top banner

Өлгий хотод 34 айлын орон сууц ашиглалтад орлоо


2017-11-12 13:44:27
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төвд баригдсан зургаан давхар 34 айлын орон сууц өчигдөр ашиглалтад орлоо.

Уг орон сууцыг иргэн Х.Танай, М.Баглан нар өөрсдийн хөрөнгөөр босгосон бөгөөд барилгын ажлыг «Көркем» компани гүйцэтгэжээ. Холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллээр одоо эдгээр байруудыг борлуулах ажил явагдаж байгаа аж.

Сүүлийн үед аймгийн төвийн хүн ам, тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, тэр хэмжээгээр агаарын бохирдлын асуудал хөндөгдөж эхэлсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бол гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Мөн тус асуудал үе үеийн аймгийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт ч орсоор иржээ.

Иймд хувийн хэвшил, иргэд өөрсдөө санаачилга, хөрөнгө гаргаж орон сууц ашиглалтад оруулж байгаа нь сайшаалтай хэрэг гэдгийг орон нутгийн иргэд онцолж байна.   

Дашрамд хэлэхэд, тус аймагт 2013 онд 91, 2014 онд 146, 2017 онд 178, 2017 онд 60 айлын орон сууц баригдаж тус тус ашиглалтад орсон байна. 
Ө.Нурболат

Монгол брэнд