top banner

Олон улсын математикийн олимпиадаас Монгол сурагчид медаль хүртэв


2017-11-13 13:43:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-нд болсон олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртэв.

Дэлхийн 20 гаруй улс оролцсон тус олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 дугаар ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6 дугаар ангийн сурагч П.Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч Ө.Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Бат-Итгэл нар тусгай шагнал хүртэв.
Манай сурагчид хоёр баг болж оролцон, хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.



Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Х.Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас 6 хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм. 

Дашрамд дурдахад, TMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг нэр хүндтэй олимпиад юм.  
Ж.Болор

 

Монгол брэнд