top banner

Үүлс сэлгэх дорно зүгт


2017-11-09 11:30:37
Зураг

УЛАМЖЛАЛЫН ТӨЛӨӨХ ЭМЗЭГЛЭЛ

Нутаг. Энэ үг монгол хүн бүрийн зүрхэнд хамгийн ойр байдаг, дотно санагддаг. Олон сараар очоогүй нутгаа зорих шалтгаан минь “Талын түмэн адуу 2017” баярын арга хэмжээ байв. Хэнтий аймгийн Батноров сум, Дайчин бэйлийн хошууны ард олон гурван түмэн адууны баяраа өнгөрсөн зун тэмдэглэж байсан удаатай. Харин тэд өдгөө морьтон Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж, нутаг ус хийгээд өв уламжлалаа сурталчилан таниулах зорилготойгоор “Талын түмэн адуу 2017” баярын арга хэмжээг Батноров суманд 3, улсынхаа хэмжээнд дөрөв дэхь удаагаа ийнхүү зохион байгууллаа.

Хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн энэ удаагийн “Талын түмэн адуу”-ны баярын үеэр улс, аймгийн зэрэг цолтой уяачид болон залуу адуучид 2.000 адуун сүрэгтэйгээ оролцсон юм. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос таван адуучин ирж оролцсон нь баярын цар хүрээг хилийн чинад руу тэлсэн онцлог үйл явдал байв.



“Монголын нууц товчоо”-нд “Хөхүүрийн тал”-ын нэр дурдагдсан Батноров сум нь нийт гурван түм гаруй гаруй адуутай. Түүнчлэн эрт дээр үеээсээ мөнгөн эмээл, хазаарын “Тожил хийц”, Монголын эзэнт гүрний Хубилай хааны үеэс ан гөрөөнд ашиглаж ирсэн цэвэр цусны “Тайга нохой”-н голомт нутаг зэргээрээ алдартай билээ. Ар халхад цуутай Тожил дархны хийцээр гангарсан талын адуучин эрс эмээл хөндлөн давхиулах нь бахдах сэтгэл төрүүлнэ.

Бид өнөөдөр нүүдэлчин ахуйгаасаа хөндийрч суурин иргэншилд шилжих болсон. Улаанбаатар ямарч жуулчны нүдэнд “мега-хот” гэж харагдахаар төрхийг хэдийн цогцлоожээ. Гэтэл асар баялаг түүх, өв уламжлалтай манай орны хувьд ёс заншлаасаа хөндийрч буй нь олон хүний эмзэглэлийг төрүүлдэг. Тийм дээ ч өв соёлоо хадгалж үлдэх, бусдад таниулж, сурталчилах нь энэхүү арга хэмжээний гол зорилго билээ.



Найман зууны тэртээ Тэмүүжин хаан найман шарга морио эрж явахдаа энэ их талын дунд идээшлэх түмэн адуу олж харжээ. Тэнд гүү сааж суусан хөвүүнтэй учирсан нь Наху баяны хөвгүүн хөлөг баатар Боорчи байсан бөгөөд Тэмүүжиний найман шаргын араас цуг нэхэж, эрсэн моридоо ч олж анд бололцсон гэдэг. Түүнээс улбаалан энэ сайхан талыг Хөхүүрийн тал хэмээн нэрлэх болсны учрыг ном, сударт тэмдэглэн үлдээсэн нь олонтаа.

Уламжлалаа алдахыг үл хүссэн, эмзэглэсэн олон хүмүүс зүрх сэтгэл, үйл хөдлөлөө нэгтгэв. Хөхүүрийн шаргал талд хоёр мянган агт үерийн ус шиг шаагиж, тууран төвөргөө нижигнэхүйд монгол хүн бүрийн сэтгэл баясч, хийморь сэргэнэ.

ТАЛЫН МОНГОЛЫН ЗУРАГ, АДУУЧДЫН ХИЙМОРЬ 

Өвсөн дээгүүр нар явгалан алхсаар тэнгэр өөд мацаж Хөхүүрийн шаргал талд өглөө болж байна. Зун ирж, намар болохоор буцдаг тэр л жишгийг халж цэцэгс дуулалдан ургадаг талд ирж буцахын зааг дээр хөл тавьж буй нь энэ. Өнөөдөр “Талын түмэн адуу 2017” баярын арга хэмжээ болно. “Түмэн адуу” гэсэн хоёр үг сэтгэлд минь гэгээ цацруулан ирэх шиг... Дотор минь ойж буух шиг...

Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров сум 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн “Талын түмэн адуу” өдөрлөг нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаад дотоодын томоохон жуулчдын урсгалыг орон нутаг руу татахын зэрэгцээ адуу маллах эртний нүүдэлчдийн өв уламжлалыг хадгалан авч үлдэх ач холбогдолтой билээ. 



Өдөрлөгийн үеэр адуучдын хээрийн цайллага, богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан хүлгүүдийн танилцуулга, адууны зүс нэршлийн тэмцээн, ховор зүстэй адууны үзүүлбэр, хос морьтон, уран уургач бугуйлч шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээнүүд зохиогдов. Мөн уран дархчуулын хийсэн адууны тоног хэрэгслийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, зочдод зориулсан урлагийн тоглолт зэрэг урлаг соёл, зан үйлийн үзвэрүүд нэгэн дор зохиогдсон нь олон давуу талыг бий болгож байлаа.

Цагаан цэнхэр өнгийн хөвөнтэй дээл өмссөн жаахан хүү өөрт нь ахадсан гэмээр урт уурга суналзуулан, хар зүсмийн морио товор товор алхуулж үзэгдэнэ. Мэнд мэдэлцсэн хойно “Ийм тод өнгийн хувцас бөөн тоос болно доо!” гэтэл “Өнөөдөр чинь наадам. Моридын тоос болгох гэж хамгийн сайхан хувцсаа өмсдөг юм” гэж хэлээд намайг мад тавив. Талын Монголын хүүхэд бүр ийм цэцэн цэлмэг үгтэй, цаанаасаа л сэргэлэн нь дэндсэн гал цогтой нүдтэй байдаг.



Талын Монголын хамгийн сайхан зургууд нүдний өмнө амилжээ. Нүүдэлчдийн ахуй амьдрал, өвгөдөөс уламжлагдан ирсэн ёс заншлаа хойч үедээ бүрэн бүтэн үлдээхийн тулд нээлт эхлэхийн өмнөх ахуйг ийн цогцлоосон нь түмэн адууны баярыг үзэж сонирхохоор ирсэн гадны зочид болоод өөр аймаг сумдын олон түмэнд таалагдаж олны хурайлах дуу, алга ташилтан дор дуугаа дуулж, хөтлөгчид уран тансаг найргаар цугласан олны сонорыг мялаана.

Адуучид морь уургалах, бугуйлдах, уурга шүүрэх, эмнэг булгиулах зэргээр өөрсдийн ид хав, хурд хүч, авхаалж самбааг сорьсон юм. Талын салхи зоо нуруунд нь эрхэлсэн омголон морьд урдуур нь нүд ирмэхийн зуур хурдлан өнгөрөх хараа гүйцэмгүй агшинд адуучин эрс молор эрдэнэ толгойд нь хуйв алдалгүй уургаа хаяж, уургалсан мориныхоо гишгэдлийг тааруулан татахад цахилсан зээр шиг хурдалж явсан адууны дөрвөн туурай дээш харан газарт ойчино. Ардаг омголон хүлгүүд од тоолон цамнах булгианд нь хоёр тийш ганхах ч үгүй, зоо нуруунд нь газарт суулгасан гадас мэт тогтох монгол эрс...



Ийнхүү ташуур, уурга шүүрэх, болон адуу шургуулах тэмцээнд Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн адуучин Б.Ууганбилэг шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн ташуур болоод “Манжуур” хотоор аялах эрхийн бичигээр шагнуулав. Өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин, өв соёл, нүүдэлчин уламжлалаа хадгалж яваа залуучуудаа ийнхүү өндрөөр үнэлж урамшуулсан нь тус баярын онцлох үйл явдлуудын нэг байв. Хоёрдугаар байрт мөн 1 дүгээр багийн адуучин Б.Буд-Од шалгарсан бол гутгаар байрын эзнээр 5 дугаар багийн адуучин, “Алтан унага”-ны эзэн Б.Арсланбаатар нар тодорсон юм.

Харин “Хос морьтон” шалгаруулах тэмцээнд 2 дугаар багийн иргэн П.Мөнхбат, М.Буяндэлгэр нар тэргүүн байр хүртэж 1 дүгээр багийн иргэн А.Төгсбат, О.Болорцэцэг нар дэд байр, 3 дугаар багийн иргэн П.Гөлгөө, Б.Энхмаа нар гутгаар байрт тус тус шалгарав.

ТАЛЫН ГӨРӨӨЧИН “МОНГОЛ ТАЙГА”

Монголчууд хоёр үүлдрийн нохой тэжээж иржээ. Нэг нь Монгол банхар буюу Гавж нохой, нөгөө нь энэ Тайга нохой юм.  Тайга нохой Хубилай хааны үед ан авд хэрэглэдэг байсан мэдээ бий. Энэ ноход бол зээр гүйцдэг хурдан нохой аж.  Одоо Дундговь, Хэнтий, Дорнод аймагт элбэг.  Монгол ноход эрлийзжихээс сэргийлж олон Монгол ноход үржүүлгийн газрууд нээгдэж үржүүлж байгаа нь сайшаалтай.



“Талын түмэн адуу” баярын арга хэмжээний гурав дахь өдөр болсон тайга нохдын тэмцээн олны сонирхлыг ихээхэн татсан юм. Амьд болон амьгүй өгөөшөөр нохдыг анд сургаж буй энэхүү үзүүлбэр нь Монголчуудад эртнээс уламжилж ирсэн ахуйн зан үйл гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Орчин үед монгол анчид нохойг ан авд ашиглахаа бараг больсон ч хөдөө нутагт малчид тайга нохойгоо сургаж анч, хоньч болгодог уламжлал хэвээрээ байгаа нь олзуурхууштай хэрэг юм. 



“Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг. Анч нохойтой болох хүсэлтэй хүн биеийн эдгээр онцлогуудыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог” хэмээн Батноров сумын 6 дугаар багийн иргэн Г.Эрдэнэ-Очир өгүүлсэн юм.  Хубилай хааны үеэс ан гөрөөнд ашиглаж ирсэн цэвэр цусны “Тайга нохой”-н голомт нутаг гэдгээрээ Батноров сум алдартай.

НААДМЫН ДАРААХ ОЛОЛТ ХИЙГЭЭД ЗӨВ СОНГОЛТ

Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээлж байгаагаар өнгөрсөн оны байдлаар Хэнтий аймагт дотоодын 15855, Гадаадын 1500 жуулчин ирсэн гэсэн судалгааг үйл ажиллагаа явуулж байгаа 13 жуулчны баазаас ирүүлсэн байна. Энэ нь өнгөрөгч онд тус аймагт зорчсон ирсэн жуулчдын тоо 2015 онтой харьцуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин ирэх 4 жилд Хэнтий аймагт ирэх  жуулчдын тоог 10 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байна.

Энэ жилийн “Талын түмэн адуу” арга хэмжээнд ӨМӨЗО-ны “Одон”, “Шилийн Гол”  телевиз болон Бээжин хотын Соёл урлагийн сувгийн сэтгүүлч, зураглаачид хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгэв. Энэ нь Монголын тал нутгийн адуучдын өв соёлын мэдээлэл БНХАУ-н 50 сая үзэгчдэд хүрнэ гэсэн үг.





Нөгөөтэйгүүр харахад “Талын түмэн адуу” баярын арга хэмжээ Монголд төдийгүй хилийн чинадад хүрч чаджээ. Энэ л бидний ололт, амжилт юм. Уламжлалт ёс заншлаа дээдэлж, өвгөдийнхөө сургаалиар хүмүүжиж, өөрийн голомтдоо эзэн суусан Монголчуудыг дэлхийд таниулах зөв сонголт нь бидний “нүүдэлчин ахуй” юм гэдгийг Ерөнхий зохион байгуулагч, “Мөнх Харилцаа” ТББ-ийн захирал Э.Цэрэнбат, Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нар олж харж чадсан нь нэн олзуурхууштай.

“Сайхан наадлаа шүү. Дараагийн “Түмэн адуу”-ны баяр даанч хол байна даа” гэж хэлээд хамт явсан найз маань инээмсэглэв. Нүдэнд нь жаахан гуниг хургажээ. Аргагүй шүү дээ наадам дуусчихсан юм чинь... Гэхдээ энэ нутагт амьдрал ердийнхөөсөө илүү сайхан болно. Аавууд адуундаа явж, ээж нар гүүгээ сааж, хүүхдүүд нь шилбүүр унан уралдах талын Монголын амьдрал буцалсаар л байна.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Б.Чадраабал

 

Монгол брэнд