top banner

АПЕК-ийн чуулган ба Вьетнамын хүлээлт найдлага


2017-11-14 14:17:25
Зураг
Дэлхийн ДНБ-ний 59 хувийг үйлдвэрлэдэг, дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн орнуудын 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт  “Шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож, нийтийн ирээдүйн төлөө нэгдэцгээе” гэсэн уриан дор  Вьетнам улсын Дананг хотод болж өнгөрлөө.  

2006 онд нийслэл Ханой хотод болсноос хойш вьетнамчууд хоёрдахь удаагаа АПЕК-ийн чуулганыг эх орондоо зохион байгуулсан нь энэ юм. Энэ удаагийн арга хэмжээнд 18 улсын төр, засгийн тэргүүн нар, 10 мянга гаруй төлөөлөгчид оролцож, 3000 орчим сэтгүүлч үйл явдлыг сурвалжиллаа. Сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг хангахын тулд Дананг хотод 13 мянган хав.дөр.м талбай бүхий хамгийн орчин үеийн олон улсын хэвлэлийн төв байгуулсан байна. Хэвлэлийн бага хурал хийх гол танхимд нэг дор 1000 орчим сэтгүүлч ажиллах боломжтой. Түүнчлэн арай бага талбайтай хурлын хоёр танхим бий. 



 

Дэлхий дээрх эрдэс баялгийн нөөцийн 70 хувь нь АПЕК-ийн орнуудад ногддог бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувь нь тэдгээрийг чиглэж байна. Хамгийн эрчимтэй хөгжиж буй гэгддэг энэ бүс нутгийн орнуудын чадавх, нөөц боломжийг дайчлан ашиглаж, эдийн засгийн өсөлтийг бий болгох нь АПЕК-ийн бүх түвшний уулзалтуудын гол зорилго байсаар ирсэн. Ялангуяа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтуудыг Ази-Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлогч барометр гэж үздэг.

Вьетнамд хүрэлцэн ирсэн АПЕК-ийн орнуудын удирдагчид хоёр өдрийн турш яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан тунхаг бичгийг батлан гаргалаа. Бямба гарагийн орой гаргасан уг баримт бичигт дурдсанаар, АПЕК-ийн гишүүн болох Ази-Номхон далайн бүс нутгийн 21 улс орон болон засаг захиргааны тусгай бүс нь бүс нутагт чөлөөтэй, нээлттэй худалдаа хийж, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Мөн шударга худалдааг эрхэмлэж, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөтгөхөөр АПЕК-ийн гишүүд тохиролцсон байна.

АПЕК нь чөлөөт, нээлттэй, шударга, ил тод бөгөөд олон талт худалдааны тогтолцоог дэмжихийн сацуу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогын эсрэг тууштай тэмцэх болно  гэж хамтарсан тунхаг бичигт цохон тэмдэглэжээ. Энэхүү баримт бичиг хэдийгээр зөвлөмжийн шинжтэй боловч тухайн бүс нутагт хэрэгжүүлэх худалдааны бодлогын үндсэн чиг хандлагыг тодорхойлж байдаг.

Вьетнамын хүлээлт найдлага 

АПЕК-ийг даргалж буй Вьетнам улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг хөрөнгө оруулалтыг татах, худалдааг өргөжүүлэх талаар түншүүдтэйгээ ярилцах таатай боломж гэж үзээд уг үйл явдалд нэлээд эртнээс маш няхуур бэлтгэжээ. Тухайлбал, АПЕК-2017 жилийн хүрээнд Вьетнамын янз бүрийн хотуудад нийт 200 орчим бага хурал, чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.

Эдгээрийн дотроос Дэлхийн банкны оролцоотойгоор зохион байгуулсан Doing Business in Viet Nam бага хурлыг онцолж болно. Бага хурлын гол зорилго бол хэдийгээр Номхон далай дамнасан түншлэлийн гэрээний хувь заяа тодорхойгүй байгаа энэ үед Вьетнам улс шинэчлэлийг үргэлжлүүлэх, олон улсын интеграцид идэвхтэй оролцох бодлогыг баримталж байгаа гэдгийг гадаадын түншүүддээ батлан харуулах явдал байлаа.  

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд Вьетнамын тал АПЕК-2017-гийн хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөнд дараах дөрвөн гол чиглэлийг оруулсан байна. Үүнд, нэгдүгээрт, тогтвортой, бүхнийг хамарсан, инновацийн эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх, хоёрдугаарт, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд гүйцэтгэх АПЕК-ийн үүргийг нэмэгдүүлэх, гуравдугаарт, тоон системийн эрин үед хэт жижиг, жижиг болон дунд бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дөрөвдүгээрт, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах ба тус салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах зэрэг болно.
 
20 жилийн өмнө Вьетнам улс АПЕК-т нэгдсэнээр тус бүлгийн хүрээнд худалдааг чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн олон гэрээ хэлэлцээрийг байгуулж, өөрийн улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн том зах зээлүүдэд гаргах боломжийг олж авсан байна.                  

АПЕК нь Вьетнам улсын хөгжил, тус улсын олон улсын интеграцид нэгдэх үйл явцад чухал үүрэгтэй. Учир нь, тус улсын экспортын 68 хувь, импортын 82 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 82 хувь, Вьетнамд ирж буй нийт жуулчдын 80 орчим хувь нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад ногддог. Гадаадад суралцагч вьетнам оюутнуудын 80 орчим хувь нь эдгээр орнуудыг зорьжээ.                                    

