top banner

Үндэсний аудитын газрын шалгалтад БОАЖЯ 87.3 хувиар тэнцжээ


2017-11-14 13:50:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний аудитын газрын аудитын шалгалтад БОАЖЯ 87.3 хувиар тэнцжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад танилцуулав.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, “Шалгалтын явцад БОАЖЯ-ны харъяаны орон нутаг дахь зарим хэлтэс, газар бичиг баримт бүрдүүлэлт дутуу зэрэг багахан зөрчил гаргасан. Бидний зүгээс дээрх газруудад зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлж, ирэх сарын 01 гэхэд 100 хувьд хүрэх боломжтой” хэмээв.

БОАЖ-ын сайдын зүгээс Үндэсний аудитын газраас хүргүүлсэн зөвлөмжийг 100 хувь хэрэгжүүлэхийг харъяа байгууллагын удирдлагууддаа үүрэг болгоод, “Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь энэ шалгалтын үр дүнд харагддаг. Тиймээс бид 100 хувь хувийн биелэлттэйгээр дүгнүүлэх ёстой. Гэхдээ бидний өмнө тулгамддаг олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэгжиж байгаад дутуу үлдсэн эсхүл огт хэрэгжээгүй төслийн өр, авлага манай яамны дансанд шууд шилжиж ирдэг. Тухайлбал, Цэвэр агаар сан татан буугдахад 3.2 тэрбум төгрөгийн авлага нь манай яамандар шилжиж ирсэн. Тиймээс байгууллага татан буугдах, төсөл хөтөлбөр зогсох тохиолдолд өр авлагыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт Ерөнхий аудитор болон албаны хүмүүс анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна” гэлээ.

Ч.Ариунболд

Монгол брэнд