top banner

Хүний биеийг бараг бүхэлд нь бүрхэх хэмжээний арьсыг анх удаагаа гарган авчээ


2017-11-09 17:16:44
Зураг
ЛОНДОН. /Дэйли Мэйл/. Генийн гаралтай, маш ховор тохиолддог өвчний улмаас арьсныхаа 80 хувийг алдаж, үхлийн ирмэгт очоод байсан 7 настай Хассан хүүгийн амийг эрдэмтэн судлаачид болон эмч нар аварчээ.
 
Их Британийн “Дэйли Мэйл” сонины мэдээлснээр, Италийн Моденагийн их сургуулийн судлаач Мишель Де Лука тэргүүтэй эрдэмтэн судлаачид генийн инженерчлэлийн аргаар хүүгийн биеийг бараг бүхэлд нь бүрхэх хэмжээний шинэ арьсыг лабораторид гарган авсан аж. Энэ арьсыг Германы Бохумын их сургуулийн эмч нар хүүд 2015 оны 11 болон 12 дугаар сард хоёр удаагийн хагалгаагаар шилжүүлэн суулгасан байна. Генийн инженерчлэлийн аргаар хүний арьсыг бий болгох нь шинэ зүйл биш боловч хүний биеийг бүхэлд нь бүрхэх хэмжээний арьсыг лабораторид гаргаж авсан анхны тохиолдол нь энэ болж байна.
 
Хассан хүү нь арьсыг амархан цэврүүтүүлж, хуулдаг “Junctional Epidermolysis Bullosa” хэмээх удамшлын гаралтай өвчний улмаас төрсөн цагаасаа хойш шаналж, бараг улаан нүцгэн болоод байжээ.


Одоо тэрбээр бусад хүүхдийн адил гадаа тоглож байгаа аж. Тэрбээр Сирид төрсөн бөгөөд одоо Германд амьдарч байгаа гэнэ.
 
Ийм өвчтэй төрсөн хүүхдүүдийн 40 орчим хувь нь нэг нас ч хүрч чадалгүй, дийлэнх нь 5 нас хүрэхээсээ өмнө хорвоог орхидог байна. Өнөөг хүртэл энэ өвчнийг “эдгэршгүй өвчин” гэж үздэг байжээ. Одоогоор дэлхийн хэмжээнд ийм өвчтэй 500 мянга гаруй хүн бий аж.
 
Хассан хүүд хийсэн мэс заслын үр дүнгийн талаарх мэдээлэл өчигдөр шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд гарсан байна.

Г.Доржханд
 

Монгол брэнд