эхэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой”-н Ачилт, экспортын албаны ахлах мэргэжилтэн Э.Ариунболдын хэлж буйгаар өдийд дууссан байх ёстой 10 гэрээ өнөөдөр 50 хувийн хэрэгжилттэй явж байгаа аж. Тус компани нийт 23 худалдан авагчийн 21 гэрээний хэрэгжилтийг ханган ажилладаг бөгөөд нийт 6200 машин бүртгэлтэй байдаг.


ОРОН НУТГИЙН "ТАВАНТОЛГОЙ" ТОНН ТУТАМД
17 АМ.ДОЛЛАРЫН ТАТВАР ТӨЛДӨГ 

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн ууган уурхайн бол орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК. 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй тус компанийн 51 хувь нь орон нутгийн өмч, үлдсэн 49 хувийн 90 орчим  хувийг “Ажнай” корпораци, “Ээрмэл” ХХК зэрэг монгол иргэд, ААН, үлдсэн хувийг 23 улсын хувьцаа эзэмшигч эзэмшдэг байна.

“Тавантолгой” 2004 оныг хүртэл говийн аймгуудыг дулааны нүүрсээр хангадаг жижиг хэмжээний уурхай байсан бөгөөд коксжих нүүрсээ Хятадын зах зээлд гаргаж эхэлсэнээр 2011 он гэхэд нүүрс экспортлолтын хэмжээгээр улсдаа тэргүүлэх компани /6.1 сая тн/, Монголын Хөрөнгийн Бирж дээр зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том компани /580 тэрбум төг/, мөн улсын хэмжээнд татвар төлөлтийнхөө хэмжээгээр хоёрт орсон /120 сая ам.доллар/ том компани болжээ. “Тавантолгой”-н нөөц 197.5 сая тонн нүүрсний нөөцтэйгөөр 70 орчим сая нь коксжих нүүрс гэж үздэг. Компани нүүрсээ уурхайн аман дээрээс шууд борлуулж байна.

“Тавантолгой” ХК-ийн эдийн засагч Ч.Төрмандахын хэлж буйгаар тус компани нэг тонн нүүрс тутмаас 17 ам.долларыг татварт төлдөг нь нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хамгийн өндөрт ордог аж. 2017 оны эхний хагас жилд 255 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд татварын дараах цэвэр ашиг 57.2 тэрбум байжээ. Хувьцаа эзэмшигчид үүнээс ноогдол ашиг хүртэнэ. Энэ онд 128 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Хувьцаа нь 1200 төгрөг байснаас 2017 онд 9400 төгрөг хүрч өсчээ. “Тавантолгой”-н эрчим хүчний нүүрсийг ойролцоох 11 сум, Дундговь, Дорноговийн хилийн застав худалдан авдаг. 1 тонн нүүрсийг олборлох өртөг нь 30.000 төгрөг байдаг бол дотоод зах зээлд 15.000 төгрөгөөр хямдруулж худалдаалдаг аж. Зөвхөн дотоодын зах зээлд зориулан 2016 онд 700 орчим сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Жилд хоёр тэрбум төгрөгийн алдагдал дотоодын гүйлгээнээс хүлээдэг ч гадаад гүйлгээнээс нөхдөг юм байна.

“Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Манайхыг “жижиг Тавантолгой” гэж хүмүүс яридаг. Угтаа бол жижиг биш харин том, өвөг болсон уурхай шүү дээ. Орон нутаг, улсын төсөвт оруулж байгаа татвар, хөрөнгө оруулалтаар манай компани тэргүүлж байгаа нь хэний ч нүдэнд ил байна. Аймаг бүрт байгалийн баялаг бий. Тэр бүрийн 51 хувийг орон нутгийн мэдэлд өгөхөд маш үр ашигтай гэдэг нь манай компанийн жишээгээр харагдаж байна. Орон нутгийн шууд хяналттай, хөгжилд ч шууд нөлөөтэй. Жилд 120 тэрбум төгрөгийн төсөвтэй Өмнөговь аймагт “Тавантолгой” ХК жилд 128 тэрбум төгрөгийн татвар төлдөг” хэмээж байв.

Тус компани олборлосон нүүрсээ уурхайн амнаасаа Гашуунсухайт боомт руу 70 ам.доллараар зарж байна. Өндөр чанарын коксжих нүүрсний ордтой гэдгээрээ онцлог байдаг тус компани олборлолт хийж буй кокстоо стандарт батлуулаад авчээ. Одоогийн байдлаар жилд 1000 тонн кокс үйлдвэрлэж байгаа бөгөөд тонн тутмыг нь 330 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин түүхийгээр ачиж байгаа нүүрсэнд коксжих, сул коксжих, исэлдэх зэргийг ялгах боломжгүй учир кокс ихтэй ачих магадлал их байдаг аж.



“Тавантолгой”-н хувьд Нүүрс баяжуулах үйлдвэрийг 2019 оноос ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Хэрэв ингэж чадвал уурхайн нүүрсний борлуулалтын орлого мэдэгдэхүйц нэмэгдэж, дагаад орон нутаг, улсад төлж буй татвар нь өснө.  Харин баяжуулах үйлдвэр байгуулахад ганцхан бэрхшээл тулгарч буй нь говийн усны асуудал хэмээн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж хэлж байв. Тэрбээр “Хэрлэнговь, Орхонговь төслийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Хэрэв ингэж чадвал бид баяжуулах үйлдвэр байгуулж, нүүрсээ нэмүү өртөг шингээн борлуулна. Эс бөгөөс усны асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй хэвээр байна. Хэрлэнговь төслийг БНХАУ дэмжих нааштай шийд гарсан ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээн ярьж байлаа. Усны гольдролыг өөрчилж, ус татах асуудал нэн шаардлагатай байгааг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ч мөн хэлж байсан юм.  

“Хэрлэнговь” төслийн тухайд Монгол орны хамгийн урт, хамгийн томд тооцогдох цөөхөн хэдэн голын нэг болох Хэрлэнгээс шугаман хоолойгоор дамжуулан говийн бүс рүү ус зөөвөрлөх зорилготой юм. Харин “Орхонговь” төсөл нь мөн л Монгол орны хамгийн урт хийгээд томоохон талбайг хамардаг Орхон голоос 740 км урттай шугаман хоолойг Тавантолгой, Оюутолгой руу татаж, тэдгээрээс салаалуулан Мандалговь, Даланзадгадыг усаар хангах зорилготой. Эдгээр төслөөс гарах нийт усны 50 хувийг уурхай болон үйлдвэрийн хэрэгцээнд, 30 хувийг усалгаатай газар тариаланд, үлдсэн хэсгийг унд, мал аж ахуй болон байгаль орчны усны хэрэгцээнд ашиглахаар тусгасан. Гэвч эдгээр төслүүд чамгүй олон жил шийдэлд хүрэлгүй зогсоод байгаа юм.


“ЭНЕРЖИ РЕСУРС” БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ХҮЧИН ЧАДЛЫН

ТАЛ ХУВИЙГ АШИГЛАЖ БАЙНА

Ашиг орлого нь төрд, орон нутгийн өмчид орж буй дээрх хоёр компани баяжуулах үйлдвэргүйгээс нүүрсээ уурхайн амнаасаа түүхийгээр нь ачиж 40 орчим ам.долларын хямд өртгөөр борлуулж байхад цорын ганц баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан “Энержи Ресурс” ХХК үйлдвэрийнхээ хүчин чадлын дөнгөж тал хувийг ашиглаж байна. Энэ бол эрхгүй анхаарал татах зүйл байв. Тодруулбал Цогтцэций сумын Ухаа худагийн ордод 12 жил олборлолт явуулж байгаа тус компани жилд 15 сая тонн нүүрс  угааж, баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2011-2013 онд ашиглалтад оруулаад байгаа.

Үйлдвэр нь нийт 3 модульд суурилсан тус бүр 900 тонн/цаг буюу өдөрт 21.000, жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай бөгөөд экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн технологийн дэвшилтэт шийдэл нь Монголд төдийгүй бүс нутагтаа анхдагч аж. Тухайлбал усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой болсон талаар Нүүрс баяжуулах үйлдвэрийн ашиглалтын ахлах мастер Н.Тэмүүжин ярьж байв. Мөн 2013 онд тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрээс гарах хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор дахин шавхаж боловсруулдаг болсон бөгөөд ингэснээр үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70 хувь нэмэгдүүлжээ.

Ухаа худагийн коксжих нүүрсний орд нь 2,962 га талбайтай, 680 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 292 сая тонн нүүрсний нөөцийг 30 жил ил аргаар олборлосны дараа далд аргаар олборлох төлөвлөгөөтэй юм. Энэ ордод олборлолт явуулах эрх бүхий “Энержи Ресурс” ХХК-ийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулж, 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасанд тооцогддог. “Энержи Ресурс” ХХК нь Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2009 оноос хойш улсын төсөвт 800 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 3,500 аж ахуйн нэгжтэй хамтран ажилласан талаар тоон баримт байна. Харин өнгөрсөн 7 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 40 сая 900 мянган тонн нүүрс олборлоод байгаа аж.



