top banner

Орон нутгийн гэрээний сайн жишгийг нэвтрүүлэх шаардлагатай гэв


2017-11-14 14:51:18
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн салбараас орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг бол Орон нутгийн гэрээ юм. Тэгвэл уул уурхайн салбар болон нутгийн иргэд хооронд үүсэх маргаан зөрчлийг зохицуулах тус баримт бичгийн хэрэгжилт, сайн туршлага, сургамжийг тодорхойлох зорилгоор “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ -туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” судалгааг эрдэс баялгийн салбарт  явуулжээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Нээлттэй нийгэм форумтай хамтран явуулсан эл судалгаагаар 2006 оноос хойш хэрэгжиж ирсэн Орон нутгийн гэрээний эрх зүйн зохицуулалт, гэрээ байгуулж ирсэн туршлага болон давуу, сул талыг үнэлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын ба ашиглалтын  лиценз эзэмшигчид Орон нутгийн гэрээ байгуулах үүрэг хүлээдэг. Орон нутгийн гэрээг хамгийн сайн хийдэг туршлагатай орнуудын тоонд  Канад, Австрали багтдаг. Эдгээр улс орнуудад уул уурхайн компаниуд нутгийн уугуул иргэдтэй гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл дараа нь үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, орон нутагт өгөөжтэй байхад  уг гэрээ тусалдаг аж.

Харин манайд хийж буй орон нутгийн гэрээний хувьд уул уурхайн компаниуд зөвшөөрлөө аль болох хурдан авахын тулд тухайн нутгийнхны тавьсан шаардлагыг  шууд хүлээн авдаг бөгөөд хуулинд бүрэн нийцэж буй эсэхийг нягталж судалдаггүй байна.

Гэрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэм байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, бууруулах талаар тусгахаас гадна нутгийн иргэдийг ажиллуулах, хандив тусламжийг амлалт болгох жишиг  нийтлэг байгааг судлаачид дурдлаа. Улмаар орон нутгийн захиргааны уул уурхайн компаниудтай хэлэлцээний ширээнд сууж, тухайн нутгийн хөгжлийн асуудлыг үр дүнтэй, ил тод зарчмаар шийдэх чадавхийг дээшлүүлэх хэрэгтэйг мониторингийн судалгаа харуулжээ. Мөн судлаачид  уул уурхайн салбарын орлогын хуваарилалтын тогтолцоо болон орон нутгийн гэрээний уялдааг бодит тоон мэдээлэлд тулгуурлах шаардлагатайг зөвлөлөө.



Түүнчлэн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийн хүрээнд орон нутгийн гэрээ хийх шаардлагатай эрдэс баялгийн төслүүдийн тоог цөөлөх хэрэгтэй гэж үзжээ. Учир нь уул уурхайн олон компани ажиллаж буй сум, аймгийн тухайд бэрхшээлтэй олон асуудал үүсэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.  Тухайлбал нэг аймагт 40 компанитай гэрээ байгуулсан тохиолдол гарчээ. Тиймээс уул уурхайн төслүүдийг төслийн хэмжээ, үе шат, санхүүгийн урсгал зэрэгт үндэслэн эрэмбэ дарааллыг тогтоосны үндсэн дээр Ашигт малтмалын хуулийн хүрээнд загвар гэрээг хэрэгжүүлэх нь чухал төдийгүй орон нутагт үр өгөөжтэй болно гэдгийг салбарынхан тодотголоо.

Сайн туршлага нэвтрүүлсэн гэрээнүүдийг дээрх судалгаанд жишээ болгожээ. Тухайлбал тодорхой үүрэг амлалтуудаа цаг тухайд нь биелүүлсэн орон нутгийн гэрээгээр Петрочайна компани Дорнод аймгийн Матад сумын нутгийн иргэд хооронд байгуулсан гэрээг нэрлэжээ. Тодруулбал тус сумын жижиг дунд бизнес эрхлэгчид болон малчид дээрх компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх давуу эрх эдэлдэг гээд олон боломжуудыг олгосон байна.

Орон нутгийн гэрээний сайн жишиг нь олон нийттэй зөвлөлдөх, ил тод байдлыг хангах, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх юм хэмээн албаныхан тодотголоо. 
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд