top banner

Д.Трамп таван улсад айлчилсныг тоймлосон нь


2017-11-13 12:44:12
Зураг
 
Япон: Гольфоор эхэлсэн айлчлал 
 
Гольфын клубуудын олон улсын сүлжээний эзэн Д.Трамп Японд хийх айлчлалаа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй гольф тоглосноор эхлүүллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сард сонгуульд ялснаасаа хойш Абэ-тэй 6 дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.

Айлчлалын явцад Умард Солонгостой холбоотой асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцсэн байна. Энэ үеэр Японы засгийн газар Умард Солонгосын 9 байгууллага, 29 албаны хүмүүсийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авсан нь санамсаргүй хэрэг биш юм.  
 
Ш.Абэ-тэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн Ерөнхийлөгч хэлэхдээ “цөмийн зэвсэг туршиж, Японы нутаг дээгүүр пуужин хөөргөн туршиж буй Умард Солонгосын өдөөн хатгасан үйлдлийг бид цаашид хүлцэн тэвчихгүй” гээд “Умард Солонгост хандах стратегийн тэсвэр тэвчээрийн үе нэгэнт өнгөрсөн” гэж онцлон анхаарууллаа. Энэ нь Япон руу умард солонгосчуудын харвасан пуужингуудыг замд нь шууд устгана гэж хэлсэнтэй адилхан сонсогдож байв.  
 
Хариуд нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “АНУ болон Японы зэвсэгт хүчний үйл ажиллагааг уялдуулан зохицуулснаар Умард Солонгосын пуужингуудыг амдан устгах боломж бүрдэнэ” гэв.

“Шаардлагатай тохиолдолд бид үүнийг гарцаагүй хийнэ. Үүний тулд АНУ болон Япон улс үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулах ёстой.  Япон улс батлан хамгаалах хүчин чадлаа тоо болон чанарын хувьд бэхжүүлэх нь чухал” гэдгийг Ш.Абэ онцлон дурдлаа. 
 
Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ “Умард Солонгосын талаарх Япон, АНУ хоёрын байр суурь хоорондоо 100 хувь нийцэж байна” гэв. Үүний сацуу хоёр тал Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаар Хятад болон Орос улстай хамтран ажиллахаа батлан мэдэгдсэн байна.  
 
Талуудын хэлэлцсэн хоёрдахь чухал асуудал бол АНУ-Японы худалдаанд америкчуудын хүлээж буй алдагдал юм. Эрс шулуун үгтэй Трамп худалдааны салбарт “онцгүй ааш зан” гаргаж буй япончуудыг шүүмжлэв. Үүний сацуу тэрбээр Америкийн орчин үеийн зэвсгийг Япон улсад худалдахад бэлэн байгаагаа мэдэгдсэн нь АНУ-Японы худалдаан дахь тэнцвэргүй байдлыг бага ч болтугай бууруулахад тус дөхөм болно гэж шинжээчид үзэж байна.
 
Японтой хийж буй худалдаанаас Америкийн талын хүлээж буй алдагдал жилд 70 тэрбум долларт хүрч байгаа аж. Үүнийг багасгахын тулд хоёр тал Америкийн автомашинуудыг борлуулахад учирч буй тарифын бус саад тотгоруудыг арилгах, Америкаас нийлүүлэх үхрийн маханд ногдуулах татварын хэмжээ хэт өндөр байгааг багасгах, эм бэлдмэлийг бүртгэх Японы тогтолцоог хялбарчлах боломж зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
 
Дашрамд дурдахад, хоёр улс Чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдийг хүртэл байгуулаагүй байгаа аж. 
 
Умард Солонгос болон худалдааны тэнцлийн асуудлаас гадна Умард Солонгосын нууц албаныханд хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг хоёр тал хөндөн ярилцсан бололтой. Д.Трамп 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлэхдээ, 13 настайдаа умард солонгосчуудад хулгайлагдсан Мэгүми Ёкотагийн талаар дурдсан учраас япончууд Трампын айлчлалын үеэр уг асуудалд өмнөхөөс илүү ихээр анхаарлаа хандууллаа.  

БНСУ: 25 жилийн хугацаан дахь анхны төрийн айлчлал

АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 25 жилийн өмнө Өмнөд Солонгост төрийн айлчлал хийснээс хойш анх удаа Д.Трамп 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд ийм өндөр түвшний айлчлал хийлээ. Өмнө нь Америкийн удирдагчид зөвхөн ажлын айлчлал хийж байсан бөгөөд эцэг Бушаас бусад нь хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд очиж байжээ.
 
Энэ удаад Дональд Трамп тус бүсэд очих гэж байсан боловч цаг агаарын байдлаас шалтгаалан  Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх Америкийн цэргийн бааз руу буцсан байна.  

