top banner

Бээжин хотод Монгол үндэстний “Наадам” болов


2017-11-03 10:12:04
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хот дахь Өвөрмонголчууд жил бүрийн уламжлал болсон Монгол үндэстний наадам арга хэмжээг 10 дугаар сарын 28-нд 37 дахь жилдээ өргөн дэлгэр зохион байгуулав. 
Монголчууд бид эрт дээр үеэс хурдан хүлгүүдийнхээ шандасыг сорьж, хүчит бөхчүүд нь бяр чадал уран мэхийг уралдуулан барилдаж, харваачид сум тавьж нум эвшээлгэн нааддаг уламжлалтай ард түмэн.
Энэхүү үндэсний уламжлал, түүх соёлыг маань сүүлийн жилүүдэд зорин очиж үзэх жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдсээр байгаа.
Тэгвэл Өвөрмонголчууд жил бүр Бээжин хотноо Монгол үндэстний “Наадам” хэмээх томоохон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтоод  37 жил болжээ.
10 дугаар сарын 28-ний өдөр ӨМӨЗО-ны Тун Ляо хотын Худалдааны нийгэмлэг, Хятадын Төв Үндэстний их сургууль /ТҮИС/ хамтран Бээжин хотод Монгол үндэстний их наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа. 
Наадмын нээлтийн арга хэмжээд Бээжин хот дахь  Монголын уран сайханчид ая дуугаа өргөж, хүчит 128 бөх хүч чадлаа сорин барилдаж, сурын харваа, сагсан бөмбөг, волейбол, шатар, хөл бөмбөг, үндэсний хувцасны уралдаан гэх мэт найман төрлийн тэмцээн, уралдаан боллоо. Мөн үндэсний соёлыг харуулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа ч болов.

Уг арга хэмжээнд зөвхөн Бээжин хотод ажиллаж амьдардаг Өвөрмонголчуудаас гадна ӨМӨЗО-ноос зорин ирж оролцож буй иргэд, аж ахуйн нэгж байв. Монгол улсаас ирж оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгж, Бээжин хотод ажиллаж амьдарч буй Монгол оюутан залуус зэрэг 10000 орчим Монгол үндэстэн наадамд оролцлоо хэмээн зохион байгуулагчид хэлсэн. 
Тунляо хотын Худалдааны нийгэмлэгийн ажилтан, арга хэмжээний зохион байгуулагч Майлс, "Сүүлийн гурван жил манай нийгэмлэгээс наадмыг зохион байгуулахад 300 мянган юань зарцуулж ирлээ. Энэ нь Үндэстний уламжлал соёлоо таниулж, эв нэгдлийг бэхжүүлэхэд маш чухал ач тустай. Бээжин хотод ажиллаж амьдарч буй Өвөрмонголчууд  “Наадам” хийдэг уламжлал тогтсон. Ар халхын ах дүү нартаа хандаж хэлэхэд дараа жилийн арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцохыг урьж байна. Худалдааны талаас ч хамтран ажиллах бололцоо их бий шүү. Бидэнд бие биенээсээ харилцан суралцах зүйл их бий” гэв.
Монголоос нийт  долоон аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан. 

Наадмын талаар Монголын аж ахуйн нэгжүүдийг удирдан зохион байгуулж буй Монголын Евроазийн Худалдааны нийгэмлэгийн тэргүүн н.Ариунсанаа хэлэхдээ "Монголчууд бид энэ наадамд анх удаа оролцож байна. Гадныхан манай бараа бүтээгдэхүүнүүдийг маш ихээр сонирхож байна. Үндэсний дээл хувцас, цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүнийн борлуулалт сайн байна. Дараа жил бид улам өргөн хүрээнд энэхүү наадамд оролцох ёстой юм байна. Манай нийгэмлэг Хөбэй мужийн болон ӨМӨЗО-ны Худалдааны нийгэмлэгтэй хамтран ажилладаг, 20 гаруй үзэсгэлэн худалдааг хамтран  зохион байгуулсан. Манай үндэсний гоёмсог дээл үндэсний хувцасны уралдаанд тусгай байрт шалгарлаа. Энэ арга хэмжээний утга учир бол Дэлхийн Монголчуудаа нэгтгэх зорилготой. Тэр дундаа яг Төв Халхын Монголчуудаа маш ихээр хүндэтгэж байгаа нь ажиглагдлаа. Энд сурч буй оюутан залуус маань маш идэвхтэй оролцож байна. Дэлхийн том гүрэнний нэг Хятад улсын төвд Үндэсний наадмаа хийгээд зогсож байгаа нь бахархал төрүүлж байлаа. Үнэхээр сайхан арга хэмжээ боллоо" гэв.
А.Анхбаяр
 

Монгол брэнд