top banner

Сүрьеэгийн оношлогооны 5 нэгжийг энэ онд багтаан нэмж байгуулна


2017-11-09 12:30:48
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүрьеэгийн лабораторийн чанарын хяналтын тогтолцооны 20 жил” сэдэвт Сүрьеэгийн үндэсний зөвлөгөөнийг ЭМЯ-ны хурлын танхимд энэ сарын 8-9-нд зохион байгуулж байна. 

Дэлхий дахинаа сэргэн тархаж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор багтаж, улс орнуудын хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэх, тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулах нь чухал юм.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд лабораторийн тусламж, үйлчилгээний үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, сүүлийн жилүүдэд энэ салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байна. Нийгэм хамт олны дунд аюул учруулж буй халдварт өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэхэд сайн бэхжсэн лаборатори, ур чадвар сайтай мэргэжилтэнгүйгээр халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Аливаа өвчнийг эрт оношилж, эмчилгээнд хамруулах зүг чигийг зааж өгдөг гол луужин бол лаборатори байдаг.

Ийм
д үндэсний түвшинд сүрьеэгийн лабораторийн сүлжээ байгуулан түрхэцийн шинжилгээг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн сүрьеэгийн диспансер, Хорих газрын эмнэлэг, зарим сумын эмнэлгийн 40 гаруй лабораториуд хийж, 38 лабораторийг улирал бүр чанарын гадаад хяналтанд тогтмол хамруулж байна. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори нь 2006 оноос хойш ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс /НДББ/-ийн лавлагаа лаборатори болох Япон улсын Токиогийн Сүрьеэ судлалын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, лабораторийн чанарын гадаад хяналтанд тогтмол хамрагдаж байгаа.

ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид зөвхөн хийж байсан молекул биологийн шинжилгээг өргөтгөж төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт GeneXpert 6 нэгж, энэ оны сүүлээр 5 нэгжийг нэмж байгуулахаар төлөвлөн сүрьеэгийн оношлогооны чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Лабораторийн оношлогоог сайжруулах орон нутгийн лабораторийн оношилгооны түвшинг төвийн түвшинд ойртуулах, лаборант нарын ур чадварыг жигд дээшлүүлэх гол зангилаа нь шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог системтэй нэвтрүүлэх явдал юм. Манай улсад уг түрхэцийн шинжилгээний тогтолцоог нэвтрүүлсэний 20 жил болж байна.

Сүрьеэгийн лабораторийн чанарын гадаад үнэлгээг 3 хэлбэрээр явуулж эхэлсэн б
өгөөд улирал тутам түрхэцийг тогтмол авчирч хянахын зэрэгцээ газар дээр нь очиж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулж байгаа. Мөн лабораторийн арга аргачлалыг стандартчилах зэрэг ажлыг хийхэд дэмжлэг үзүүлж ажилласны үр дүнд чанарын хяналтын тогтолцоо эхлэхийн өмнө 34 хувь байсан лабораторийн онош баталгаажилт богино хугацаанд 2 дахин нэмэгдэж ирсэн нь сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

1997-2017 онд сүрьеэгийн лабораториудын хангамжид зарцуулсан хөрөнгө, сүлжээний лабораториудад оношлож эдгэрүүлсэн хүмүүсийн тоог харьцуулан судлахад өртгөө нөхөж чадахуйц үр дүнтэй болжээ.

Монгол Улсад эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан орчин үеийн шилдэг арга технологийг нэвтрүүлэн ажиллахад ДЭМБ, Глобаль сан зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаа шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцлон тэмдэглэж байгаа юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд