top banner

Пёнчаны олимпийн үеэр гал зогсоохыг дэлхий дахинд уриаллаа


2017-11-15 10:42:52
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын үеэр гал зогсоохыг бүх улс оронд уриалсан агуулга бүхий тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, “Спорт ба олимпийн үзэл санаан дор нэгдэн энх тайван бөгөөд сайн сайхан дэлхий ертөнцийг бий болгох нь” нэртэй тогтоолын төслийг Өмнөд Солонгос, Япон болон АНУ тэргүүтэй 70 гаруй улс орны төлөөлөгчид санаачлан боловсруулсан аж.

Мягмар гарагт буюу өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан уг тогтоолд “Ирэх оны хоёрдугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимп эхлэхээс 7 хоногийн өмнөөс эхлэн гуравдугаар сарын 18-нд паралимп дууссанаас хойш 7 хоног өнгөртөл сөргөлдөж, дайтаж байлдахаа аль болох тэвчиж, эв эеийг эрхэмлэхийг НҮБ-ын бүх гишүүн улс оронд уриалж байна” гэжээ. Мөн уг тогтоолд “Пёнчаны олимпийн наадам бол Солонгосын хойг ба Зүүн Хойд Азид энх тайван байдлыг хөхиүлэн дэмжих боломж юм” гэсэн байна.

НҮБ олимпийн өлгий нутаг гэгддэг эртний Грекийн уламжлалыг даган 1993 оноос эхлэн бүх олимпийн наадмын өмнө дээрхтэй адил тогтоолыг баталдаг болжээ.

Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч, олимпийн аварга Ким Юна нь “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын сайн санааны элч юм.


Тэрбээр өчигдөр Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Пёнчаны олимп дэлхий дахинд энх тайван байдлыг цогцлоож, эв нэгдлийн түүчээ болно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Г.Доржханд

Монгол брэнд