top banner

Ч.Баяраа: Тухайн агшныг алдахгүй буулгаснаараа үнэ цэнэ нь оршдог


2017-11-09 10:42:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1967 оны 9 дүгээр сарын 27-нд хүний нүд бүлтийлгэж сэтгэл донсолгосон баярт үйл явдал болсон. Энэ өдөр Монголын зурагт радио анх нээгдсэн юм. Тухайн үеийн хэллэгээр зурагт радио нээгдэхэд хүн бүхэн баярласан тэр агшин сэтгэлд тодхон үлджээ хэмээн өгүүлэх МҮОНТ-ийн ууган зураглаачдын нэг 50 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Ч.Баярааг энэ удаагийн зочин хоймортоо урив. 

1965 онд Монгол кино үйлдвэрт туслахаар ажиллаж байсан залуу Зурагт радиогийн шав тавих ёслолын зураг авалтад явжээ. Тун удалгүй мөнөөх шинэ газар курс нээх тухай зар дуулаад, эхний 8 хүний тоонд багтаж Москвагийн төв телевизэд мэргэжил дээшлүүлснээр Монголын Үндэсний Телевиз хэмээх их айлтай бүхий л амьдралаа холбожээ. 

-Та хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаагаад байна. Энэ баярт мэдээг хэрхэн хүлээж авав?

-Хужиртын амралтад амарч байтал 10 дугаар сарын 26-ны орой утсаар ярьдаг юм байна. Эхлээд манайхан тоглож байна л гэж бодсон. Манайхан чинь нэг нэгээрээ сүрхий тоглодог улс шүү дээ./инээв/ Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Таныг “Чойжилын Баяраа гэдэг үү” гэж байна. “Тийм” гэтэл “МҮОНТ-д  зураглаач хийж байсан уу” гэхээр нь тийм, тэгээд яагаав гэтэл “Ерөнхийлөгч шагнал гардуулна.Төрийн ордны баруун хаалган дээр бэлэн бай” гэсэн. Тэгэхээр нь нөгөө хэгжүүрхээд байсан хүн чинь тархин дундуураа татуулсан юм шиг болоод л “Баярлалаа” гээд утсаа тасалсан. Гурван удаа тодорхойлсны дараа энэ эрхэм хүндтэй цолыг хүртлээ дээ. 

-Анх ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Намайг анх 1964 онд Монгол кино үйлдвэрт ажилд орохоор очиход оочин дээрээ сахалтай, нүдэндээ шилтэй, ахмад настай хүн /миний багш кино оператор Б.Дэмбэрэл/, УГЗ оператор Г.Цэрэн, О.Уртнасан багш нар байлаа. Ингээд намайг чи зураг авдаг уу гэхэд нь авдаг гэлээ. Гэтэл авсан зураг байна уу гэв. Би “байгаа” гэхэд “Чи одоо яваад Дуурийн театр, Элдэв-Очир кино театр, Засгийн ордон, Сүхбаатарын хөшөө, морь булигуулж байгаа хөшөө, Төв шуудангийн орчим газруудаар зураг аваад угаагаад ир" гэж хэлээд "Хальс бий юу” гэв. Тэр үед хальс маш ховор байлаа. Надад жижиг цаасанд боосон кино плёнк өгөөд үүнээс ороогоод зураг аваарай, хүчин чадал нь 65 ГОСТ гэж бодоод ав гээд хальс өгөхөд нь учиргүй баярлав. Гэртээ ирээд “Зорький” аппаратаа цэнэглээд хот руу буцаж өнөө хэлсэн бүх газруудын зургийг аваад гэртээ өрхөө бүтээж байгаад хальсаа угааж фото цаасан дээр буулгаж аваад аваачиж үзүүллээ. Тэгэхэд “За энэ хүүг хэн дагалдангаар авах вэ” гэхэд Цэрэн багш “Дэмбээ та ахмад настай хүн эхлээд авах уу” гэхэд багш маань “тэгье” гэж хэлснээр би анх Монгол кино үйлдвэрийн алтан босгыг алхсан юм. 1964 онд Монгол кино үйлдвэрт туслах оператораар гурван жил ажиллаад 1967 онд Москва хотын төв телевизэд кино, телевизийн зураглаач мэргэжил эзэмшсэн дээ.

-Аливаа зүйлийн эхлэлийг тавьж, үндэс суурийг босгосон анхдагч байх сайхан. Одоогоос 50 жилийн тэртээ Монгол оронд Зурагт радио хэмээх их айл үүдээ нээхэд та анхны зураглаачаар нь ажиллаж байжээ. Ажилд орж байсан үеэ эргэн дурсахгүй юу?

