top banner

Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргана


2017-11-14 14:04:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын зах зээл нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг байсаар байна. Манай улс урд хөрш руу 30 орчим сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавьдаг бөгөөд энэ жилийн тухайд 24.5 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэй. Гэтэл 4-р улирал талдаа орж байхад 20-иод тонн нүүрс гаргаад байна.
 
Хятад улс хилээ чангатгаснаас нүүрсний экспорт хумигдаж, тээвэрлэлтийн хурд удааширч хилийн наана 85-110 орчим км-т машины цуваа үргэлжилж байна. Жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж байгаагаас уралдах, осол аваар гаргах цаашлаад хүйтэрч байгаа үед хөлдөх, эрүүл мэнд, амь нас, эдийн засагтай холбоотой нөхцөл байдал хүндрээд байна. БНХАУ манай улсаас хүлээн авах нүүрсний импортын урсгалаа дөрөв байсныг хоёр болгож цөөлсөн.  Шалтгаанаа баяр наадам, хурал, жолооч нарын сахилга хариуцлага, хилээр хууль бус зүйл нэвтрүүлсэн гэх мэт олон шалтаг хэлдэг ч баримттай батлагдсан зүйл алга байна гэдгийг хил, гаалийнхан хэлж байгаа юм. Нөгөө талаар уурхайнууд экспортын хэмжээг нэмэх үүднээс тээврийн компаниудыг 100-аас доошгүй машинтай байх шаардлага тавьж, олон компаниудтай гэрээ хийснээс тээврийн хэрэгслийн тоо хэт өссөн зэрэг нөхцөл байдал ч нөлөөлж байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 7000 шахам  тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс 3000 гаруй нь тээвэрт явж байна. Энержи ресурс ХХК-ийн хувьд худалдан авагчдаа шууд хүргэж өгдөг бол Эрдэнэс таван толгой ХК, орон нутгийн Таван толгой ХК-ийн хувьд аман дээрээсээ нүүрсээ шууд борлуулж, тээврийн асуудалд хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэх асуудлууд ч яригддаг байна. Тиймээс ажлаа аваад удаагүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж уурхайн нөхцөл байдал, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд, жолооч нарын асуудлыг юун түрүүнд шийдэхээр тус аймагт 11 дүгээр сарын 11-13 ны өдөр ажиллав.
 
Асуудлын хүрээнд Энержи ресурс, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, Таван толгой ХК, гааль, боомтын үйл ажиллагаа, тээвэрлэлттэй танилцан, Гашуун сухайт- Ганц модны боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсож, орой бүр холбогдох албаны удирдлагуудын хүрээнд шуурхай хуралдаан хийж үүрэг даалгавар өгөв.Сайд нарын хүрээнд юуны өмнө Монгол улсын хууль тогтоомжийн хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, жолооч нарынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаардаггүй, засвар, үйлчилгээний төвгүй  тээврийн компаниудын үйл ажиллагааг цэгцлэх, тээврийн хэрэгслийг тоог бууруулах  нь зөв юм. Экспортод гаргаж буй нүүрсний хэмжээтэй уялдуулж уян хатан журам гаргах, Засгийн газрын хурлаар зарим өөрчлөлтийн асуудлыг яаралтай оруулах нь зүйтэй. Хамгийн гол нь хүнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалсан түр болон урт хугацааны шийдвэрүүдийг гаргана гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Ч.Ариунболд

Монгол брэнд