top banner

ОХУ болон Турк улсын харилцаа бүрэн сэргэж байгааг тэмдэглэв


2017-11-14 11:26:50
Зураг
БОЧАРОВ РУЧЕЙ. /ТАСС/. ОХУ болон Турк улсын харилцаа бүрэн хэмжээнд сэргэсэн гэж үзэж болно хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч  Режеп Тайип Эрдогантай уулзахдаа  мэдэгдсэн тухай ТАСС агентлаг уламжлав.

“Намайг танай улсад айлчлах үеэр тохиролцсончлон бид өнөөдөр ажлын уулзалт хийж байна. Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Манай хоёр улсын харилцаа бараг бүрэн хэмжээнд сэргэсэн гэж үзэж болохыг би тэмдэглэхийг хүсч байна” гэж Владимир Путин хэлсэн байна.  

“Манай хоёр улсын харилцаа хэвийн болох үйл явц эхэлснээс хойш манай хоёр улсын удирдагчид ойр ойрхон уулзаж байгаа нь харилцааг хурдацтай хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Хоёр талын харилцаа, бүс нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа нь ирээдүйгээ хамтдаа төсөөлөх боломжийг бидэнд  олгож байна” гэж Турк улсын ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

ОХУ болон Турк улсын харилцаа улс төр, цэрэг, худалдаа, соёл, эдийн засгийн салбарт өдөр ирэх тутам эрчимтэй хөгжиж байгааг Режеп Тайип Эрдоган мөн цохон тэмдэглэжээ.
 
Э. Аянзаяа

 

Монгол брэнд