-1965 оны хавар “Нохойн сургууль” гэж байсан тэр газар Зурагт радиогийн шав тавьж нам төрийн удирдлагууд, манай улсад суугаа ЗХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд болон нийслэлийн хөдөлмөрчдийн төлөөлөл оролцсон цуглаан болсон. Тэр үед би Монгол кино үйлдвэрт ажиллаж байлаа. Миний багш кино оператор Дэмбэрэл гэж хүн байв.  Тухайн үед туслах операторуудыг фото зураг л авахуулахаас камер бариулдаггүй байсан. Багш маань чи одоо Даваанямыг дагаад яв. Зурагт радиогийн суурь тавих гэж байна. Тэнд очиж фото зураг аваад ир гэлээ. Тэгж л анх Монголын Зурагт радиогийн суурь ч тавигдаж,  би ч телевиз радиод ажиллах эхлэл маань ч болсон доо. Зурагт радиогийн 45 уран бүтээлчийг Москва хотын төв телевизэд нэг жил 6 сарын хугацаатай сургахаар явуулсан. Энэ үед хүмүүсийг шалгаж курст авч байна гэсэн яриа гадуур тархан олон хүн шалгалтад орж байлаа. Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсээс оператор, найруулагч, монтажчин, дууны оператор зэрэг 10 хүнийг Соёлын яамнаас явуулсан юм. Бид 45 хүн 1967 онд төгсч ирсэн. Телевизийн албан ёсны нээлт нь 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт  нээхээр товлосон байв. Ер нь монгол айлын гэрт хамгийн анх зурагт гарсан нь 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ардын хувьсгалын баяр наадмын ойн баярын хурал, концертыг Дуурийн театраас шууд дамжуулан үзүүлсэн юм. Үүнийг туршилтын нэвтрүүлэг нэрээр явуулж эхэлсэн. Тэр үед их л сэтгэл хөөрсөн хөл газар хүрэхгүй сайхан байсныг тод санаж байна.Ингээд 1967 оны 7 дугаар сарын 11-ний өглөө Сүхбаатарын талбайгаас цэргийн парад дамжуулаад 14 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлтийн ажиллагааг шууд дамжуулсан даа. Тэр цагаас хойш зурагт  радио гэдэг их айлд 43 жил ажиллаж гавьяаны амралтаа авсан хүн. Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан гурван жил маань телевизэд ажиллах суурь болж өгсөн юм шүү. Нэг байгууллагад 40 гаруй жил ажиллана гэдэг миний хувьд юутай ч зүйрлэшгүй их хувь заяа гэж сэтгэл зүрхэндээ сүслэн залбирч явдаг даа.

-Зураглаач нар түүхийг бодитоор бичилцэж үлдээдэг гэж би боддог.  Энэ хугацаанд таны сэтгэлд зүрхэнд хоногшиж үлдсэн үйл явдал, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Тухайн үед монгол оронд ганц телевиз байсан болохоор телевизийн нэр хүнд үнэхээр том байлаа. Монгол кино үйлдвэрт ажиллаж багш маань намайг кино камераар зураг авахуулахгүй зөвхөн цэнэг хийлгэх, яаж ажиллуулах, арчиж цэвэрлэх, дурангуудын тухай, гэрэл тавих зэргийг заана. Уран бүтээлч хүн ямар ч үед юмыг сайн ажиглаж бай гэж захидагсан. Зурагт радиогийн суурь тавьж байсан үеэс эхлээд энэ үеийг хүртэлх фото материалууд надад бий. Хүмүүс намайг телевизийн амьд түүх гэдэг юм. Би телевизийн 40 жилийн ойгоор “Миний дуранд” гэрэл зургийн ном гаргасан. Харин 50 жилийн ойд зориулан “Миний дуранд-2” гээд хүмүүсийн дурсамжийн ном гаргалаа. Зураг түүх өгүүлнэ гэдэг үнэхээр үнэн. Сонин дээр байсан юмыг байхгүй болгож бичиж болно, байгаагүй зүйлийг байсан болгож бичиж болно. Тэгэхээр хамгийн баримттай зүйл бол фото зураг.

-Амь насаараа дэнсэн тавьж зураг авч байсан тохиолдол бий юу. Хамгийн их хүч зарцуулсан хайртай уран бүтээл тань?

-Миний дуртай сэдэв бол байгаль, ан амьтны тухай баримтат кино. Өөрийнхөө бүтээлүүдээс “Цаст Алтайн цагаан барс мөр дагасан 243 хоног” ирвэсний тухай кинондоо хайртай. Энэ киног хийхэд зөвхөн зураг авсан хугацаа нь 243 хоног. Зохиолыг нь 1986 онд батлуулаад 1987 онд зураг авалт эхэлж хоёр, гурван жилийн нүүр үзэж 1989 онд дууссан. Ан амьтдын зураг авна гэдэг хүнээс асар их тэсвэр, тэвчээр шаардахаас гадна өөрийн сонирхол бас нөлөөлнө. Дүн хүйтэн өвлөөр ямаа аваачиж аргамжаад, ирвэс ирэхийг хүлээж шөнө нь сахиж хонодог байсан. Ямаагаар өгөөш хийж байгаа юм. Хүн туршлагагүйтдэг юм билээ. Ямаагаа хүзүүгээр нь уяад аргамжчихсан. Ирвэс чулуу өнхрүүлж явахгүй. Маш хөнгөхөн явдалтай, явж байгаа нь мэдэгддэггүй. Өглөө болоход ямааг тойроод яваад байсан байж. Яагаад гэвэл хүзүүгээр нь уясан уяанаас сэжиглээд байсан юм билээ.

Хамгийн анхны ирвэсний зураг авалтыг Өмнөговь аймгаас эхэлсэн. Тэгэхэд МОНЦАМЭ агентлагийн зурагчин Самдантай хамт сургаар л яваад байлаа. Тэнд айлын хотонд орсон гэнэ гэсэн сураг гардаг. Яваад очиход сарын өмнө л дөө гэдэг. Тэгээд зургадугаар сард сонгуулийн үе таарч байв. Саналаа өгөх гээд очиход айлын таван хонь идсэн гэдэг сураг дуулдлаа. Яваад очтол таван хонины нэгнийх нь бөгсөн талаас нь сэглээд, нөгөө дөрвийг нь юу ч үлдээгээгүй байсан. За тэгээд энд л ирнэ гээд Зост уулын Лхагвасүрэн гэдэг хүнийг газарчингаар аваад, хавх тавьсан. Мань хүн чононд зүүдэг гээд нэг их урт гинжтэй хавх тавьсан. Өглөө нар мандахын алдад давхиад ирэхэд сэгэн дээр шувуу сууж байна. Ер нь ирвэсийг ойролцоо байхад хонины сэгэн дээр шувуу суудаггүй. Хүрээд иртэл хавх ч байдаггүй. Мөрийг нь хөөгөөд үзлээ. Шороотой газар гинжний мөр байдаг, тал тал тийшээ хайж байтал нүдний үзүүрт юм хөдлөх шиг. Гэтэл  ирвэс хадны хажууд сүүлээ хүзүүн доогуураа хавчуулаад байж байв. Тэгж анхныхаа ирвэсийг барьж оосорлож, зургийг нь авахаар машинтай давхиж байлаа. Олс авчирч хүзүүгээр нь оосорлох гэтэл олсыг хүн гараараа барьж байгаа юм шиг таслаад хаядаг. Баримтат кинонд Самдан бид хоёрын кинонд зураг авч байгаа дүрс үлдсэн. Арайхийж хоолойгоор нь оосорлотол дороо үхчихсэн. Байгаль орчны зөвлөхийг байлгаж байгаад протокол бичиж, арьсаар нь чихмэл хийж Гандангийн музейд хадгалсан гэж сонссон. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас ирвэс барьж авсан. Ирвэсээ тавихдаа чихэнд нь малд зүүдэг ээмэг зүүгээд тавьсан.

Ан амьтны зураг авна гэдэг үнэхээр хэцүү. Монголд ан амьтны тухай кино хийсэн хүн Уртнасан багшаас өөр хүн байхгүй. Орчин үед техник хөгжсөн байна. Үүрийг нь олж, аппарат аваачаад тавьж байна. Тэр бүү хэл нүхэнд нь камер тавьж байна. Тэр үеийн аппарат хэрэгсэл гэдэг цул төмөр шүү дээ. Бидний киноны хэрэгсэл гэхэд модон хөл, аппарат, хальс, дуран гээд 15 гаруй кг жинтэй аппарат хэрэгсэл үүрээд л явна даа.



-Телевизийн уран бүтээлчид байгалийн гамшигт үзэгдэл, зуд турхан, үер, ган гачиг гээд нэвтрүүлэг бэлтгэхэд цаг наргүй ажилладаг. Та улс оронд болсон хамгийн хүнд хэцүү ямар нөхцөлд зураг авч байв?

