top banner

Хөрш хоёр орны цэцэрлэгүүд хамтран ажиллахаар боллоо


2017-11-14 13:21:01
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн эрхлэгч, аргазүйч багш нар ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Монгол хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлаад ирлээ. Энэ удаагийн туршлага солилцох аяллыг Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргалын санаачилгаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан юм. 
Урдын дунд хошууны Монгол хүүхдийн цэцэрлэг нь 1979 онд байгуулагдсан, 38 жилийн түүхтэй бөгөөд 80 гаруй багштай, 16 бүлэгт 500 гаруй хүүхдүүд суралцдаг байна. Тус цэцэрлэг нь хүүхдүүдэд Монгол ахуй амьдрал, зан заншлыг өвлүүлэн үлдээх, Монгол хүн байх учир утгыг ойлгуулж таниулахад голлон анхаардаг ажээ.
Энэ удаагийн аялал цаашдын хамтын ажиллагааны анхны гараа болж, эрхлэгч, багш нар өөр өөрийн цэцэрлэгтээ зааж сургах арга барилыг олж харснаараа онцлог байлаа. 
Мөн манай цэцэрлэгүүдийн зүгээс Алаг мэлхий өрөх шагайн тоглоом, хялбар аргаар шүлэг, зүйр цэцэн үг, цээжлүүлэх шилдэг сургалтын ном, гарын авлага Урдын дунд хошууны цэцэрлэгт гардуулан өгч, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийг хүсэн ерөөлөө.
Хөрш хоёр орны цэцэрлэгийн багш нар харилцан хичээл зааж, заах арга барил, сургалтын арга ухаанаа бусдадаа таниулсан нь үр дүнтэй, бяцхан үрсийнхээ хүмүүжилд үзүүлэх онцгой ач холбогдолтой аялал болсон юм.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд