top banner

Хотын морьд


2017-11-02 15:21:43
Зураг

Уран бүтээлч М.Эрдэнэбаяр "Хотын морьд" үзэсгэлэнгээ "Тооно" галерейд нээсэн юм. Орчин үеийн урлагийн агуулга хэлбэрийг өөртөө бүрэн шингээсэн энэхүү үзэсгэлэнд М.Эрдэнэбаяр 30 орчим бүтээл тавьжээ. Олонхыг нь энэ оны зун, намар бүтээсэн аж. Эдгээр нь өнөө цаг үед монголчууд хийгээд манай нийгэмд гарч буй нийгмийн үзэгдлүүдийг тусган харуулсан бүтээлүүд юм.

Мөн уран бүтээлч М.Эрдэнэбаярын сүүлийн үед хийж буй модон баримлын ажлууд ч бий. "Хотын морьд" үзэсгэлэн ирэх сарын 18-ныг дуустал Шангри-Ла резиденсэд байрлах "Тооно" галерейд гарна.

М.Эрдэнэбаяр өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Сингапур (2013), Швейцарь (2011), Хонг Конг (2010), Тайланд (2009), Энэтхэг (2008), АНУ (2004) зэрэг олон оронд гаргаж, Монголын орчин үеийн урлагийг өөрийн өнцөг хийгээд, уламжлалт ахуй, сүлдэнд заларсан морин эрдэнийн дүрээр хүнийг сэтгэлийн илэрхийллүүд хэрхэн ургаж гарахыг дэлхийн уран зураг сонирхогч хийгээд бүтээлч, үзэгчдэд танилцуулсан байна.

Эхлэх цэг

М.Эрдэнэбаяр хорь орчим жилийн өмнө “Чингисийн хоёр загал” туужаас сэдэвлэж анхны морьдоо зурж байв. Тэрхүү туужид эрх чөлөөтэй, өөрийн хүслээрээ амьдрахыг хүссэн эр хоёр загал болоод эзэн хаандаа үнэнч явж, эх нутагтаа байх хүслийг эцэст нь олж авсан морьдын тухай өгүүлдэг гэдгийг уншигчид андахгүй. Харин “Хотын морьд” үзэсгэлэнд уран зургуудаас илүүтэй, холимог техник, модон сийлбэрийн ажлууд зонхилсон харагдана.



Зүгээр л нэг хүүхдийн тоглоомыг бэржээнтэн даавуугаар хамгаалж бүтээсэн нь томоохон урлагийн бүтээл шиг харагдсан тухай яруу найрагч Л.Өлзийтөгс нэгэнтээ дурдсан байсныг санав. Гэтэл зураач М.Эрдэнэбаяр “Хүмүүс огт хэрэггүй гэж хардаг зүйлийг том урлаг болгож байгаа нь надад маш их таалагддаг. Тэдгээр зүйлийг урлаг болгон харж байгаа хүн, үүнийг урлаг гэж хүлээн зөвшөөрч  байгаа хүн ямар мундаг юм бэ” хэмээн хэлсэн байгаа юм.

Түүний “Одоо 1, Одоо 2” зэрэг модон сийлбэр, холимог техникийн цурвал ажил болоод “Оройгүй”, “Хотын морьд 1-10” хүртэлх цуврал зургуудаас өнөөгийн нийгмийн бараан, гэрэл гэгээтэй олон янзын дүр зураг харагдана. Нөгөөтэйгүүр анзаарч сайн харвал “Одоо” гэх бүтээлд морин толгойн дүрс бүхий модон сийлбэрийн тал талаас нь бэлдмэл шахаж буйг харуулжээ. Энэ л жинхэнэ уран бүтээлчийн дотоод эмзэглэл яах аргагүй мөн санагдана. Эндээс л урлагийн тухай төсөөлөл, уран бүтээлчийн бодол эхэлж хэлбэрийн тухай өөртөө тавих асуултууд урган гарсан биз ээ.

Бүдгэрээгүй дүр

Түүний бүтээлийг нүүдэлчин ахуй, адуу малтай холбон тайлбарлаж болох ч урлаг талаас нь харвал нэлээд гүжирдмэл хэрэг болно. Учир нь М.Эрдэнэбаярын бүтээлд хурдан морь, унага даага огт хамаагүй. Гол нь зураач маань бүтээлийнхээ “хэлбэр”-ийг адууны дүрсээр бий болгосон хэрэг. Уран бүтээлч хүн бүр өөрийн арга барил, харах өнцөгтэй байдаг. Харин үүнийгээ ямар хэлбэрээр биежүүлж бусдад харагдуулах вэ гэдэг асуулттай тэд тулгардаг. Тиймдээ ч М.Эрдэнэбаяр зураач адууны хэлбэрийг сонгож бүтээлээ туурвисан хэрэг.



Монголчуудын хувьд морин эрдэнэ үнэт зүйлсийн тоонд ордог. Уламжлалт зан заншил, нүүдэлчин ахуйгаа сэргээн бодож үзэхэд мориноос өөр хэрэгтэй зүйл бидэнд байсангүй. Харин өдгөө суурин иргэншилд шилжсэн нүүдэлчдийн аж төрөхүйг уран бүтээлч хүн морины хэлбэр бүхий зургуудаар илэрхийлж эмзэглэлээ бүтээсэн нь “Хотын морьд” үзэсгэлэнгээс тодхон харагдана.

Түүний бүтээлүүд нэг ёсондоо суурин иргэншилд шилжсэн нүүдэлчин түмний соёлжилт, эмх цэгцгүй хотын байгууламжийг шүүсэн нь илтхэн. Дээр дээрээс нь давхаралдуулж өрсөн энэ олон эмээлийн мододоор “Орхигдсон” гэх бүтээл урласны шалтгаан нь энэ. Бид эмээлийг моринд тохож, морио унаж явдаг. Гэтэл одоо бид машинд сууж түгжрээд, гэр орноо барих газаргүй болтлоо дөрвөн уулын дунд түгжиндсэн ажгуу. Энэ л үнэн төрхийг урлагаар дамжуулан илэрхийлж гаргахын тулд зураач маань “эмээл” хэмээх үндэсний уламжлалт ахуйн хэрэглээний зүйлийг сонгож хэлбэрээр дамжуулан утга илэрхийлсэн нь энэ билээ.














Харин тус бүтээлийн давхар нь утга нь юу байв. Үүнийг зураач өөрөө тайлбарлаад хэлчихсэн учир уншигчдад түүнийг нь хүргэе. “Эмээл бол эрх мэдлийн бэлгэдэл болдог. Тэгвэл бид өнөөдөр салбар бүрт эрх мэдэл, сандал ширээний төлөө дэндүү муухай улайран тэмцэж, манай улс орны байдал энэ хөсрий хаясан эмээл шиг болсон байна. Ийм утга агуулал цаана нь байгаа гэдгийг хөтлөх тайлал маягийн зүйл нэр болж өгдөг. Хэдийгээр уран бүтээлч хүн ямар нэг зүйлийг дүрсэлж үзүүлдэг ч хариултыг үзэгч хүнд өөрт нь үлдээдэг”.

Мэдээж сэнтий, суудал гэдэг зүйл язгуурынхаа хувьд “эрх мэдэл” илэрхийлдэг. Харин түүний төлөөх аян дайнд хязгаар үгүй ажгуу. Ингэж л нийгмийн эмтэрхийг цуглуулж, тэрхүү эмзэглэлээс нь зураач М.Эрдэнэбаярын “Хотын морьд” үзэсгэлэнгийн бүтээлүүд төрөн гарчээ. Ихэнх уран бүтээлчид хэт баярлаж, догдолсон үедээ сайн бүтээл туурвидаггүй. Тэд аливаа зүйлд эмзэглэхээр зураг зурж, кино хийж, зохиол бичдэг. Ингэснээр урлагийн мөн чанар луу илүү нэвтэрч, өөрийгөө нээх боломж бусдаас илүүтэйгээр олддог ч байж мэдэх юм шүү. Урлаг өөрөө тийм л мөн чанартай зүйл хойно доо.
 
Тоймч: Б.Алтанхуяг

Монгол брэнд