top banner

Хятад улс дэлхийн супер компьютеруудын жагсаалтыг дахин тэргүүлжээ


2017-11-14 12:56:26
Зураг
ВАШИНГТОН. /Шиньхуа/. Хятад улс дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай компьютеруудын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүлээд зогсохгүй уг жагсаалтад багтсан супер компьютеруудынхаа тоогоор анх удаагаа АНУ-ын өмнө бичигджээ.
 
Хятадын ноёрхол
 
Хоёр жил тутамд гаргадаг дэлхийн хамгийн хурдан 500 супер компьютерын “Шилдэг 500” жагсаалт даваа гарагт гарсан байна. Уг жагсаалтын нэгдүгээрт секундэд  93.01 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютер бичигджээ.

Петафлоп гэдэг нь супер компьютерын хүчин чадлыг хэмжих нэгж бөгөөд 1 петафлоп нь 10-ын 15 зэрэгттэй буюу квадриллионтой (тунамал) тэнцүү гэнэ.

“Шилдэг 500” жагсаалтын хоёрдугаарт секундэд 33.86 петафлоп үйлдэл хийх хүчин чадалтай Хятадын “Тяньхэ-2” буюу “Тэнгэрийн заадас-2” супер компьютер оржээ. 2015 оны 11 дүгээр сард “Санвэй Тайху Лайт” хэмээх супер компьютерыг үйлдвэрлэхээс өмнө “Тяньхэ-2” нь хүчин чадлараараа гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байсан аж.

Харин жагсаалтын гуравдугаарт Европын хамгийн өндөр хүчин чадалтай супер компьютер гэгддэг Швейцарийн “Пиз Дэйнт”, дөрөвдүгээрт нь Японы “Гёокоү” хэмээх шинэ супер компьютер орсон бол тавдугаарт нь Америкийн “Титан” оржээ. Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай 500 супер компьютерын жагсаалтын эхний гурван байрт АНУ-ын супер компьютер багтаж чадаагүй хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.
 
Мөн “Шилдэг 500” жагсаалтад багтсан супер компьютеруудынхаа тоогоор Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлсэн байна. Тодруулбал, энэ жагсаалтад Хятадын 202, АНУ-ын 144 супер компьютер багтжээ. Энэ нь одоогоос 25 жилийн өмнөөс гаргаж эхэлсэн “Шилдэг 500” жагсаалтад Америкийн хамгийн цөөн компьютер орсон тохиолдол гэнэ. Ердөө зургаан сарын өмнө АНУ 169 супер компьютертайгаар дэлхийд тэргүүлж байсан аж.
 
“Шилдэг 500” жагсаалтыг АНУ болон Германы мэргэжилтнүүд супер компьютеруудын үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг байна.
 
Г.Доржханд

Монгол брэнд