Харин The Washington Post сонинд дүгнэн бичсэнээр бол, хэрвээ Д.Трамп цэрэггүй бүсэд очих аваас Умард Солонгостой тэртэй тэргүй таагүй байгаа харилцаа улам хурцдана гэж Америкийн тал болгоомжилсон бололтой. 
 
Өргөнөөрөө 4 км, уртаашаа 241 км үргэлжилдэг уг цэрэггүй бүс нь Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр хоёр тэнцүү хэсэгт хуваадаг бөгөөд БНСУ болон БНАСАУ хоёрыг заагладаг хуурай замын хилийн шугам юм.
 
Айлчлалынхаа үеэр Д.Трамп Өмнөд Солонгосын парламент болох Үндэсний хурлын гишүүдэд хандан үг хэлэхдээ, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хатуу анхааруулга өглөө.Тэрбээр Умардын удирдагчид хандан “Биднийг бүү сонжин турш” гэж хэлээд умард солонгосчуудыг хар дарсан зүүд шиг нөхцөлд амьдруулж байна гэж Ким Жөн Уныг буруутгажээ. Үүний сацуу “зэвсгээр хөөцөлдсөнөөр улс орноо аюулгүй болгоно гэж бодож  байгаа бол эндүүрч байна. Та нарын зэвсэг танай улсыг аюулд оруулах болно” гэж Кимд анхааруулсан байна.

Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд илүү хүчтэй шахалт үзүүлэхийг бусад улс орнуудад, тэдгээрийн дотор Хятад, Орос улсад АНУ-ын Ерөнхийлөгч уриаллаа.
 
Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох үүднээс Өмнөд Солонгосын баллистик пуужингуудад суурилуулах цэнэгт хошууны жинг 500 кг-аар хязгаарласныг цуцлахаар хоёр тал тохиролцсон байна. Одоогийн байдлаар, өмнөд солонгосчууд 800 км-ийн тусгалтай, 500 хүртэлх кг жинтэй цэнэгт хошууг тээж чадах пуужингуудыг бие даан үйлдвэрлэж байгаа юм.
 
Д.Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй хэлэлцээ хийх үеэрээ, хоёр орны худалдаан дахь тэнцвэргүй байдлыг арилгах үүднээс АНУ-аас худалдан авч буй зэвсгийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийг Сөүлд санал болгосон байна.
 
Өмнөд Солонгос бол АНУ-ын хувьд 6 дахь том худалдааны түнш бөгөөд хоёр улсын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр /KORUS/ 2012 оны 3 дугаар сард хүчин төгөлдөр болсон байна. Харин уг тохиролцоонд Д.Трамп сэтгэл дундуур байгаа бөгөөд Америкт ашиггүй энэ хэлэлцээрийн улмаас 100 мянган ажлын байр үгүй болсон гэж тэрбээр үздэг. Зарим статистик мэдээллээр, 2012 оноос хойш Америкийн талын хүлээж буй алдагдлын хэмжээ 27,7 тэрбум долларт хүрээд байгаа аж.   
 
БНХАУ: Умардын цөмийн асуудал ба 250 тэрбумын гэрээ хэлцэл    
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаасаа хойш яг нэг жилийн дараа Хятадад айлчлахаар хүрэлцэн ирлээ. Энэ оны 4 дүгээр сард Хятадын удирдагч Ши Жиньпин Флорида муж улс дахь Д.Трампын “Мар-а-Лаго” гэдэг эдлэнд зочлох үеэрээ Америкийн Ерөнхийлөгчийг улс орондоо айлчлахыг урьсан юм.
 
Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад хоёр хоногийн албан ёсны айлчлал хийх үеэр хэлэлцсэн гол асуудал нь Солонгосын хойгийн хурцадмал байдал байлаа. Ерөнхийлөгч Д.Трамп Бээжинд Хятадын удирдагчтай хэлэлцээ хийснийхээ дараа Умард Солонгосын талаар хэлдэг байсан эрс хатуу үгс нь арай зөөлөрснийг ажиглагчид анзаарсан байна.      
 
Хэлэлцээний дараа талууд хамтарсан мэдэгдэл хийх үеэр Д.Трамп хэлэхдээ “АНУ, БНХАУ хоёр Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэх арга замыг олж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон хэлэхдээ “Умард Солонгосын асуудлаар АНУ, Хятад хоёрт ямар ч санал зөрөлдөөн байхгүй” гэдгийг онцлон тэмдэглэлээ.                                                   

Хоёр өдрийн хэлэлцээний явцад “БНАСАУ цөмийн зэвсэгтэй болохыг БНХАУ огт хүлээн зөвшөөрөхгүй” гэдгийг Хятадын тал Д.Трампад маш тодорхой ойлгуулсан байна.  Тодруулбал, Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ “Хятад улс Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангид байлгах чиг шугамыг хатуу баримталсан хэвээр байна” гэлээ.

"АНУ-БНХАУ-ын харилцаа нь хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг төдийгүй дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн асуудлыг хөндөж байдаг гэж бид үзэж байна. Хятад болон АНУ-ын хувьд хоршин ажиллах нь цорын ганц зөв сонголт мөн” гэж Хятадын удирдагч мэдэгдсэн байна.

Д.Трамп Ши Жиньпинд хандан “Та бол хүчтэй хүн. Та миний төлөөнөө энэ асуудлыг /Солонгосын хойгийн асуудал/ шийдэж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

Товчхон дүгнэхэд, сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээхээр эрчимтэй оролдож буй Умард Солонгосын талаар өнгөрсөн үед явуулж байсан  “бодлогын алдаагаа” давтахгүй байхаар Вашингтон, Бээжин хоёр тохиролцжээ.

Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын үеэр хөндсөн хоёрдахь чухал сэдэв нь хоёр орны худалдааны тэнцлийн алдагдлыг бууруулах явдал байв.

Хятад улс нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш болсны зэрэгцээ 1,15 их наяд доллароор үнэлэгдэх Америкийн үнэт цаасыг худалдан аваад байна. Үүнийг харгалзан үзэхгүйгээр Трампын хувьд Бээжинтэй харилцаагаа зохицуулна гэж  төсөөлөхийн аргагүй. Хэрвээ хятадууд Америкт дарамт шахалт үзүүлэх хөшүүрэг болгох үүднээс эдгээр үнэт цаасыг гэнэт бүгдийг нь бирж дээр гаргах аваас долларын огцом унах ба энэ нь ямар үр дагавартай болохыг урьдчилан таашгүй.

Д.Трамп Хятад руу явахынхаа өмнөхөн хэлэхдээ “Хятадтай хийж буй худалдаанаас бидний хүлээж буй алдагдлын хэмжээг хэлэхэд ч ичмээр” гэж байв. Тэрбээр 4 дүгээр сард Ши Жиньпинтэй уулзах үеэрээ алдагдлын хэмжээ 504 тэрбум долларт хүрснийг дурдаж  байсан юм. 
 
Харин Хятадын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний 10 сарын хугацаанд АНУ-БНХАУ-ын худалдаа Хятадын талд 223 тэрбум долларын ашигтай гарсан байна.

Хятадууд АНУ-ын эдийн засгийг хүчирхийлж байна гэж ярьдаг Трамп энэ удаагийн айлчлалынхаа үеэр урьдын адил “худалдаа шударга бус байна” гэдгийг дурдсан боловч үүнд хятадуудыг бус харин АНУ-ын өмнөх удирдлагуудыг буруутгасан нь анхаарал татлаа. “Хятадыг би буруутгахгүй ээ. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж буй улсыг буруутгаж болно гэж үү?” гэж Америкийн Ерөнхийлөгч хэлсэн байна.

Трампын энэ удаагийн айлчлалын үеэр Америкийн компаниуд нийтдээ 250 тэрбум долларын өртөг бүхий худалдааны хэлэлцээрийг Хятадын талтай байгуулсан байна. Гэхдээ эдгээрийн зарим нь тодорхой хэлцлээр баталгаажаагүй учраас Трампыг эх орондоо эргэж ирсний дараа зөвхөн цаасан дээр үлдэнэ гэж зарим шинжээчид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 250 тэрбум долларын тохиролцоонууд бүгдээрээ амьдралд хэрэгжинэ гэсэн үг биш. “Трамп бол хэлсэн ярьснаасаа эргэж буцах дуртай хүн бөгөөд нүүр тулан уулзах үед эелдэг байдаг боловч уулзалт дууссаны дараа байр суурь нь эрс өөрчлөгддөг” гэж Азийн Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Дебора Элмс ярьж байна. 

Ер нь бол, иймэрхүү өндөр дээд түвшний айлчлалын үеэр том том тоо яригддаг боловч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх нь олонтоо. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс хэлэхдээ “Хятадын компаниудтай хийсэн тохиролцоонуудын зарим нь ердөө харилцан ойлголцлын санамж бичгүүд” гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Ингээд 250 тэрбумын тохиролцоонуудаас томоохнуудыг нь дурдая:

-БОИНГ компани 37 тэрбум долларын үнэ бүхий 300 нисэх онгоцыг Хятадад нийлүүлнэ

-Аляска муж улсад байгалийн хий олборлоход хамтран ажиллах 43 тэрбум долларын хэлэлцээр

-АНУ-ын харилцаа холбооны Qualcomm компани ба Xiamoi, OPPO, Vivo ухаалаг гар утсуудыг үйлдвэрлэгч Хятадын компаниудын хооронд байгуулсан 12 тэрбум долларын гэрээ гэх мэт.   

Д.Трамп: Вьетнам улс энэ дэлхийн нэгэн гайхамшиг болж чаджээ

Вьетнам улс үнэхээр дэлхийн нэгэн гайхамшиг болж чаджээ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-ийн барьсан хүндэтгэлийн зоогт оролцож үг хэлэхдээ бахархан тэмдэглэсэн байна.
 
Хариуд нь Вьетнамын Ерөнхийлөгч хундага өргөн үг хэлэхдээ “манай улсын анхны төрийн тэргүүн Хо Ши Мин өнгөрсөн зууны эхээр Америкийн Бостон хотод очиж байсан” гэдгийг эргэн дурслаа. 
 
Вьетнамд айлчлах үеэрээ АНУ-ын төрийн тэргүүн Өмнөд Хятадын тэнгист үүссэн газар нутгийн маргааныг зохицуулахад нь Вьетнамын Ерөнхийлөгчид туслах санал тавьсан байна. Ингэхдээ Д.Трамп “Би бол маш сайн зуучлагч, арбитр хүн шүү” гэж хэллээ.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд болон цэргийн объектууд барьж байгаа энэ үед АНУ нь Вьетнамын хувьд стратегийн чухал түнш болж байгаа юм. 2016 онд Б.Обама Вьетнам айлчлах үеэрээ тус улсад зэвсэг худалдахад тавьсан хоригийг цуцалсан нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарсныг харуулсан билээ.

Д.Трампын айлчлалын үеэр Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр бол, хоёр тал цэргийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж дуусах шатандаа орсон байна. Уг төлөвлөгөөнд тусгаснаар, америкчууд Вьетнамын тэнгисийн цэргийн хүчинд харуулын хөлөг онгоц нийлүүлэх бололтой. 

Цөмийн амбицаа улам тэлж буй Умард Солонгост үзүүлэх шахалтыг улам хүчтэй болгоход Вьетнам улс идэвхтэй оролцоно гэж Д.Трамп найдаж байгаа бөгөөд энэ талаар хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, уг мэдэгдэлд “Өмнөд Хятадын тэнгист далайн тээврийн чөлөөт байдлыг хангах нь чухал болох”-ыг цохон тэмдэглэлээ.
Айлчлалын үеэр хоёр орны бизнесийн эрхлэгчид нийт 12 тэрбум долларын үнийн дүн гэрээ хэлэлцээр байгуулсан байна.  1995 онд АНУ-Вьетнамын харилцаа сэргэснээс хойш Вьетнамд зочилсон Америкийн дөрөвдэх Ерөнхийлөгч бол Д.Трамп юм. Өдгөө АНУ нь Вьетнам улсын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамгийн том түншүүдийн нэг болжээ. Өнгөрсөн оны дүнгээр, хоёр талын худалдааны эргэлт 50 тэрбум доллароос давсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Вьетнамд айлчлах хугацаандаа Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ 25 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтад оролцлоо. 
 
Филиппин: АСЕАН байгуулагдсаны 50 жилийн ой  
 
Д.Трампын өмнө нь айлчлал хийсэн дөрвөн оронд янз бүрийн эсэргүүцлийн ажиллагаа болоогүй нам жим байсан билээ. Харин Филиппинд анх удаагаа айлчлахаар ирж буй Д.Трампыг филиппинчүүд нэлээд ширүүн угтлаа. Нийслэл Манила хотод 10-наас хойш гурван өдрийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн АНУ-ын ЭСЯ-ны байранд нэвтрэх гэж оролдсон байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 12-13-ны өдрүүдэд болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН байгуулагдсаны 50 жил, АНУ ба АСЕАН-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнүүдэд оролцлоо.
 
Өдгөө АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Вьетнам, Индонез, Кампучи, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Таиланд, Филиппин гэсэн 10 улс багтдаг бөгөөд эдгээр орнуудын хүн амын тоо 644,7 сая болж, ДНБ-ийг нь нийлүүлэн тооцоход 2,57 их наяд долларт хүрч байна.
 
Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт өнөөдөр эхлэх бөгөөд Филиппины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Робеспьер Боливар-ын мэдэгдсэнээр бол, албан ёсны уулзалтын үеэр хоёр талын харилцааны стратегийн асуудлуудыг хэлэлцэх аж. Түүнчлэн терроризм, хүчирхийлэл болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, байгалийн гамшгийн хохирлыг арилгахад хамтран ажиллах тухай асуудлуудыг хөндөн ярилцана гэдгийг Р.Боливар дурдлаа.
 
Б.Адъяахүү


 
 

 

 

Монгол брэнд