top banner

Бээжин дэх Монголын ЭСЯ-ны ажилтнууд эмчлүүлж буй хүүхдүүдээ эргэв


2017-11-13 14:26:25
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий М.Цэндсүрэн, Элчин зөвлөх Д.Булган тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөл Бээжин хотод эмчлүүлж буй хүүхдүүдийн эмчилгээний явц байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Ан Жөн эмнэлгийн орлогч дарга Жан Хунцай, Хүүхдийн зүрхний тасгийн эрхлэгч Лю Инлун тэргүүтэй эмч төлөөлөгчид, Хятадын УЗН-ийн төлөөлөгчид тэднийг хүлээн авч, хүүхдүүдийн эмчилгээ, эмчилгээний нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нөхцөл боломжийн талаар санал солилцлоо.
Элчин зөвлөх Д.Булганаас дараах тодруулгыг авав. “Бүс ба зам санаачилгын хүрээнд ХУЗН-ээс МУЗН, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй "Сахиусан тэнгэрийн аян" төслийн хүрээнд төрөлхийн зүрхний эмгэгтэй 100 гаруй Монгол хүүхэд БНХАУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх юм. Эхний ээлжийн хүүхдүүд маань ӨМӨЗО-ны Ардын эмнэлэгт эмчлүүлж байсан бол энэ ээлжийн 0-15 насны 41 хүүхэд Хятад улсдаа зүрх судасны эмчилгээгээр тэргүүлдэг Бээжин хот дахь Анжөн, Хуашин эмнэлэгт эмчлүүлж, эхнээсээ хагалгаа нь амжилттай болж, нутаг буцаад байна.

Бид өчигдөр хүүхдүүдийнхээ эмчилгээний нөхцөл байдал, явцтай танилцлаа. Хагалгаа эмчилгээ хэвийн, төсөл маш амжилттай хэрэгжиж байна. Эцэг эхчүүдийн хувьд өндөр сэтгэгдэл байгаа. Онош биеийн байдлаасаа хамаараад илүү хүндэвтэр 10 хүүхдэд эмнэлгийн захирал эмч өөрөө хагалгаа хийхээр төлөвлөж буй юм билээ. Эмнэлгийн зүгээс хүүхдүүдэд маань тусгайлан Монгол хоол, хүнс бэлтгэж өгөх, Өвөр Монгол орчуулагчийг 24 цагаар ажиллуулах зэргээр бүхий л талын арга хэмжээг авч байна. Биднийг хүлээн авч уулзсан эмнэлгийн удирдлагуудад ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж, цаашдаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭСЯ онцгойлон анхаарч, бүх талаар дэмжиж, ЭСЯ болон эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа өөр бусад төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэн, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Манай Засгийн газраас энэхүү арга хэмжээг маш өндрөөр үнэлж ГХЯ-наас ЭСЯ-д тусгайлан чиг үүрэг өгч, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг бидэнд чиглэл болгосон. А.Цогцэцэг сайдын айлчлалын үеэр хоёр улсын ЭМЯ яам хооронд 2017-2021 онд "Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан, тодорхой ажлуудыг хийхээр санал солилцсон. Үүний дагуу жишээлбэл, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Хятадын Сансар судлалын Төв эмнэлэг хамтран Хятадын эмч нарын багийг өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар хотод ажиллуулж, нүдний төрөл бүрийн эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн нь маш чухал үйл явдал болсон. Энэ мэт Санамж бичгийн хүрээнд дараагийн ажлуудыг хийж байна” гэв
Мөн ЭСЯ-ны төлөөлөгчид эмчилгээ хийлгэж буй хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнтэй уулзаж сэтгэл санааг нь дэмжих зорилгоор гарын бэлэг гардуулжээ.
А.Анхбаяр       

Монгол брэнд