top banner

О.Сэргэлэн: Эрхтэн шилжүүлэн суулгахын гайхамшиг нь өвчтөнийг 100 хувь эдгээдэг


2017-11-11 16:40:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын мэс засал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд бидэнд үнэлэгдэхүйц мэдэгдсээр байна. Дурангийн мэс заслын төрлүүд нэмэгдэж, эрхтэн шилжүүлэх хагалгааг амжилттай хийж, Монгол эмчийг дэлхийд үнэлсэн сайхан мэдээ саяхан хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэхүү нэр алдрын эзэн бол Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор  О.Сэргэлэн юм. 

-Юуны түрүүнд танд Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Энэхүү шагналыг ямар шалгуураар олгодог юм бол?

-Дэлхийн мэс засалчдын Америкийн коллеж нь 124 орны мэс заслын холбоог нэгтгэсэн 80 мянга гаруй гишүүнчлэлтэй том байгууллага юм. Шалгаруулалтад 70 гаруй улсын эрдэмтэн нэр дэвшсэнээс Англи, Ирланд, Франц, Япон, Монгол гэсэн таван орны эмч нар дэлхийн шилдэг мэс засалч болсон. Энэ байгууллагын хуралд ДЭМБ-ын Эмнэл зүйн тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцлоо. Мөн мэс засал, мэдээгүйжүүлэлт, яаралтай тусламж, эх барихын тусламж хариуцсан дэлхийн Жи-4 холбоо гэх мэт байгууллагын төлөөлөл дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог юм байна. Нийт 10 мянга орчим хүний багтаамжтай том хурлын танхимд нээлт нь болсон. Хурал 21 салбар хуралдаанаар үргэлжилсэн. Энэ хуралд дэлхийн мэс заслын чиглэлийн бүх л том хүмүүс ирсэн байсан. Монгол Улс гэж дуудуулаад энэ өндөр шагнал хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж, монголын мэс засал тодорхой хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг харуулж чадлаа. Энэ бол ганц миний хөдөлмөрийн үр дүн биш, монголын бүх мэс засалчдын ажлын үнэлгээг дэлхийд гаргаж тавьсан гэж бодож байна.

-Та багаасаа эмч болохыг хүсдэг байв уу. Энэ мэргэжлийг эзэмшсэн талаараа ярихгүй юу?

-Би 4 дүгээр ангид байхаасаа эмч болно гэж боддог байлаа. Учир нь миний ээж элэгний хатууралтай байсан. Хурдан том болоод эмч мэргэжил эзэмшин, ээжийгээ эмчлэх юмсан гэсэн хүүхдийн гэнэн цагаан мөрөөдөлтэй байв. 10 дугаар ангиа онц дүнтэй төгсч, Москвагийн институтэд суралцах хуваарь авсан. Гэвч тухайн үед асуудал өөр тийшээ эргэсэн. Надад Иркутскт шүдний эмч, Ленинградад хүүхдийн эмч, Венгерт эм зүйн чиглэлээр суралцах санал тавьсан. Би “Том хүний эмч болно. Тиймээс хаашаа ч явахгүй, Монголынхоо сургуульд орно” гээд Анагаах ухааны дээд сургуульд 1976 онд элссэн. Энэ сургуульд элсэн суралцсанаараа өөрийгөө хожсон гэж боддог. Яагаад гэвэл манай Анагаах ухааны дээд сургуулийн сургалт маш сайн. Монголдоо сураад, үргэлжлүүлээд ажиллах нь давуу юм байна. Зөв шийдвэр гаргажээ гэж хожмоо бодсон.

-Таныг оюутан байхаасаа л хагалгаа хийж эхэлсэн гэж сонссон?

-Анагаахын дээд сургуулийн нэгдүгээр курст сурч байхдаа мэс заслын эмч болъё, яаж эмнэлэгт орж мэс засал харах вэ гэсэн бодол салдаггүй. Элэгний М.Шагдарсүрэн гэдэг мундаг эмч байдаг шүү дээ. Тэр ах маань тухайн үед 4 дүгээр курсын оюутан байлаа. Би хагалгаа хийж байгааг хармаар байгаагаа хэлтэл  “Өнөөдөр орой жижүүрт гарна. Мэс заслын тасагт хувцсаа бэлдээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь хагалгааны өмд, цамц хийх даавуу авч дор нь оёод очлоо. Халдвар дамжуулчихна гэж айгаад өмд, цамц, маскаа бүгдийг нь индүүдээд бэлдсэн. Хувцсаа солиод, Шагдарсүрэн ахыг дагаад анх удаа тасагт орж үзэж байгаа нь тэр. Шагдарсүрэн ах маань хагалгаанд туслахаар орохоор боллоо. Тэгээд надад “Энэ шугамнаас цааш зогсч болохгүй шүү” гэсэн. Холоос сайн харагдахгүй байгаа юм. Гэтэл хагалгаа хийж байсан эмч нь “Чи мэс засал харах гэж байгаа юм бол ойртоод ир” гэсэн. Тэгэхээр нь бараг л наалдаад зогссон чинь “Хүүе чи холдооч” гэж хөөгдөөд л /инээв/. Халдваргүйтгэл, ариутгалын дэглэм заалгаагүй юм чинь тэгээд тэр хагалгааг харж их сайхан санагдсан. Тэр шөнөө Шаагаа ахыг дагаад жижүүрт хоносон. Түүнээс хойш та жижүүрт хэзээ хонох вэ, дагаж очъё гэж гуйгаад л нэгдүгээр курсээсээ хагалгаа хийхийг хараад л явдаг байлаа. Гуравдугаар курст мэс заслын хичээл орж эхэлсэн. Тэгэхэд би зөндөө хагалгаа харсан юм чинь наад зах нь хаана хүрч болох, хаана нь хүрч болохгүйг мэддэг болсон байсан. Тухайн үед мэс заслын дугуйлан гэж байсан, түүнд ч суралцлаа. Намайг өлгийдөж авсан багш маань Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Пэлжээгийн Долгор юм. Монгол даяар “Цагаан Долгор” гэж алдаршсан мундаг хүн байсан даа. Тэр хүн намайг шавиа болгон мэс заслын дугуйланд маш олон судалгааны аргыг зааж өгсөн. Долгор багш болон Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Ж.Пунцаг нартай хамтарч Ясны архаг үрэвсэлтэй өвчтөний идээнээс өсгөвөр гарган, түүнийгээ хоргүйжүүлж ариутгаад вакцин бэлдээд буцааж тарьдаг эмчилгээний аргыг гаргасан маань үр дүнтэй болсон. Тэгээд 3 дугаар курсээс хагалгаанд орох эрхтэй боллоо. Оройн цагаар жижүүр дээр байнга ирнэ. Тухайн үед Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасаг Улаанбаатар хотын бүх яаралтай тусламжийг авдаг байсан учир маш их ачаалалтай, шөнөжин хагалгаа хийнэ. Дөрөвдүгээр курсээ төгсөөд хөдөө дадлагад явсан чинь Шагдарсүрэн ах маань Сүхбаатар аймагт мэс заслын эмчээр очсон байсан. Тэгээд 20 хоног өдөр шөнөгүй хагалгаанд ороод, анх мухар олгой авах мэс заслыг Сүхбаатар аймагт байхдаа хийж сурсан. Ирээд тавдугаар курст байхдаа Нэгдүгээр эмнэлгээр гүйсээр байгаад мэс заслын эмч нарыг бүгдийг нь таньдаг болчихсон. Эд нар маань ч намайг тээршаахгүй, “Хүрээд ир, хагалгаанд ороход туслаад, өвчтөний түүх нээгээд өг” гэдэг байсан. Бусад туслах ажлыг нь сайн хийж өгдөг байсан учир намайг хагалгаанд авч орсоор байгаад зургадугаар курс төгсөхдөө мухар олгойн хагалгааг гайгүй сайн хийдэг болж төгссөн. Сургуулиа онц дүнтэй төгсөхөд Долгор багш маань намайг мэс заслын тэнхимд багшаар авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасагт 36 жил ажиллаж байна даа.

-Манай улс Солонгос эмч нартай хамтран 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Эмчилгээний цоо шинэ арга эх орондоо нэвтрүүлнэ гэдэг амаргүй байсан болов уу? 

-2002 онд Швейцарийн мэс засалчдын багт Лазанийн их сургуулийн профессор Желе гэдэг дэлхийд нэр хүндтэй мэс засалч ирсэн. Манай Анагаах ухааны сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн багш бид хоёр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нутагшуулах талаарх санал тавьсан. Тэгэхэд Желе багш надад гурван хуудас захиа бичиж, “Арай л болоогүй байна. Нэгдүгээрт бөөрөө маш сайн шилжүүлэн суулгадаг болох, лаборатори, хагалгааны орчин сайжрах ёстой. Энэ бүхэн бүрдсэний дараа хийнэ” гэсэн зөвлөмж өгсөн. Манай улсад 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдээд 2005 оныг хүртэл төдийлөн дэлгэрч чадаагүй. 2005 оноос Английн М.Слопак гэдэг хүн ирж манай бөөрний багийнхныг дадлагажуулаад одоогоор 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Тэгээд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хөгжихөд Желе профессор 2007 онд “Одоо элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар ярьж болно” гээд Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Д.Батчулуун багш бид хоёрыг Финланд, Германд элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургахаар явуулсан. Тэнд очоод харахад болмоор санагдаад үнэхээр сэтгэлд багтсан. Бидний араас Гастроэнтрологийн багш Н.Даваадорж багш очсон юм. Манай монголчууд эвтэй байвал хүчтэй гэдэг. Бид гурав нэг орой “Энэ ажлыг хэрэгжүүлж дуустал гурван биенээсээ урвахгүйгээр ажиллана” гэдэг тангараг тавьсан. Тэгээд 2007 онд ирэхэд эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын хувьд  өөрчлөгдөөд биднийг дэмжих хүн цөөхөн байсан. Биднийг 20 жилийн дараа хийх мэс заслыг одоо хийж, хүний амиар тоглох гэж байна гэдэг асуудал тавиад, тэр битгий хэл АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр “Чи төрийн шагнал авахын төлөө энэ ажлыг хийх гэж байна” гэж хүртэл хэлж байсан. Харин тухайн үед Лхагвасүрэн захирал маань их дэмжсэн. Би Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/-д төсөл бичиж үзье гээд 4 сая төгрөгийн туршилтын мэс заслын төсөл бичсэн. Үүнийг их сайхнаар хүлээж авч баталсан. Ингээд 4 сая төгрөгтэй болоод гахайнд туршилтын мэс засал хийх ажлаа эхэлсэн.

-Гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хэр амжилттай болсон бэ?

-2007 онд багаа байгуулаад, багийн анхны эх үүсвэр тэр үед бий болсон. Хагалгааны өрөө тасалгаа засах гээд ажил  их байсан учраас 2009 оноос гахайнд туршилтын мэс заслаа хийж эхэлсэн. Дөрвөн сая төгрөг хаанаа ч хүрэхгүй. Гахайгаа өндөр үнээр худалдаад авбал тав, зургаан гахайнд хийгээд дуусчих гээд байдаг. Маш их хэмжээний шингэн, мэдээгүйжүүлгийн бодис гээд үнэтэй зүйл их орно. Нэг найзаасаа үнэгүй шахам гахай гуйж аваад, 26 гахайн туршилтын мэс засал хийж байсан. Энэ бол манай багийг дадлагажуулсан маш том сургалт болсон. Эхний гурван гахай дээр бид үнэхээр туршлагагүй учраас гахайгаа ширээн дээр үхүүлж байсан. Түүнээс хойш туршлагажсан. Гахайнууд хагалгааны дараа 7-8 цаг, хамгийн дээд тал нь 10 цаг хүртэл амьдарсан. Түүнээс цааш үргэлжлүүлээд хийнэ гэхээр эрчимт эмчилгээ, цус, уураг, хагалгааны дараа хийх эмчилгээ байхгүй учраас гахайг амьдруулах нөхцөл байгаагүй. Нэгэнт туршилтынх учраас хагалгаагаа хийгээд дуусгадаг. Гахайны элэг нь ажиллаж байна уу гэдгийг шалгах гэж цусны  замд нь гуурс тавьдаг байсан. Түүгээр нь цөс маш сайн ялгарч байсан. Тэгээд элэг ажиллаж байна гээд л. Гахай 26 цусны бүлэгтэй учир тохироо үзэхэд их хэцүү. Сүүлдээ бид биохимийн шинжилгээ хийдэг болоод, нэг эхийн гахайны цусны бүлгийн тохироог үзэж байгаад хоорондоо хамгийн сайн тохирч байгааг хоёрыг нь ялгаж хийдэг болоод үр дүн сайжирсан.

-Монгол эмч нарт эрхтэн шилжүүлэн суулгах арга барилыг зааж сургасан БНСУ-ын “Асан” төвийн Ли профессор багштай хэрхэн харилцаа тогтоож байв?

-2009 онд Дэлхийн мэс засалчдын хурал Бээжинд болсон юм. Би БНСУ-ын “Асан” төвийн Сан Гю Ли профессорыг өмнө нь мэддэг, 2,3 удаа мэйл бичсэн байсан юм. Хурлын үеэр Ли профессорт мэйл бичиж, та бидэнд туслаач, уулзмаар байна гэхэд, “Болноо, Сэргэлээн, би чамайг танихгүй учир хурлын завсарлагаар намайг олж уулзаарай ярилцъя” гэсэн хариу ирүүлсэн. Тэр хуралд би албан ёсоор уригдсан байсан. Тэгээд Элэг шилжүүлэн суулгах багийнхаа С.Эрдэнэ, П.Батчулуун хоёртойгоо хамт очиж Ли профессортой уулзсан. Тэгэхэд бидний хүсэлтийг сонсоод, нэлээн бодож сууснаа, “Яг одоо хариулах боломжгүй байна. Очиж ярьж байгаад хариулт өгье” гэсэн. Буцаад ирээд байж байтал долоо хоногийн дараа “Та нарыг 4, 4-өөр хуваагаад  БНСУ-д сургахаар боллоо. Зардал мөнгөө шийдээрэй” гэдэг мэйл ирүүлсэн. ЭМЯ-нд өмнө нь бид асуудал тавиад 25 мянган ам.доллар өгнө гэсэн боловч яг шийд гарахад тухайн үед эдийн засаг хүндрэлтэй учраас мөнгө байхгүй гэдэг хариу сонссон. Тэгээд Ли профессорт дахин мэйл бичиж “Уучлаарай, манай Засгийн газраас биднийг сургах мөнгө байхгүй учраас бид танайд очиж чадахгүй нь” гэтэл гурав хоногийн дараа “Санаа зоволтгүй ээ Сэргэлээн, Би өөрийхөө сангаас танай багийг сургана. Тиймээс та нар дөрөв, дөрвөөрөө хүрээд ир” гэсэн. Ингээд “Асан” төв анх биднийг сургасан. Манай баг 40-өөд хүнтэй. 2011 оноос хойш “Асан” төвөөс бидний байр, хоол, зардал, сургалтын төлбөр гээд  одоогийн байдлаар 2 сая гаруй доллар бидэнд зарцуулаад байна. Тухайн үед Ли профессор бидэнд “Би яг та нар шиг анх Солонгост 80-аад оны сүүлээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг суурьшуулах гээд Японы Маттасато Макүчи профессор дээр очиж байсан. Макүчи профессор маань “Би та нарыг сургалаа. Та нар цаашдаа бусдыг сургаарай” гэдэг сургаалиа хайрласан учир би Вьетнам, Монгол улсад төсөл зэрэг эхлүүллээ” гэж хэлж байсан. Вьетнам тэр үеэс хойш 6 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Харин бид 36 хүнд, сүүлийн 9 хүнд өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгаад байна. Хамгийн сайхан нь би сая Дэлхийн нэр хүндтэй шагналыг гардахдаа М.Макүчи профессортой хамт зэрэгцэн зогсоод авсан. Тэгээд үнэхээр их баярлаж, “Та Ли профессорт заагаад, Ли профессор таны сургамжаар бидэнд зааж, бид өнөөдрийн энэ хэмжээнд хүрч байгаа явдал бол таны ач шүү” гэж хэлэхэд Макүчи профессор намайг тэвэрч, баяр хүргээд “Ли бол маш ухаантай, миний хайртай сурагч” гэж тодорхойлж байна билээ. Тиймээс юм гэдэг уялдаа холбоотой байдаг юм байна.

Дэлхий яагаад биднийг үнэлээд байгаа юм гэхээр эдийн засгийн хувьд хязгаарлагдмал орон. Хамгийн наад зах нь багаа сургах, багаж тоног төхөөрөмжөө хангана гэхэд хэцүү байдаг. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрын үед бид төсөл бичиж өгсөн. Өмнө нь солонгосчууд багажаа аваад ирдэг, хамтарч мэс заслаа хийдэг, буцаагаад багажаа аваад буцдаг байсан. Багаж оруулж ирэхээр гаалийн хуулиар мөнгө байршуулж багаж оруулж ирдэг. Нийт 29 сая төгрөг байршуулах шаардлагатай болдог. Бидэнд мөнгө байхгүй. Заримдаа бид гаалийнхныг аргалах гэж зовдог байлаа. Уг нь бусад орны мэс засалчид өвчтөнөө үзээд, хагалгаагаа хийдэг бол бидний хувьд гаалиа зохицуулна, ирж буй улсуудынхаа хоолыг зохицуулна, өөрсдөө жолооч хийж нөгөө улсуудаа тосч авна гээд бид энэ хооронд олон төрлийн ажил хийсэн дээ.



-Өнөөдрийн байдлаар танай багийнхан 36 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна гэлээ. Тэдний биеийн байдал ямар байгаа вэ. Та бүхэнтэй холбоотой байдаг уу?

-Хамгийн анх  бид 46 настай, Т гэдэг эмэгтэйд элэг шилжүүлэн суулгасан. Одоо биеийн байдал нь сайн. Донор, реципент нь ч тэр. Анх бие дааж 9 хүнд элэг шилжүүлэн суулгасан хамгийн эхний хүн бол 30 гаруй насны эмэгтэй, биеийн байдал нь сайн байгаа. Бидний хагалгаа хийсэн бүх хүмүүс бидэнтэй холбоотой байдаг. Яагаад гэвэл байнга хяналтад байдаг учир сар бүр ирж хяналтад орно, эмийн тунгаа үзүүлнэ. Ер нь салж хагацаж чадахгүй ах дүү хамаатан садан болсон доо.

-Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг маш хүнд, эрсдэлтэй хагалгаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг тооцож үзэв үү?

-Элэг шилжүүлэн суулгасан 36 хүнийхээ үр дүнг тооцсон. Ер нь элэг шилжүүлэн суулгасны дараах үр дүнг гурван сарын дараах, жилийн дараах, 3 жилийн дараах, 5 жилийн дараах гэж тооцдог.  Одоогийн байдлаар бид 3 жилийн дараах үр дүнг тооцоод байна. Гурван сарын дараах үр дүн 91 хувьтай байгаа. Элэг шилжүүлэн суулгаж эхэлж байгаа улсын хувьд 50 хувьд хүрэхэд боломжийн гэж үздэг. Манай улсын хувьд үр дүн 91 хувьтай байна гэдэг бол гайгүй амжилт юм. Гэхдээ эрсдэл байлгүй яахав. Ганц нэг хүнд эрсдэл гарсан. 24 цагийн дотор нас барсан хүн нэг бий. Бусад нь хожуу, тухайлбал уушгины хатгаа гэх мэтээр нас барсан тохиолдол гарсан. Дархлаа дарангуйлдаг учир бусад өвчин авахдаа маш мэдрэг байдаг. Гурван жилийн дараах үр дүн 87 хувьтай байгаа. Энэ бол бас л өндөр амжилт. Үр дүнгээ бидний багш нар, 5000 хүнд элэг шилжүүлэн суулгасан “Асан” төвийн үр дүнтэй яг адил удирдамжаар хийж байгаа учир харьцуулж үзсэн. Тэгэхэд тэдний үр дүнгийн хэмжээнд байгаа. Үүнийг ч дэлхий үнэлсэн байх аа.

-Эх орондоо энэ хагалгааг хийдэг болсноор иргэдийн гадагшаа явах урсгал багассан байх?

-Гадагшаа явах урсгал хамаагүй багассан. Жилдээ 30-40 хүн гадагш явдаг байсан. Гадаадад элэг шилжүүлэн суулгуулсан 150 гаруй хүн манай багт хяналтад ордог. Мөн манай багийн өөрсдийн элэг шилжүүлэн суулгасан, нэлээн эрт элгээ солиулсан гээд нийт 300 гаруй хүн хяналтад байдаг. Бид хагалгаагаа хийнэ, өвчтөнөө үзнэ. Нэгэнт энэ байгууллагаас цалинжиж байгаа учир эндхийн ажлаа хийх ёстой, бидний ажлыг орлох хүн байхгүй шүү дээ. Хажуугаар нь 300 гаруй хүнээ хянана. Тэр улсууд маань ханиад хүрсэн ч гэдэс нь эвгүйрхсэн ч бидэнд л хандана. Шөнийн 2 цагт, үүрийн 4 цагт ч утсаар ярина, дуудна. Цэргийн албанд манаанд байгаа юм шиг л байж энэ хүмүүсээ эсэн мэнд байлгаж, шаардлагатай үед яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй.

-Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хичнээн хүн байгаа бол. Өртөг мөнгөний хувьд ямар үнээр хийж байгаа вэ?

-Санхүү үнэ өртгийн хувьд хэцүү л дээ. Анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаа 60 сая төгрөгийн үнэтэй байсан. Гэхдээ эхний хүнд ердөө 10 сая төгрөгөөр хийсэн. Энэ нь долларын өртгийн өсөлттэй холбоотой хагалгааны хэрэглэж буй материал доллараар үнэлэгддэг жинхэнэ оригнал гэж нэрлэгддэг зүйл хэрэглэдэг учир үнэтэй. Долларын үнэ өсөх тусам хагалгааны үнэ өсдөг.  2014 онд үүнийг 85 сая төгрөг болгож өсгөж өгсөн. Гэхдээ энэ нь хүрэхгүй, хязгаарлагдмал. Үүнээс илүү үнээр хийнэ гэхээр монголын минь ард түмний чадамж хэр билээ. Тэгэхдээ 85 сая төгрөг гэдэг 30 гаруй мянган ам.доллар шүү дээ. Энэ мөнгөөр элэг шилжүүлдэг, тэр тусмаа вирусыг нь устгадаг эмтэй нь хамт шилжүүлдэг улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. 2015 оны сүүлч 2016 оноос эхлэн мэс заслын зарим өртөг өндөртэй багаж тоног төхөөрөмжийг даатгалаас санхүүжүүлэх шийд гарч, элэг шилжүүлэн суулгахад хэрэглэж буй 10-аад сая төгрөгийн 5-6 багажийг даатгалд оруулж өгсөн. Бид үүнийгээ буцаагаад улсууддаа өгч чаддаггүй. Яагаад гэвэл мөнгө нь хүрдэггүй учир 85 сая төгрөг дээрээ нэмээд 100 сая орчим төгрөгт багтаан хагалгаагаа ядан ядан хийгээд гал алдахгүй зогсоохгүй яваад байсан. Харин  хамгийн сайхан шийд гарсан зүйл гэвэл 2016 оны сүүл 2017 оны эхээр ЭМД-аас тодорхой хувийг санхүүжүүлэх шийд гаргаад, 2016 оны төсвийн тодотголд 700 сая төгрөг, 2018 оны төсөвт 2.4 тэрбум төгрөг эрхтэн шилжүүлэх суулгахад төсөвлөөд оруулж өгсөн. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэн суулгах мэс засал багтана. Энэ бол Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын үед хийгдсэн. Үүнийг Д.Сарангэрэл сайд үргэлжлүүлээд батлууллаа. Энэ бол бидэнд өгсөн хамгийн том бэлэг. Бид өвчтөнөө ядуурч, хэцүү байдалд орохыг харах үнэхээр хэцүү байдаг. Яагаад гэвэл 85 сая төгрөг төлөөд хагалгаанд орж буй зөвхөн тэр хүн биш ах дүү, хамаатан саднаараа ядуурдаг. Хүний амины төлөө орон байр, унаа машинаа барьцаалж, зарж үрээд хагалгаанд ордог. Одоо энэ байдал бол гайгүй, хүн зөвхөн 15 сая төгрөг өөрөөсөө төлнө. Энэ бол ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө авсан маш арга хэмжээ байсан. Тиймээс би А.Цогцэцэг, Д.Сарангэрэл сайддаа, баталж өгсөн УИХ-ын гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа гэдэг үг ч багадна. Бидэнд энэ мөнгө ирэхгүй л дээ. Гэхдээ бидний хийж буй  ажлыг дэмжиж байгаа асар том дэмжлэг. Мөн элэг муутай, ядарсан зүдэрсэн олон хүнийг аврах авралын гарц нь болж байна.

-Дэлхийн бусад орнуудад энэ хагалгааг ямар үнээр хийдэг юм бол?

-Орон оронд өөр. АНУ-д ойролцоогоор 300 мянган ам.доллар, Европын орнуудад 250-300 мянган евро, БНСУ-д 150-250 мянган доллар. Энэтхэг улсад хамгийн хямд. Яагаад гэвэл Энэтхэгт вирусын эсрэг эмчилгээг хийлгүйгээр элгийг нь сольж өгөөд явуулдаг. Вирусын эсрэг эмчилгээ нь хамгийн өндөр өртөгтэй. Хагалгааны ширээн дээрээс эхлээд  вирусын эсрэг эмчилгээг хийдэг номтой. Жил ирэх тусам элэг шилжүүлэн суулгасан хүний зардал багасдаг. Эрхтэн шилжүүлэн суулгахын сайхан нь хүнийг үлгэн салган сэхээдэггүй, 100 хувь эрүүл болгодогт оршдог.

-Одоо хичнээн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх гэж байна вэ?

-Бид энэ ондоо багтаан 4 хүнд элэг шилжүүлэн суулгана. Төсвийн тодотгол орж ирээгүй учир хүлээсээр байтал цаг шахагдаад байна. 2018 онд 25 хүнд элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн.

-Элэг шилжүүлэн суулгахад донорын олдоц хэр байдаг вэ?

-Бид амьд донороос элэг шилжүүлэн суулгаж байгаа. Нэг л тохиолдолд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан. Цогцосны донор Монголд маш их гардаг. Зам тээврийн осол, зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өөд болж байгаа тохиолдлуудад донор болох боломжтой. Гэхдээ харамсалтай нь хүмүүсийн ойлгох ойлгоц, бид энэ чиглэлд сайн ажиллаж чадаагүйн гай л даа. Яг хүнээ донор болгоод өгчих ар гэр тэр бүр олдохгүй байна. Үүнийг зохион байгуулдаг алба байх ёстой. Бусад улс оронд алба зохион байгуулдаг. Тухайлбал, Би хүнд элэг солих гэж байж тэнд нас барж байгаа хүний ар гэртэй нь уулзан элгийг нь өгөөч гэж хэлэх эрхгүй. Тэгвэл ашиг сонирхлын зөрчил болно. Тиймээс ДЭМБ-аас хуулиар хориглосон байдаг. Тухайн багийн гишүүд эрхтэн авах гэж буй ар гэртэй уулзахгүй, ар гэрээс эрхтэн гуйхгүй. Үүнийг зохицуулдаг тусгай алба байдаг. Бидний шинэчилсэн донорын хуулинд энэ албыг байгуулах талаар орсон явж байгаа. УИХ-аар анхны хэлэлцүүлэг нь өнгөрсөн хавар хийгдсэн. Хоёр дахь хэлэлцүүлэг хэдийд орохыг сайн мэдэхгүй байна. Энэ хууль батлагдвал тархины үхэлтэй донорын асуудал үндсэндээ шийдэгдэнэ. Тэгвэл бид ирэх онд хийх 25 хүндээ заавал эрүүл хүнээс элгийг нь авч, бас нэг хүнд давхар мэс засал хийж, хүнийг зовоож давхар зардал гаргахгүй. Элэг тайрах хагалгаа гэдэг амаргүй шүү дээ. Тиймээс зохицуулах гэж байна.

-Гэр бүлийн нөхөр нь эхнэртээ донор нь болсон гэсэн. Донорын хуулинд заавал цусан төрлийн улсууд нь донор болно гэж заасан байдаг?

-1990 онд анх Донорын хууль батлагдсан. Хуульд зөвхөн цусан төрлөөс нь эрхтэн авна гэж хатуу гэж заасан. Тухайлбал, надад төрсөн ах дүү маань элгээ өгнө үү гэхээс биш эхнэр нөхөр нь, эсвэл эхнэрийн хамаатан садан нь элгээ өгөх боломжгүй байсан. Үүнийг 2012 онд ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан садан, олон жилийн хамтын ажиллагаатай найз нөхөд гээд өөрчилсөн. Үүний ачаар өнгөрсөн хавар манай нэг реципентэд нөхөр нь элгээ өгсөн. Одоо хоёулаа эсэн мэнд элэг бүтэн амьдраад явж байна. Одоо шинээр найруулж буй Донорын хуулинд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж авах зохицуулалтыг хийж өгөх талаар бүтэн шинэ бүлэг оруулсан. Энэ бүлэг батлагдвал асуудал харьцангуй шийдэгдэнэ.

-Та энэ олон хүнд ачтай тустай ажил хийгээд явахад  ар гэрийн амьдрал орхигддог байх. Түүнийгээ яаж зохицуулж байна. Хэдэн хүүхэдтэй вэ. Таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Хань ижил, ар гэр гэдэг бол ялангуяа эмэгтэй мэс засалч хүн цааш хөгжих үү гэдгийг шийдэхэд маш чухал. Тиймээс би эмэгтэй мэс засалч болох гэж буй охиддоо “Ханиа сайн сонгоорой” гэж хэлдэг. Яг үнэнийг хэлэхэд би өөрийнхөө амьдралыг энэ мэс заслын төлөө өгсөн гэж хэлэхэд болно. Би нэг хүүтэй. Хүүгээ эмч болгох санаатай мэс заслын эмч болох хүсэлт тавьсан боловч хүү маань Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийг банкны компьютер хамгааллын чиглэлээр төгссөн. Одоо Монголбанкинд ажиллаж байна. Мөн миний дүүгийн хүү дотрын эмч, ахын маань хүүхэд миний шавь болж үений мэс засалч чиглэлээр суралцсан. Эд нар маань голомтыг маань таслахгүй аваад явах боломжтой улсууд байгаа юм.

