top banner

Ази-Номхон далайн бүс нутагт санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ


2017-11-09 14:52:00
Зураг
МАНИЛА. /АFI/. Ази хөгжлийн банк /АХБ/ болон "The Alliance for Financial Inclusion" буюу Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/ Ази-Номхон далайн бүс нутагт санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зуржээ.

Уг харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн бүрт хүргэх, санхүүгийн хүртээмжийг хэрхэн сайжруулах талаар мэдлэг мэдээллээ хуваалцаж, туршлага солилцох замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажээ.

Энэ сарын 8-нд Филиппиний нийслэл Манила хот дахь АХБ-ны төв байранд эхэлсэн Азийн санхүүгийн II чуулга уулзалтын хүрээнд АХБ-ны Тогтвортой хөгжил ба Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн газрын захирал Гил Хон Ким, СХН-ийн гүйцэтгэх захирал Алфред Ханниг нар уулзан яриа хэлэлцээ хийж, уг харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Ноён Гил Хон Ким хэлэхдээ “Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын ард иргэдэд туслахын тулд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал.  Ялангуяа, ядууст эрсдлийг даван туулахад нь туслан зээл олгох, даатгалын үйлчилгээнд хамруулах, орон байр барих, орлогоо нэмэгдүүлэх, аж амьдралаа дээшлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Манай банк болон СХН-ийн хамтын хүчин чармайлт нь энэ бүс нутгийн хүн бүрийг хамарсан, тогтвортой хөгжлийг бий болгоход тусална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин ноён  Алфред Ханниг ярихдаа “СХН-ийн дэмжлэг санаачилгаар хэрэгжүүлж буй санхүүгийн хүртээмжийн ухаалаг бодлогууд нь тэгш бус байдлыг багасгаж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна. АХБ ба СХН хоорондын хамтын ажиллагаа нь Ази-Номхон далайн бүс нутагт санхүүгийн хүртээмжийг улам бүр нэмэгдүүлж, бага орлоготой иргэд болон банк санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй хүмүүст үр өгөөжөө өгөх болно” гэжээ.

Лхагва гарагт байгуулсан харилцан ойлголцын санамж бичгийн хүрээнд АХБ болон СХН нь цахим санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, инновацийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар туршлага солилцох, зээл олгоход хүйсээр ялгаварлаж байгааг арилгах, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзсан санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулах, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг  боловсруулж, хэрэгжүүлэх ажээ.

СХН нь хүн бүрт санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, иргэн бүрийг зах зээлийн тоглогч болгох санхүүгийн хүртээмжийн бодлогыг олон улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зорилготой, албан ёсны гишүүнчлэл бүхий дэлхийн томоохон нэгдэл юм. Өдгөө тус байгууллагад дэлхийн 95 улс орны 110 гаруй санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагч болон санхүүгийн зохицуулах хороо гишүүнээр элсээд байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага нь насанд хүрсэн хэдий ч өөрийн гэсэн банкны дансгүй, банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа дэлхийн нийт хүний 85 хувийг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын тооцоолсноор, өнөөдөр дэлхийн нийт насан хүрсэн хүний бараг тэн хагас нь буюу 2 тэрбум гаруй хүн албан ёсоор санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Энэ хүмүүсийг банк санхүүгийн үйлчилгээнд хамрагдахад  туслах нь тус байгууллагын гол зорилго юм.

Харин АХБ нь Ази ба Номхон далайн бүс нутагт санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилготойгоор ажиллаж байна. 2017 оны есдүгээр сарын байдлаар, тус банк нь 158 төсөлд 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  хийгээд байна.

Папуа Шинэ Гвиней улсад хэрэгжүүлсэн АХБ-ны бичил санхүү ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд тус улсын хөдөө орон нутгийн 120 мянга гаруй иргэн /40 хувь нь эмэгтэйчүүд/ санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, банк санхүүгийн үйлчилгээний талаарх тодоррхой ойлголттой болжээ. Мөн Гүржийн Төв банкинд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд нь АХБ дэмжлэг үзүүлснээр тус улсад 5-10 мянган ажлын байрыг шинээр бий болгосон байна. АХБ нь ийм төслүүдээр дамжуулан бүс нутгийн банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан боломжуудыг нээхийн зэрэгцээ зээл, буцалтгүй тусламж олгох, хөрөнгө оруулалт хийх замаар  орон нутгийн санхүүгийн зэх зээлийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Филиппиний нийслэл Манила хотод төвтэй АХБ-ны гол зорилго нь эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдал ба бүс нутгийн интеграцийг хөхиүлэн дэмжих замаар Ази-Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулах явдал юм. АХБ нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж эрэлснээс хойш хэдийнээ хагас зуун жил өнгөрчээ. Тус банк нь 1966 онд байгуулагдсан юм. Өдгөө тус банкинд 67 улс орон гишүүнээр элсээд байгаагийн 48 нь Ази-Номхон далайн бүс нутгийн улсууд байна. 2016 онд АХБ нь 31.7 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлсний 14 тэрбум ам.доллар нь хамтын санхүүжилт байжээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд