top banner

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд нэгдэж байна


2017-11-13 16:24:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг орон нутгийн болон бүсийн манлайлал" сэдвийн дор 330 хотын дарга нар, 1000 гаруй хотын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт хариуцсан төлөөлөгчид ХБНГУ-ын Бонн хотноо чуулж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэн орсон талуудын бага хурал буюу КОП23 -аар Парисын хэлэлцээрийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох, санхүүжилтийн механизм, талуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зэрэг асуудлыг түлхүү хэлэлцэж буй аж. Дээрх конвенцид нэгдэн орсон орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн нэгдэн ажиллахаа хэлэлцэж байгаа юм.

Улмаар Орон нутгийн засаг захиргаад болон бүсийн хэмжээний хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ИКЛЭЙ олон улсын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган энэ удаагийн чуулга уулзалтыг даргалан явуулсан бөгөөд 3 үндсэн чиглэлд цаашид төвлөрөн ажиллах тунхаглажээ. Тодруулбал хотууд өөрсдийн нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын хотуудад нэвтэрсэн дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, харилцан солилцох, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг орон нутагт чиглүүлэн ашиглах замаар зорилтоо биелүүлэх чиглэлүүд багтжээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
 

 

Монгол брэнд