top banner

Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэгтэй Хоёрдугаар төв эмнэлэг хамтарч ажиллана


2017-11-10 17:02:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлгийн орлогч дарга Еэ Хун И их эмч тэргүүтэй зочид төлөөлөгчид манай улсад зочилж байна. Энэ хүрээнд өчигдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талын урт хугацаат харилцаа, хамтын ажиллагааны эхлэлийг тавив.

Санамж бичгийн дагуу талууд мэргэжилтэн сургах, туршлага солилцох, эмнэлгийн тусламжийн салбар, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын сургалт, анагаахын салбарт судалгаа хийх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Тус эмнэлгүүд хамтын ажиллагаагаа зүрхний тасгаас эхлүүлж байгаа бөгөөд цаашид клиник эмчилгээ, анагаах ухааны судалгаа, анагаахын боловсрол болон бусад чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун, Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлэг нь олон улсад нэр алдар нь танигдсан, томоохон эмнэлэг бөгөөд урт хугацааны туршид олон улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал, доктор Г.Баясгалан хэлэхдээ, “Тайвань урт удаан хугацааны туршид Монгол орны эрүүл мэндийн салбарын түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархаж байна. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр талын эмнэлэг, ард иргэд, эмнэлэгийн мэргэжилтэн хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ туршлага солилцож, нөхөрсөг харилцаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 
Ж.Болор

Монгол брэнд