Хөгжлийн түвшний хувьд манайхтай ойролцоо, бидэнтэй олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Зүүн Өмнөд Азийн Вьетнам улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд АПЕК хэмээх бүс нутгийн  яриа хэлэлцээний механизмд хамгийн идэвхтэй оролцогч гэж үнэлэгдэж байна.                                                                              
Вьетнам улс гэхээр 50-аас дээш насныхны хувьд Энэтхэг-Хятадын хойгийн дайны үед БНМАУ-аас Вьетнамын ард түмнийг дэмжиж, сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэгийг харамгүй үзүүлсэн байсан тухай дурсамж сэргэнэ. Тэгвэл залуу үеийнхний тухайд энэ улсын тухай ойлголт “вьетнам засварын газар” гэх төдийгөөр хязгаарлагддаг болов уу.                                                                                            
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/ одоогоос яг 30 жилийн өмнө түүхэн алхам хийж, Дой Мой гэдэг шинэчлэлийг хэрэгжүүлснээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжжээ. 1986 оны статистик мэдээллээр, хүн амынх нь 60-70 хувь нь ядуу зүдүү амьдарч байсан бол өнөөдөр 10 хувь болж буурчээ. Вьетнам улс буурай хөгжилтэй орнуудын жагсаалтаас хасагдаж, дундаж орлоготойд /lowermiddle/ тооцогдох болов. 1990-2012 оны хооронд тус улсын эдийн засаг жилд 7 хувиар өсч байсан бол 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсны улмаас 6 хувь болж буурсан байна. Гэхдээ энэ бол бүс нутгийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өндөр тоо бөгөөд бүхэл бүхэн 25 жилийн турш эдийн засгаа жилд зургаагаас дээш хувиар өсгөж чадна гэдэг бол яах аргагүй том амжилт.  Дашрамд дурдахад, өнгөрсөн онд болсон Вьетнамын Коммунист намын 12 дугаар их хурлаас нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 3300 долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг жилд 6,5-7 хувьд хадгалах томоохон зорилтыг дэвшүүлсэн байна.

Дананг-газрын шинэ диваажин 

Дананг хотод АПЕК-ийн чуулга уулзалтыг зохион байгуулснаар Вьетнам улсын нэр хүнд өсч, байр суурь нь бэхжихийн сацуу улс орноо сурталчлах, тэр дундаа аялал жуулчлалын салбараа дэлхийд таниулах сайхан боломж гарч ирж байгаа юм.  Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц амтат хоолны зэрэгцээ Вьетнам бол түүх-соёлын дурсгалт газруудаар баян нутаг билээ.

Цагаан элсээр хучигдсан далайн эргийн дагуу байрлах рашаан сувиллын газрууд нь сүүлийн жилүүдэд орон орны жуулчдыг Дананг хот руу татаж байна. Америкийн “Форбес” сэтгүүл дэлхий дээрх хамгийн сайхан наранд шарлагын газруудыг шалгаруулахад Дананг 6-д бичигджээ. Данангийн орчимд аялагч жуулчдын очих дуртай газар олон бий. Тухайлбал, Шонча хойг, Нгуханьшон хэмээх гантиг чулуун уул зэргийг дурдаж болно. Түүнээс гадна Хойан гэдэг эртний боомт хот, эртний сүмүүдийн цогцолбор бүхий Мишоны Ариун хөндийг үзэх боломжтой. 2015 онд Дананг хот Skyscanner цахим хуудасны хувилбараар, дэлхийн аялал жуулчлалын хамгийн сэтгэл татам 10 чиглэлийн нэг болсон байна. Үүнээс нэг жилийн дараа Ази болон Далайн орнууд дахь “Хамгийн сайхан баяр наадам, фестиваль болдог газар” гэсэн номинацид шалгарчээ. 


Түүх сөхвөл, газар зүйн нэн таатай байрлалаасаа болоод Дананг нь харийнхны сонирхлыг татсаар ирсэн аж. Колумб Америкийг нээхээс өмнө энэ нутгийг далайн дээрэм хийдэг хятадууд болон япончууд эзэгнэж байв. 1858 онд францчууд испаничуудтай хамтран Дананг руу довтолсноор колончлолын эрин үе эхэлсэн гэж хэлж болно. 1965 онд энд Америкийн тэнгисийн явган цэргийн десант бууснаар Starlite гэдэг хуурай замын цэргийн ажиллагаа эхэлж байжээ.

Өнөөдөр энэ хотыг дархан цаазтай бүс болгон зарласан байна. Энд томоохон үйлдвэрийн газрууд байхгүй бөгөөд зөвхөн өндөр технологийн болон үйлчилгээний салбарын компаниуд ажиллана.
Дананг хотод АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад вьетнамчууд идэвхтэй оролцож,  их хэмжээний хандив өргөсөн байна. Хандивын мөнгөөр шинээр нисэх онгоцны буудал барьж, 34 км урт хурдны зам тавьж, бизнесийн төвүүд байгуулжээ.

Вьетнамд хүлээлгэж буй итгэл найдвар

2020 онд АСЕАН-ыг даргалж, 2021 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болж, 2018 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэх гэж буй Вьетнам улс АПЕК-2017-г амжилттай зохион байгуулсан нь “олон талт гадаад бодлогын чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон талт механизмыг бий болгоход идэвхтэй оролцох” талаар Вьетнамын Коммунист намын 12 дугаар их хурлаас дэвшүүлсэн чиг баримтлалыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болох юм.

Энэ онд болсон “Их 20”-ийн Дээд хэмжээний уулзалтад Вьетнам улсыг урьж оролцуулсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ бол бүс нутгийн хүрээнээс халисан хамтын ажиллагааны талаар Вьетнам улсын дэвшүүлж буй санал, санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, вьетнамчуудад итгэл хүлээлгэж байгаагийн нэгэн жишээ билээ.  

Б.Адъяахүү
 

Монгол брэнд