top banner

Дутуу нярайн эндэгдлийг бууруулахад суралцаж байна


2017-11-09 17:33:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, ЭХЭМҮТ-тэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүү, техникийн туслалцаатай “Имж эх асаргаа” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 7-10-нд үргэлжилж байна.

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь төрөх үед болон төрсний дараах эхний 3 хоногт эх, нярайд үзүүлэх цогц тусламж бөгөөд нярайн эндэгдлийн зонхилох шалтгаанаас сэргийлэх өртөг багатай, өндөр үр дүнтэй багц арга хэмжээ юм. Үүний нэг нь “Имж эх асаргаа”-ны арга бөгөөд нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж хэлэхдээ, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн нярайн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Жон Муррей “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний стратегийг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж дутуу болон бага жинтэй төрсөн нярайн өвөрмөц тусламжид “Имж эх асаргаа”-г хэрэгжүүлснээр дутуу нярайн эндэгдлийг бууруулах өртөг багатай, өндөр үр дүнтэй арга болох талаар дурдлаа.

Монгол Улсад 2012 онд нярайн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 10.1 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 8.9  промиль болж буурсан байна.

Сургалтад ЭХЭМҮТ, нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын нярайн эмч, нярайн сувилагч нийт 12 хүн хамарч үндэсний сургагч багшаар бэлтгэгдэн, дутуу төрөлтийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, имж эх асаргааны үед хийх үйлдэл, эрүүл ахуйн хяналт, имж эх асаргааг нэтврүүлэх төлөвлөгөө, асаргааг хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, гэр бүлийн дэмжлэгийг авах зэрэгт суралцаж байгаа юм.
Дөрөв хоног үргэлжлэх сургалтаар бэлтгэгдсэн 12 үндэсний сургагч багш нар эмч, эмнэлгийн мэргэжилтэн багш цаашид нярайн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалт явуулж  “Имж эх асаргаа” аргад сургах аж.
 
Ж.Болор

Монгол брэнд