top banner

ТОЙМ: Ажил хаялт тэмцэл үү эсвэл төрд зориулсан "шантааж" уу?


2017-11-14 12:30:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан тэмцэл гурван сарын турш өрнөж байна. Тэмцэл нь анхааруулга, шаардлагаар эхэлж, сануулах, анхааруулах ажил хаялтаар үргэлжлэн, эцэстээ хугацаагүй ажил хаялтад хүрэв. Эхэн үедээ нийгэм тэр чигтээ багш нарын ажил хаялтыг дэмжиж, ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлж, өндөр ачааллыг дааж явдаг багш нарын цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байсан. Засгийн газраас ч тодорхой шийдэл гарч, багш нарын орлогыг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргасан байхад өчигдөр зарласан хугацаагүй ажил хаялт нийгмийн бухимдлыг төрүүлэв. Олон мянган хүүхдийн эрхийг зөрчиж, олон айл гэрт чирэгдэл учруулсныг шүүмжилж, багшаар ажиллах боловсон хүчин хангалттай байхад төрийг ингэж “дарамтлах” шаардлагагүй гэх байр суурь ч газар авав. Нэг талаас сүүлийн 10 жил хөндөгдөөгүй багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага зөв зүйтэй ч нөгөө талаар шийдэл гарсаар байтал ажил хаясан нь ямар учир шалтгаантай гэдэгт эргэлзээ төрнө. Тиймээс гурван сарын турш өрнөсөн уг тэмцлийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэхийг зорьлоо.


 
БАГШИЙН ЦАЛИНГ 1.6 САЯД ХҮРГЭХИЙГ ШААРДАЖ 30 МЯНГАН БАГШ НЭГДЭВ

Дээрх асуудал анх өнгөрөгч наймдугаар сарын 17-нд “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” гэх байгууллагаас зарласан хэвлэлийн бага хурлаар эхэлсэн. Монголын 30 мянган багш нэгдэн тус хороог наймдугаар сарын 10-нд байгуулсныг зарлаад, Засгийн газарт гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Шаардлагад, Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/, Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх, Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж цалингийн шатлалыг шинэчлэх, Боловсролын салбарын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч, 2020 он гэхэд багшийн цалинг олон улсын жишгээр 3500 ам.доллартай дүйцэх хэмжээнд хүргэх талаар тусгасан байлаа. 
Өнөөдрийн байдлаар, Монголд нийт 48 мянга гаруй багш СӨБ-оос эхлэн дээд боловсролын салбарт ажиллаж байгаагаас 60 гаруй хувь нь 770 орчим ЕБС-д багшилдаг байна. Гэвч төрийн өмчит сургуулийн багш нарын цалингийн шатлал дэндүү доор, нэг багш дунджаар 500 гаруй мянган төгрөгийн цалин авдаг нь амьжиргаа залгуулахуйц хэмжээнд хүрдэггүй, мөн багш нарт олгодог нэмэгдэл хөлсийг шударга, тэгш хуваарилалтаар хүртэж чадахгүй байгаагийн илрэл гэж байв. Тиймээс багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсчээ.
Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрчээ. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж  багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй хэмээн хүсч байна. 1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттай нэмж өгөөч гэсэн шаардлага тавьж байна” хэмээн багш нарын төлөөлөл ярьж байв.

Тэмцэл эхэлснээс хойш сарын дараа багш нар есдүгээр сарын 21 болон 26-нд сануулах ажил хаялт хийсэн. Салбар яамд нь ч асуудлыг анхааралдаа авч, байж болох шийдлийг олохоор судалж эхэлсэн юм. Улмаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны Гурван талт үндэсний хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, зөвшилцлийн ширээнд суух болов. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаар гэрээ байгуулсан учир олон улсын байгууллагатай хийсэн гэрээг зөрчихгүйгээр цалин орлогыг нэмэх талаар зөвшилцөж, үр дүнд нь энэ ондоо багтаж 55.4 тэрбум төгрөгөөр төрийн нийт албан хаагчдад урамшуулал олгох шийдэлд хүрсэн юм. Мөн 2018 оны Төсөвт 56.4 тэрбум төгрөгийг суулгаж, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох болсон. Гурван талт хэлэлцээр ийн үр дүнд хүрч, үүн дээр нэмээд БСШУС-ын сайдын багцаас 3 тэрбум төгрөг гаргуулан, багш нарын цалингийн 36 хувьтай тэнцэх буюу 216 мянган төгрөг, нийлээд 516 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн учир талууд харилцан тохиролцож “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” тэмцлээ зогсоож буйгаа мэдэгдсэн билээ.


ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ЦОЧИРДУУЛАХААС ИЛҮҮ БУХИМДУУЛАВ

Гэвч БШУ-ны ҮЭХ-ноос өчигдөр нийслэл төдийгүй хөдөө орон нутгийг хамарсан хугацаагүй ажил хаялтыг дахин зохион байгуулав. Тус ҮЭХ-ны өгсөн мэдээллээр ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага нэгдсэн гэсэн бол БСШУСЯ-наас 78 сургууль, 120 цэцэрлэг нэгдсэн гэх мэдээлэл өгөв. Ажил хаялтын зорилго, тавьж буй шаардлага нь 300 мянган төгрөг нэг удаад халамж хэлбэрээр олгох бус энэ онд багтаан тус салбарын багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх байв.

Тэгвэл уг ажил хаялт хууль бус байсан эсэх нь асуулт дагуулж эхэллээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажил хаялтын өмнө буюу өнгөрөгч баасан гарагт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт “Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй. Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэдгийг мэдэгдсэн. Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран ажиллаж, бүх сургуулийн захирал, эрхлэгч нартай холбогдон, ажил хаялт нь хууль эрхзүйн хувьд үндэслэлгүй гэсэн чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ. Гэтэл урьдчилан сануулах зөвлөмж хүргүүлсээр байтал ажил хаялт зохион байгуулсанд харамсаж байгаагаа салбарын сайд нь өчигдөр хэлж байв.

Ажил хүлээн авсанаас хойш 21 хоногийн хугацаанд багш нар, ҮЭХ хоёулантай нь уулзаж, асуудлыг сонсон хамтран шийдвэрлэхээр ажиллалаа. Үүнтэй уялдуулж сүүлийн 10 жил багш нарын цалингийн асуудал хөндөөгүйн шалтгаан, эрх зүйн зохицуулалт, журам, дүрмийн доголдол зэрэгт иж бүрэн ул суурьтай судалгаа хийсэн. Цалин нэмэх боломж одоогоор байхгүй ч бодит орлогыг нэмэгдүүлэх боломжийг хуулийн хүрээнд судалж, тодорхой хэмжээнд гаргалгаа, шийдэл олж чадсан. Нөгөө талаас ер нь цаашдаа зөвхөн цалин гэхээс гадна хүүхдийн сургалтын чанар, орчин, аюулгүй байдал, эцэг эх, сургуулийн уялдаа холбоо гэсэн бүх асуудлыг цогцоор нь авч үзэх цаг үеийн шаардлага урган гарч ирж байна. Цаашдаа ч боловсролын системийн шинэчлэлийн төлөө хэнтэй ч ажиллахад бэлэн” хэмээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярьж байлаа.



Багш нарыг ажил хаявал арга хэмжээ авна гэх мэтээр дарамталсан гэх асуудалд “Албан ёсны буюу зүй ёсны шаардлагыг дарамт шахалт гэж үзэх боломжгүй. Яагаад гэхээр Засгийн газрын өмнө хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлага хүлээж буй яам хатуу шаардлагаа тавина. Хүн болгоныг сонсдог, таалагддаг шаардлага өнөөдөр нийгмийн харилцаанд байхгүй. Харин миний хувьд ойлголцохын тулд 21 хоног цаг заваа зарцуулсан. Үүний үр дүнд ойлголцлын ерөнхий ханаа босгосон гэж би бодож байгаа” гэв.

Үнэндээ, хоёр сайдын хамтарсан шийдвэрээр энэ онд багтаан боловсролын салбарын багш, ажилчдад 516 мянган төгрөг урамшуулал хэлбэрээр олгох, ирэх онд цалингийн 45 хувь хүртэл урамшууллыг сар бүр олгох зэрэг шийдэл гарсаар байтал өчигдөр дахин ажил хаялт зохион байгуулсан нь тун эргэлзээтэй байдал үүсгэсэн. Олон мянган хүүхдийн эрхийг зөрчиж, айл гэрт чирэгдэл учруулсан энэ үйлдлээс багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, эсвэл олон жилийн туршлагатай ч ажилгүй байгаа олон мянган багш нар байгааг нийгэм сануулж эхэлсэн юм.

Тухайлбал нэг сургуулийн боловсон хүчний нөөцөд дунджаар 10-15 багш бүртгэлтэй байдаг аж. Энэ нь нийт 250 сургуульд авч үзвэл 3000-5000 багш ажил хүлээн дугаарлаж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн аль нэг байгууллагын нөөцөд албан ёсоор бүртгэгдсэн багшийн тоо. Өнөөдрийн байдлаар Монголд нийт 25.000 иргэн ажил идэвхтэй хайж байгаагийн багагүй хувийг багш мэргэжилтнүүд эзэлдэг тухай мэдээллийг ХНХЯ-наас өгч буй юм. Нөгөөтэйгүүр багшаар ажиллах хүсэлтэй ч насны хувьд хязгаарлагдсан олон хүн байгааг эдгээр өдрүүдэд сөхөгдөж байна. Тодруулбал 40 нас өнгөрсөн нэгнийг багшийн ажилд авах эсвэл нөөцөд бүртгэж авахаас татгалздаг талаар нэр бүхий багш нар хэлж байв. Энэ асуудлыг судалж, холбогдох зохицуулалт хийх шаардлагатай нь мөн харагдаж байна. 


ХУУЛЬ БУС АЖИЛ ХАЯЛТЫГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ
 
Ажил хаялттай холбоотой асуудал Хөдөлмөрийн тухай хуулиар нарийн зохицуулагдсан байдаг. Тэгвэл дээр дурдсанчлан өчигдөр зохион байгуулсан ажил хаялт нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. ХНХ-ын сайд С.Чинзоригийн хэлж буйгаарАжил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзвэл Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд эвлэрүүлэн зуучлагч эсвэл хөдөлмөрийн арбитр томилогдож асуудлыг авч үзэж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг ажил олгогч хэрэгжүүлээгүй бол ажил хаях эрх нь нээгддэг. Гэтэл саяны нөхцөлд Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Гурван талт хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийж, тодорхой асуудлууд дээр зөвшилцөж ойлголцоод гарын үсэг зурцгаасан учир Хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх үндэслэлгүй. Нөгөө талаас буюу Гурван талт хэлэлцээр хүчинтэй болоогүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцээ хийж байгаа шатанд ажил хаяхыг хатуу хориглодог. Тодруулбал энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн үед Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог төлөөлж хэлэлцээрт оролцсон тал хуралдаад Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсгээ зурсан.Харин БСШУ-ны ҮЭХ-г тэргүүлж буй Ж.Батзориг ганцаар гарын үсэг зураагүй.



Түүнчлэн Үйлдвэрчний холбоод салбарынхаа яам, хариуцсан сайдтайгаа жил тутам хамтын хэлэлцээр байгуулж, тусгасан асуудлаа хэрэгжүүлэхийг яамнаас шаардах, жагсаал цуглаан хийх, бүр цаашлаад хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж асуудлыг шийдэх эрхтэй байдаг. Гэтэл өнгөрсөн жил БШУ-ны ҮЭХ БСШУСЯ-тай байгуулсан хамтын хэлэлцээртээ цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн заалт оруулаагүй юм билээ. Харин нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгодог тогтолцоог боловсронгуй болгож шинэчилнэ гэсэн гэрээ л байгуулсан. Тэгсэн хэрнээ Хамтын хэлэлцээрт тусаагүй асуудлаар шаардлага тавьж ажил хаяад байгаа нь асуудлыг бүр ч ойлгомжгүй болгож, хууль бус гэдгийг улам батлаад байгаа юм
” хэмээсэн юм.

Ажил хаялтыг хууль бус гэж үзэж байгаа бол Засгийн газар шүүхэд хандах эрхтэй байдаг аж. Шүүх асуудлыг судлаад хуульд нийцсэн ажил хаялт мөн эсэхийг тогтоож шийдвэрээ гаргана. Хэрэв шүүх хуульд нийцээгүй байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялт зогсох үүрэгтэй төдийгүй хууль бус ажил хаялтын улмаас гарсан аливаа хохирлын гэм бурууг зохион байгуулсан байгууллага, албан тушаалтан хариуцдаг байна. Түүнчлэн ажил хаялтын сөрөг үр дүн их байна гэж үзвэл Засгийн газар шүүхийн шийдвэр хүлээлгүйгээр ажил хаялтыг 14 хоногоор хойшлуулах эрхтэй.

ЦАЛИНГИЙН 45 ХҮРТЭЛ ХУВИЙН УРАМШУУЛАЛ САР БҮР ОЛГОХ БОЛОМЖ БҮРДСЭН

Багш нарын цалинд нэмэгдэл болгож олгох 45 хувийн урамшууллын талаар бодит мэдээлэл хичээлээ зааж буй багш нарт төдийлөн хүрээгүй гэдэг нь өчигдрийн ажил хаялтаар харагдаж байв. Хэдийгээр эдийн засгийн хувьд хямралтай, ОУВС-тай хийсэн хэлэлцээрээр үндсэн цалинг нэмэхгүй байх заалттай ч багшийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цалингийн 45-50 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр жигд олгох боломжийг Сангийн яам, БСШУСЯ, ХНХЯ хамтарсан дүгнэлтээр гаргажээ. Багшийн цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шийдвэр гаргах боломж эдийн засгийн хувьд хэрхэвч байхгүй учир дээрх боломжийг судалж гаргасан талаар сайд нар тайлбарлаж байв.
Өмнө нь багш нарт үр дүнгийн урамшуулалд цалингийн 45 хувийг олгох журам хэрэгжиж ирсэн хэдий ч нийт багшид хүрдэггүй, захирал, удирдлагуудын үзэмжээр олгогддог гажуудал судалгааны явцад илэрсэн.Тиймээс 12 төрлийн журмаар зохицуулж байсан уг харилцааг цэгцэлж, нэгтгэх болсон. Харин одоо дээрх 45 хувийн урамшууллыг ажлаа нэг ч өдөр таслаагүй, анги удирдсан, дүүрэг, улсын олимпиадад сурагчдаа бэлтгэсэн, дугуйлан хичээллүүлсэн, гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулсан гэх зэргээр өдөр тутмын ажлын үр дүн нь хангалттай гэж үнэлэгдсэн бүх багшид олгохоор журамлаж байгаа юм. Ингэхдээ өмнөх журмаар улирал тутам олгодог байсныг болиулж, сар бүр олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болсон.
Харин 2017 он дуустал багш нарт олгох 516 мянган төгрөгийг задлавал Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт туссан нийт төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшуулал дээр цалингийн 36 хувийн урамшуулал буюу 216 мянган төгрөгийг олгох болсон юм. Үүнд шаардагдах хөрөнгө мөн улсын төсөвт хүндрэл учруулахгүй бөгөөд Боловсролын сайдын багцаас 3.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар зохицуулагджээ.


МОНГОЛЫН НИЙТ БАГШ НАРЫГ ХЭН ТӨЛӨӨЛЖ БУЙ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Хэрэв ажигласан бол Монголын мянга мянган багшийн эрх ашгийн өмнөөс ярьж, цалин орлогыг нь нэмэгдүүлэхийг шаардаж байгаа байгууллага хачирхалтай нь хоёр хуваагдаад байна. Тодруулбал Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Багш нарын цалин нэмүүлэх түр хороо гэсэн хоёр тусдаа байгууллага багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж, ажил хаялт тус бүрдээ зохион байгуулаад байна. Гэхдээ чухам хэн нь нийт багш нарыг төлөөлж, албан ёсны дуу хоолой нь болж байгаа нь ойлгомжгүй. Багш нар ч үүнийг дагаад хоёр хуваагдчихсан. Багш нарын цалин нэмүүлэх түр хороо есдүгээр сард хоёр удаа ажил хаялт зохион байгуулсан бөгөөд улмаар БСШУЯ, ХНХЯ-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлаа шийдвэрлэсэн учир ажил хаялт дахин зохион байгуулахгүй гэж мэдэгдээд байсан. Харин Түр хорооноос зохион байгуулсан ажил хаялтад оролцоогүй ҮЭХ өчигдөр хугацаагүй ажил хаялт хийж, олон мянган багшийг оролцуулав.

Үүнтэй зэрэгцээд багш нарын ажил хаялтын ард зарим нэг намын улс төржилт явагдаж байна гэх хардлага нийгмийн сүлжээнд хэдийнэ өрнөөд байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ч ажил хаялтын ард зарим нэг улс төрчдийн явуургүй үйлдэл байгаа хэмээн хардаж байгаагаа өнгөрөгч долоо хоногт өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Хэрэв Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэрийг барьж улс төржилт хийж, үүгээрээ олон мянган хүүхдийн эрх ашгийг хохироосон бол энэ нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй бусармаг үйлдэл юм.



Ямартаа ч ийнхүү "хугацаагүй" хэмээн тодотгосон ажил хаялт нэг өдөр үргэлжлээд зогслоо. Тодруулбал Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон БШУ-ны ҮЭХ-ны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсний дүнд ажил хаялт зогсож, өнөөдөр сургууль, цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Талууд багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, хоёр талын хэлэлцээрийг үргэлжлүүлэх шийдэлд хүрсэн юм. Гэсэн ч дахин хэзээ ажил хаялт зарлах бол гэсэн айдас эцэг эхчүүдэд үүссэн хэвээр байгааг иргэд ярьсаар байна.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход Засгийн газар болон БСШУСЯ, ХНХЯ аль аль нь урамшуулал хэлбэрээр нэг удаад олгох бус цалинг үе шаттайгаар нэмэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Гагцхүү эдийн засгийн боломжид шахагдаж байгаа учир цалин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй байгааг илэрхийлсээр байна. Хэрэв 2018 онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, төсвийн орлого нэмэгдвэл Сангийн яам цалин нэмэгдүүлэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээрт орох нь зүйтэй гэж Засгийн газрын зүгээс үзэж буй юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ

Монгол брэнд