-Миний сэтгэлээс гардаггүй зүйл бол 1981 оны өвөл баруун гурван аймагт болсон зуднаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар 45 хоногийн томилолт авч радиогийн сурвалжлагч С.Бараанасан, М.Банзрагч бид гурав явсан юм. Тэр үед айлын гэрийн хаалга цасанд дарагдаад онгойхгүй, гэрийнхээ тооноор гарч байсан юмдаг. Тэгэхэд айлын малд янгир нийлсэн байсан. Битүү цастай учраас мал идэх өвс байхгүй. Тэр үед Ж.Батмөнх дарга 66 машинтай малчдын хотонд очиж байсан. Тэгэхэд тэр зэрлэг амьтан боолттой өвс задлаад малд өгөхөд хүнээс айхгүй идэж байсныг харахад үнэхээр хэцүү байж билээ. Хавар болж цас хайлаад, цоохортож эхлэхэд янгир захалж захалж байгаад ууландаа гарч явсан гэсэн. Айлын гадаа очиход үхсэн малаараа цасны хаалт хийж хураасан айл ч байсан. Малаа үхүүлчихсэн уйлж байгаа хүмүүсийг харахад сэтгэл шимширч байлаа.

-Та эх орныхоо өнцөг булан бүрт очиж байсан байх. Очиж үзээгүй аймаг сум бий юу?

-Тухайн үед манай улс 18 аймагтай байсан. Надад очиж үзээгүй аймаг, сум гэж байхгүй дээ. Харин очиж үзээгүй баг, бригад бий. Түүнээс нэг аймагт жилд 3-4 удаа очих бол зөндөө.

-Гадаад орнуудаас хаагуур явж уран бүтээл хийв?

-ЗХУ, Болгар, Гүрж, Азербайджан, Армян, БНХАУ, ӨМӨЗО-ы Хөх хот зэрэг хотод албан томилолтоор ажиллаж бримтат кино болон сурвалжлагууд хийсэн. 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийн үед Австрали, Шинэ Зеланд, Индонез явсан.

-Зураг авалтын үед  танд сэтгэл хөдөлгөсөн эсвэл бахархаад нулимс гарч байсан тохиолдол бий юу?

-Ерөөлч Г.Явгаан бид Москвад явж байгаад цаашаа Польшид очсон юм. Монгол хүүхэд гадаадад очоод концерт тоглоход гадны хүмүүс үнэхээр сайхан хүлээж авдаг. Хичнээн өөрөө зураг авч байгаа ч гэсэн хүүхэд ингэж сайхан тоглох гэж байдаг аа гэж бодохоор хамар шархирдаг. Түүнээс биш сайн, муу олон зүйл хараад ер нь дөжирчихдөг юм билээ.

-Зураглаач хүнд төрөлхийн мэдрэмж мэдээж чухал. Мөн хамгийн эгзэгтэй агшинг алдахгүй зураг авахаас эхлээд мэргэжлийн чадвар шаарддаг байх?

-Уран бүтээл хийж байгаа улсуудаас дээд сургууль төгссөн хүн зөндөө бий. Гэтэл ямар ч сургууль төгсөөгүй мөртлөө мундаг авьяастай улсууд ч олон. Тухайлбал, О.Цэвэгжав гуай байна. Хүнд унаган авьяас гэж байдаг юм шиг байна лээ. Гэтэл зарим нэг хүн дээд сургууль төгссөн мөртлөө бүтээл нь өөдтэй, гавьяатай гэх юм ховор байна шүү дээ. Багш маань “Баримтат кино бол уран сайхны кино хийхээс илүү” гэдэг байсан. Яагаад гэвэл тууз хайчилж байхад би алдчихлаа, дахиад хайчлаач гэж болохгүй. Харин уран сайхны кино бол дахин дубльдэж болно. Тухайн агшныг алдаж болохгүй, тэр агшныг буулгаснаараа үнэ цэнэ нь оршиж байдаг.

-Та Монголын Зурагт радиогийн түүхийг шав тавихаас нь мэдэх цөөхөн хүний нэг. Энэ хугацаанд хичнээн бүтээлээрээ телевизийн сан хөмрөгийг баяжуулав?

-Миний бүтээлүүдээс Монгол орны ирвэсийн тухай өгүүлсэн “Цаст Алтайн цагаан барс” баримтат кино байгаль, ховор ан амьтдын тухай мэргэжлийн түвшинд хийсэн анхны кино юм. Мөн “Хагийн хар нуур”,”Үзэсгэлэнт сайхан хорго”, “Ахан дүүсийн дуу”, “Дайчин алдраа магтъя” кино концертууд, “Цаст Алтайн цагаан барс”, “Адуучны баяр” олон ангит түүхийн сэдэвт баримтат кино, “Нарлаг Болгар орноор” зэрэг кино концерт, “Түүхэн замнал”, “Далан худалч” жүжиг, “Чингисийн хоёр загал” зэрэг байгаль, ан амьтны 20 гаруй нэрийн 100-аад бүлэг баримтат киноны зураг авч заримыг нь найруулсан маань үзэгч олны хүртээл болж, түүхэнд мөнхрөн кино хальснаа бууж үлдсэн. 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Монгол брэнд