top banner

Бүс нутгийн брэнд хөгжүүлэх стратегийн баримт бичгийг батлав


2017-11-09 12:52:43
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төслийн хүрээнд бүс нутгийн брэнд хөгжүүлэх, стратегийн баримт бичиг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан байна. Төслийн зүгээс аймгийн төр захиргаатай гурван жилийн хугацаанд бүс нутгийн брэнд хөгжүүлэх, стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.

Чехийн “People in need” ТББ, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Архангай аймагт энэ төслийг ”Мэдлэгийн сүлжээ” ТББ өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийг Европын холбоо болон Чех улсын хөгжлийн байгууллага санхүүжүүлдэг бөгөөд Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэгждэг байна.

“Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” төсөл нь 2016-2019 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжих юм. Энэ төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган, Өгийнуур, Цэнхэр, Хотонт, Хашаат сумд хамрагддаг байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр хоршоодыг чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийжээ.

Энэхүү төсөл нь төсөл хэрэгжиж буй аймгуудын хоршоод болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн төслөө санаачлах, боловсруулах, төлөвлөх, санхүүжилт олох, зах зээлд гарах чадварыг нь нэмэгдүүлж, тэдгээрийн хоорондын болон аймаг, сумын хурал, захиргааны байгууллагатай хамтын ажиллагааг нь өргөжүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа юм.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд