top banner

Д.Сумъяабазар: Шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна


2017-11-01 17:20:21
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтыг олон нийтэд нээлттэй ил тод болгох зорилгоор “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт  хийхээ мэдэгдлээ.
Өнөөдрийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр салбарын есдүгээр сарын статистик үзүүлэлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
 
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл  эхний есдүгээр сарын байдлаар 9.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 37.4 хувиар өссөнийг онцлов. Ийнхүү өсөлт үзүүлэхэд Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн  үйлдвэрлэл тэр дундаа нүүрс болон хүдэр олборлолт өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 73.2 хувийг эзэлж байгаа аж. Манай улс эхний есөн сарын байдлаар 36.2 сая тонн нүүрс, 960 мянган тонн зэсийн баяжмал, 14.8 тонн алт, 5.9 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс   алт 814.1 кг  нүүрс 14.7 сая тонн, катодын зэс 37.3 тонноор нэмэгджээ. Түүнчлэн уул уурхайн салбараас эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 1,075.4 тэрбум төгрөг татвар төвлөрчээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үеэс 581.2 тэрбум төгрөг буюу 117.6 хувиар өссөн байна.

  Монгол Улс шатахууны  42 хоногийн нөөцтэй байна
 
Улсын хэмжээнд  2 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байгаа аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа,“Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна.  Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжих хугацааг хойшлуулах арга хэмжээ авч ажиллана. Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортын гүйцэтгэл 71.81 хувьтай байна. Энэ онд  1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 821.9 мянган тонн түүхий тосыг БНХАУ-д экспортлоод байна” гэв.
 
Хармагтайн орд  Оюу толгойн  нөөцөөс бага гэв

Алтны үндсэн хоёр орд, алтны шороон 22 орд, холимог металлын хоёр орд, цагаан тугалга, гянтболдын хоёр орд зэрэг 70 ордын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн байна.

Мөн үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тархаад байгаа талаар сэтгүүлчид Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогтоос тодруулсан юм.

Тэрээр "Хармагтайн зэс, алтны ордыг нээхээр 1993 онд  100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн. 2002 онд “Айванхоу” өөрийн охин компани "Оюут Улаан"-д шилжүүлсэн. 2013 оны есдүгээр сарын 27-нд тухайн талбайн нөөц нь тогтоогдож А буюу ашиглалтын лицензтэй болсон. Ордын нөөцийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулснаар  бодитой боломжит буюу ABC зэрэглэлээр 86 сая тонн хүдэр, үүнээс алтны нөөц нь 38.4 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж бүртгэгдсэн. 2013 оноос хойш тухайн талбайд ашиглалтын үеийн нэмэлт хайгуулын ажил хийж байгаа. Тухайн компани саяхан Хөрөнгийн бирж дээр хайгуулын ажлын үр дүнг мэдээлсэн. Хайгуулын ажлын үр дүнгээр нөөц баялаг нь тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Үүнийгээ ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах биз ээ. Тус ордыг Оюу толгойгоос том, дэлхийн хэмжээний орд гэж ярьж байна. Өнөөдрийн тогтоогдсон нөөцөөр бол алтны нөөц нь 38 тонн байгаа. Гэтэл Оюу толгойн ордын алтны нөөц 1,800 тонн . Зэсийн нөөц нь 348 мянган тонн байхад Оюу толгойн ордынх 40 сая тонн. Тиймээс дээрх тооноос ямар хэмжээний орд вэ гэдэг нь тодорхой юм.Мэдээж хэрэг хайгуулын ажил өрнөж байгаа учраас нөөц нь нэмэгдэнэ" хэмээв.
 
Салбарын яам хүнд үйлдвэрийн салбарт анхаарал хандуулна 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бодлогын хүрээнд  газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл, Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг урагшлуулахад онцгойлон анхаарч ажиллах юм байна.

Тухайлбал  газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд түүхий тос дамжуулах хоолойн цогцолбор байгууламж барих бөгөөд үүнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд хөрөнгө оруулалт нөхөх хугацаа нь 11-12 жил юм байна. Төслийн хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компанийг байгуулсан. Улмаар газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин, 560 мянган тонн дизель түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.

  Харин зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулж 257.200 тонн катодын зэс, 5880 кг алт, 57 мянган кг мөнгө үйлдвэрлэж, 580 шууд ажлын байр бий болгоно гэлээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд