top banner

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд эдийн засаг 4.2 хувиар өснө


2017-11-14 13:18:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Сангийн сайд мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ ирэх онд эдийн засгийн өсөлт 4,2 хувьтай гарахаар төсөөлж байгааг онцолсон юм. Мөн тэрбээр төсвийн орлого 7,2 их наяд, зарлага 9,6 их наяд төгрөг байх ба ингэснээр алдагдал 2,4 их наяд төгрөгт хүрнэ. Гэхдээ төсвийн алдагдлыг 2017 онтой харьцуулбал буурсан үзүүлэлт. 2017 онд төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувь 9,5 хувь байгаа бол ирэх онд 8 хувь руу орж буурах юм гэлээ.
82 сургууль, 127 цэцэрлэг шинээр барьж,
сургуулиудыг гурван ээлжгүй болгоно
 
Ирэх жил боловсролын салбарт 1.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд нийт 82 сургууль, 127 цэцэрлэг барих юм. Он дамнасан сургууль, дотуур байрны барилгыг барьж дуусгана. Үр дүнд Ингэснээр сургуулиуд 3 ээлжгүй болж, ээж аавууд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж сугалаанд найддаг цаг ард үлдэх аж. Оюутны боловсролын зээлийг үргэлжлүүлэн олгоно. Одоогийн байдлаар оюутнууд арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ гаргаж буй. Харин ирэх онд арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, 5-15 жилийн эргэн төлөх хугацаатай зээлийг 37 мянган оюутанд олгоно. 

Малчдын эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлнө
 
Ирэх онд эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримталжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яам хариуцна. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх юм. Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг бий болгож, өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлөхөөр болжээ. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх ба өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

 
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Иргэдийн амьжиргааны түвшинг тогтворжуулах бодлогын хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ.  Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулах шийдвэрийн дагуу 44,6 тэрбум төгрөгийг тэтвэрийн санд шилжүүлэх юм. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50,0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох бөгөөд нийтдээ “Цалинтай ээж хөтөлбөр”-т 72,8 тэрбум төгрөгийг зарцуулах нь.

Аймаг бүрт 7 тэрбум төгрөг олгоно
 
Ажилгүйдлийг багасгах, хөдөөгийн хөгжил, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх үүднээс нэг аймагт дунджаар 7 тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбум төгрөг хуваарилна. Харин Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэж, эхний ээлжинд 10 тэрбум төсөвлөсөн.


Лицензийг бие биедээ бэлэглэхгүй

Газар, лицензийн харилцааны зохицуулалтаас орлого бүрдүүлэхээр ирэх оны төсвийг баталжээ. Татваргүйгээр наймалцах, зориулалтын бусаар ашиглаж буй явдлыг таслан зогсоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг бүрэн дүүрэн, үнэн зөв, ил тод тайлагнах, худалдаалах замаар улсын төсвийн орлогыг 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтжээ. Мөн лицензийг өөр хоорондоо бэлэглэхгүй. Харин ах дүү, ойр дотны хүмүүстээ лиценз бэлэглэж болно гэж Сангийн сайд ярьлаа.

Өмнөх Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улс 2020 он гэхэд төсвөө алдагдалгүй баталдаг болно хэмээн нэгэнтээ сэтгүүлчдэд мэдээлж байв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас 2020 он гэхэд Сангийн яам алдагдалгүй төсөв оруулж ирдэг болох эсэхийг тодруулахад, "Манай улс Төсвийн тогтвортой байдлын хуулиндаа 2023 он гэхэд төсвөө алдагдалгүй баталдаг болохоор тусгасан. Ойр хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг танасан төсөв батлах боломж бага байна" гэсэн тайлбар хийв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд