top banner

“Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох нь” төсөл хэрэгжив


2017-11-10 15:32:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй БСШУСЯ-ны   “Их   дээд   сургуулийн   боловсролын   шинэчлэл   L2766MON” төслийн хүрээнд   дээд   боловсролын   байгууллагын   хөгжлийг   дэмжих   чиглэлд   судалгааны өрсөлдөөнт   тэтгэлгээр “Үл задлах аргаар   эргэлдэх  тоног  төхөөрөмжийн  техникийн  байдлыг оношлох нь” төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжлээ.

Сүүлийн үед үл задлах аргаар тоног төхөөрөмжийн техникийн байдал, түүний цахилгаан тусгаарлалыг оношлон эвдрэл гэмтлийн шалтгааныг тодорхойлон урьдчилан арга хэмжээ  авч төлөвлөгөөт бус сул зогсолтыг багасгаж, найдварт ажиллагааг ихэсгэснээр үйлдвэрлэлийн ихээхэн үр ашиг гарч байгаа аж. Тухайлбал, Английн  нэг нүүрсний үйлдвэр нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэг хувиар өсгөснөөр жилд 80 сая фундын ашиг олсон.  Иймд   зарим   их   дээд   сургуульд  энэ чиглэл нь судалгааны санхүүжилт олох гол эх үүсвэр болдог. Мөн үл задлах аргын оношилгоо нь спектр шинжилгээ дээр хийгддэг тул спектр шинжилгээний онолыг бодитоор хэрэгжүүлэх   инженерийн   хэрэглээний   салбар   үүсэх   нэг   нөхцөл   болдог байна.

Төслийн удирдагч, ШУТИС-ийн багш,  доктор П.Ариунболор төслийн үр дүнг тайлбарлахдаа, “Төслийн хүрээнд “Механик   эргэлдэх   болон   цахилгаан   тоног төхөөрөмжийн  оношилгоо”, “Цахилгаан   эрчим   хүчний  чанар”  гэсэн  үндсэн  хоёр том судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Сургалт судалгаанд ашиглах 43 бүтээл гаргалаа. Үүний үр дүнд үл эвдэх аргын оношилгооноос өөр судалгааны салбар болохыг хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд “Цахилгаан эрчим хүчний чанар” судалгааны ажлыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд хийх боломжийг нээлээ. Судалгааны ажил гүйцэтгэх багаж тоног төхөөрөмж, туршилтын стенд бий болсон тул үйлдвэр, аж ахуйн нэгжээс захиалгат судалгааны ажил, сургалт явуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүлсэн нь ШУТИС-д судалгааны ажлаар тодорхой хэмжээний санхүүжилт орж  ирэх, үйлдвэрийн газруудтэй нягт хамтран ажиллах боломжийг бий болгосон” гэв.

Монгол брэнд