-Та хичнээн шавьтай вэ. Гарын шавиа бэлтгэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ сургуульд 36 жил ажиллаж байгаа учир манай сургуулийг төгссөн оюутнуудын ихэнхэд нь хичээл заасан, лекц уншсан. Сүлийн хэдэн жил 6 дугаар курсын оюутнуудад мэс заслын лекц уншиж байна. Гарын шавь байлгүй яахав. Монголын бүх мэс засалчид намайг багшаа гэж дууддаг. Энэ бол их сайхан. Улаанбаатар хотын эмнэлэг, Монголын 21 аймаг, сум хаана ч очсон мэс засалчид нь шавь нар маань байдаг. Тэгэхээр шавь нараараа бахархаж явдаг.

-Та анх ээжийгээ эмчлэхээр эмч болсон гэсэн. Энэ хугацаанд хичнээн хүнд хагалгаа хийж амьдрал бэлэглэв?

-Би багш учраас хичээлээ заана, өдөр бүр хагалгаанд ороод зогсоод байж чаддаггүй. Энэ хугацаанд  6000 гаруй мэс засал хийжээ. Тэр дундаа 1998 оноос хойш ходоодны мэс заслыг түлхүү хийсэн. Ходоодны мэс заслын үр дүнгээр шинжлэх ухааны  докторын зэрэг хамгаалсан. 1998 онд миний багш, академич Б.Гоош намайг “Ходоодны мэс заслын хүндрэл их байна. Солонгост очоод 6 сарын хугацаанд ходоод тайрах мэс заслыг сайн сураад ир” гээд явуулсан. Тухайн үед ходоодны мэс заслын хүндрэл 15 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл 100 хүнээс 15 нь эндэж байсан гэсэн үг. Би их азтай. Солонгост очоод нэг хүн дагалдсан чинь Солонгосын номер нэг эмчийг дагалдсан байсан. Багш маань надад 14 хоног хагалгаа харуулаад багтаа авсан. Тэгээд багштайгаа хамтарч 100 гаруй хагалгааг Солонгост хийсэн. Ирээд ходоодны хагалгаа хийж эхлээд 590 гаруй хүнд хагалгаа хийсэн байдаг юм. Тэдгээр 590 гаруй хүнээс хоёр хүн хүндэрч нас барсан, бусад нь бүгд эдгэрсэн. Тэгэхээр багш маань энэ хагалгааг сайн зааж өгч дээ гэж боддог. Гоош багш маань миний анхны таван хагалгаанд надтай хамт орж тусалсан. Тэгээд таван хагалгаа амжилттай болсны дараа “За одоо миний охин бие даан хийх боломжтой болжээ. Үргэлжлүүлээд хий дээ” гээд эрх өгсөн. Мөн элэг шилжүүлэн суулгах нарийн арга технологийг зааж өгсөн Ли профессор багш маань байна. Тиймээс олон сайхан багш нартаа мөргөж явахаас өөр аргагүй.

-Монголд цаашид эрхтэн суулгах өөр ямар мэс заслыг нутагшуулахаар төлөвлөөд байна вэ?

-Тархины үхэлтэй донорын асуудал шийдэгдвэл цаашид зүрх, нойр булчирхай, уушги гээд эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой. Түүнийг л шийдэх хэрэгтэй байна.

-Хагалгаа гэдэг бол тухайн хүний эрүүл мэнддээ анхаарал тавиагүйн хамгийн эцсийн шат байдаг шүү дээ.  Манайхан эрүүл мэндээ хамгаалах талд ямар байдаг вэ?

-Хөгжилтэй орнуудад зургаан сарын хяналтын систем гэж байдаг. Хөгжилтэй орнуудад хүн бүр 6 сар болоод шинжилгээ өгдөг, өрхийн эмчдээ үзүүлдэг. Яагаад гэвэл тэр орнуудад зах зээл хөгжсөн. Хэрэв элэг шилжүүлэн суулгах юмуу эсвэл том хагалгаа хийлгэвэл тухайн хүнээс өөрөөс нь маш их зардал гарна. Тиймээс тэр зардлыг хэмнэхийн тулд өвдөхгүй байх хэрэгтэй. Манай улсын эрүүл мэндийн салбар зах зээлд ороогүй учир эрүүл мэнд нь үнэгүй болсон. Хүмүүс нь өвдөнө үү байна уу хамаагүй, өвдвөл очоод үнэгүй мэс засал хийлгэчихнэ гэдэг сэтгэхүйтэй болчихсон. Бусад орон өндөр технологио харж үзээд улсаас мөнгө гаргадаг. Бусад мэс ажилбарууд бүгд төлбөртэй. Үүнийг манайх ч гэсэн бодолцох хэрэгтэй. 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд