top banner

Хорват, Швейцарь 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болов


2017-11-13 17:49:07
Зураг
АНКАРА. /Анадолу/. Өчигдөр орой 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн нэмэлт тоглолтууд болж, Хорват болон Швейцарийн хөл бөмбөгийн шигшээ багууд Оросыг зорих эрхээ авсан байна.

“Анадолу” агентлагийн мэдээлснээр,  өчигдөр орой Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0:0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4:1 харьцаатай хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ багт өгчээ.

Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолтод ч аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир эхний тоглолтын оноогоор /1:0/ Швейцарийн баг ДАШТ-д дөрөв дараалан оролцох боломжтой болжээ.

Одоогоор Хорват, Швейцариас гадна Бельги, Англи, Франц, Герман, Польш, Португал, Серби, Испани болон Орос ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.

2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм. 
Г.Доржханд
 


Монгол брэнд