top banner

2017 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн гуравдугаарт бичигдэх төлөвтэй байна


2017-11-07 10:25:50
Зураг
БОНН. /Шиньхуа/. 2017 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн гуравдугаарт орох магадлал өндөр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Даваа гарагт Германы Бонн хотод эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын ээлжит хурал болох “COP23” бага хурлын нээлтийн ёслолын үеэр тус байгуулага энэ тухай мэдэгдсэн байна.

2017 оны 1-9 дүгээр сард дэлхийн дундаж температур Цельсийн 14.8 градус байсан нь аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1 градусаар өндөр үзүүлэлт аж.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр агаарын температур нэмэгдсэн гэж тус байгууллага үзэж байна. 2016 он нь түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдсэн бол 2015 он нь түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн хоёрдугаарт бичигдсэн юм.

Энэ он гарснаас хойш дэлхийн хэмжээнд цаг агаар тогтворгүй байлаа. Азийн улсуудад үер усны аюул нүүрлэж, Карибын тэнгисийн орнууд болон АНУ-ын өмнөд нутгийг гурван ч хүчтэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа билээ. Ийм байгалийн гамшгууд ар араасаа болсоор байгаа нь дэлхийн дулааралтай салшгүй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх 50 жилийн хугацаанд агаарын температур тасралтгүй нэмэгдсээр байх төлөвтэй байна гэж ДЦУБ анхааруулжээ.
Г.Доржханд

Монгол брэнд