top banner

Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав


2017-11-14 15:00:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.

Турк Улстай хөгжүүлж буй харилцаа эдүгээ иж бүрэн түншлэлийн түвшинд үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. Монгол, Туркийн харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжиж байгааг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын чухлыг тэрээр онцлов. Сайд Д.Цогтбаатар хоёр талын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих уулзалтыг зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив.
 
 Элчин сайд А.Язал Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжийн талаарх танилцуулгыг бэлтгэж, Туркийн худалдааны танхимуудаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаараа мэдээлэв. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн төдийлөн танигдаагүй боломжийг Туркийн бизнес эрхлэгчдэд нээх, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах зорилготой болохыг Элчин сайд дурдав.  
 
Сайд Д.Цогтбаатар хоёр орны хамтын ажиллагааны амьд гүүр болсон Турк Улсад төгсөгчдийг боловсрол, мэдлэг эзэмшихэд Турк Улс нөр их туслалцаа үзүүлж байгаад талархлаа илэрхийлээд цаашид эдгээр боловсон хүчний мэдлэг, чадварт тулгуурлан харилцааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Элчин сайд А.Язал Турк Улсад суралцаж буй Монгол оюутнууд маш амжилттай суралцдагийн сацуу сурлага, хэлний мэдлэгээрээ бусад гадаад оюутнуудаас илүү байдгийг онцлов. Түүнчлэн ирэх жилээс Туркийн Засгийн газраас олгож буй тэтгэлгийн тоонд тавьж буй хязгаарыг үгүй болгох саналыг холбогдох байгууллагад уламжилсан тухай мэдээлэв.

Монгол брэнд