Өнөөдрийн байдлаар нүүрсийг дотооддоо угааж баяжуулах үйлдвэр байгуулан ашиглаж буй тус компани зургаан аймгийг цахилгаанаар хангахуйц 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг барьж 2011 онд ашиглалтад оруулсан. Уг станц уурхайн болон дэд бүтцийн төслүүд, болон төвийн эрчим хүчний системээс алслагдсан байсан Цогтцэций сумыг тог цахилгаанаар хангаж байна. Мөн л говь нутгийн байгалийн онцлогт тохирсон хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан учраас бусад станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг талаар инженер нь хэлж байв.

“Энержи Ресурс” компанийн Геологи,  Уул уурхайн төлөвлөлтийн албаны дарга С.Лхагва-Очир “Манай уурхайн гол онцлог нь баяжуулах үйлдвэртэй учир сайн, муу нүүрсээ хольж тэжээн, нэг төрлийн бүтээгдэхүүн болгон жигдлээд экспортод гаргадаг учир хаягдал бага. Хэрэв түүхийгээр нь гаргавал эрчим хүчний нүүрс эскпорт, худалдан авалтын шаардлага хангахгүйд хүрч, овоолго үүсгэх магадлалтай. Одоо бол олборлож байгаа нүүрсээ 100 хувь тэжээж байна. Үйлдвэр байхгүй бол 70 орчим хувь нь экспортод гарч, үлдсэн нь дотооддоо шороо, овоолго болж үлдэнэ” хэмээж байв.

Хонконгийн хөрөнгийн биржид нэгж хувьцааны үнэ 2.7 хон.долларын ханштай байгаа “Энержи ресурс”-ын хувьцааны ханш өсөхгүй байгаа гол шалтгаан нь үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй, борлуулалт тааруу байгаатай холбоотой. Дээр нь Гашуунсухайт дахь боомтын асуудал үүссэний улмаас энэ онд төлөвлөөд байсан 12 сая тонн нүүрс олборлож, 6 сая тонн нүүрсийг баяжуулан борлуулах зорилтын дөнгөж 5-ны нэгтэй тэнцэх хэмжээг өнөөдрийн байдлаар гүйцэтгээд байна. Тодруулбал 2.9 сая тонн нүүрс олборлож, 900.000 тонн нүүрс борлуулсан бөгөөд  үйлдвэрээс гарсан 400 гаруй тонн хатуу коксжих нүүрс овоолго үүсгэжээ.



Энэ талаар “Энержи Ресурс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж “Ил уурхайн жилийн хүчин чадал 10 сая тонн хэдий ч өнөөдрийн байдлаар 6 орчим сая тонн нүүрс олборлосон байна. Баяжуулах үйлдвэр ч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй, 15 сая тонн боловсруулахаас 5 сая тонн боловсруулж байна. Дунджаар 50 орчим хувийг ашиглаж байна гэсэн үг юм. Гол асуудал нь хилийн боомтын нэвтрэх чадвартай холбоотой гэж болно. Цаанаа авахыг хүссэн хэрэглэгч нар байгаа ч хилээр нэвтрүүлэх хүчин чадалд л тааруулж олборлон, боловсруулж байна. Манай компанид өдөрт 200 автомашины квот тогтоосон. Гашуунсухайт дахь асуудал үүсэхээс өмнө ч манай хүчин чадлыг бүрэн ашиглахуйц тээвэрлэлт хангалтгүй байсан. Үүнийг шийдвэрлэх ганц гарц л төмөр зам" хэмээж байв.

Нүүрсний үнийн уналтын үед “Энержи ресурс”-ын баяжуулсан нүүрс 2014-2015 онд 50 ам.доллар, оргил үед 2011-2012 онд 156 ам.долларт хүрч байсан түүхтэй. Харин өнөөдрийн байдлаар оргил үеийн ханшдаа хүрээгүй 110 ам.доллараар борлуулалт хийж байгаа энэ үед олборлолт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадвал ашиг орлого огцом өсөх боломжтой байна. Үүний дагаад улсын төсөвт төлөх татвар, хураамжийн ч хувь хэмжээ өсөх боломжтой.
******

Тавантолгойн орд хэдий дэлхийд данслагдах нөөцтэй ч дэд бүтэц, тээвэр, цаашлаад нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээж чадахгүй байгаа зэрэг хэд хэдэн том шалтгааны улмаас ашиг орлого төдийлөн их биш, эдийн засгийн үр ашиг тооцоолж байсан хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч, коксжих нүүрсний үнэ сэргэж байгаа энэ цаг үед экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх боломж бидэнд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ойрын төлөвлөгөө бий ч тэр хүртэл бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй байгаа “Энержи Ресурс”-ын үйлдвэрийг бусад хоёр уурхай нь ашиглах боломжтой гэсэн саналыг ч мөн хэлж байлаа.

Ямартаа ч дотооддоо баяжуулж, боловсруулснаар Монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрддэг гол давуу талтай билээ.
Сурвалжилсан Н.Гантуяа

 

Монгол брэнд